Ерөнхий сайдын хүүгийн тансаглал олон нийтийг бухимдуулж, орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” нэртэй жагсаал цуглаан өнгөрсөн долоо хоногоос өрнөлөө. Жагсагчдын хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийг огцруулах амархан санагдаж байгаа ч яг хөрсөн дээрээ эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүнийг унагана гэдэг тийм ч амар ажил биш. Яагаад гэвэл түүнийг явуулах гэхээс илүүтэй дараагийн сонгууль хүртэл байлгах сонирхол олон талд байгаа. Чухам ямар ашиг сонирхлууд огтлолцож буйг одоо тайлбарлая.
Юуны түрүүнд МАН дотооддоо тун ч эв нэгдэлтэй байгаа. Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын сургаар Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал нар дараагийн Ерөнхий сайд болохоор зэхэж, шинэ танхимаа хэрхэн бүрдүүлэх талаар ч ярьж эхэлсэн гэх мэт цуу үг цухалзсан. Басхүү, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийг унагах акцыг зохион байгуулж байгаа гэж ч чиглүүлж үзэв. Гэвч энэ бүхэн үндэслэл муутай хардлага. Эдний зарим нь засгийн тэргүүн болох мөрөөдөлтэй ч яг одоогийн нөхцөлд иймдээ тултал бужигнуулах зорилго ч байхгүй, зориг нь ч хүрэхгүй. Эдийн засаг эвгүйтэж, орлого тасалдах эрсдэл үүссэн ийм таагүй үед түр зуурын эрх мэдлийн төлөө өөр дээрээ гал дуудах гэнэн хонгор тэдэн дунд байхгүй. Үүний оронд ачаа үүрснээ хүрэх ёстой газар нь хүртэл явуулаад хажуугаар нь зүгээр аахилаад гүйж байвал ашигтай. Тэгээд ч гаднаас шалтгаалсан хүчинд автчихгүй л бол дотроосоо донслуулахгүй шүү гэдэг дээр тэд яг таг тохирчихсон байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаа МАН талаас хэрэгжихэд амаргүй гэсэн үг. Хэрэв энэ намд өчүүхэн төдий ан цав байсан бол аль эрт засгаа хөнтрөөд замаа өөрчлөх шалтаг бишгүй гарсан. Гэвч тэгээгүйд их учир бий.
Бусад нам огцруулах амаргүй
Мөн парламентад нэгэнт сөрөг хүчний орон зай байхгүйтэй адил болсон. АН, ХҮН нам хоёр МАН-ын өвөрт ороод зогсохгүй албан тушаалын бялуунаас тултал хүртсэн учраас хамтарсан засгаа унагах талаар ам ангайж чадахгүй. Хэрэвзээ засаг унахдаа тулж, шинээр эмхлэн бүрдүүлэх асуудал үүсвэл АН, ХҮН хоёрын алийг ч тоохгүй хөсөр хаях эрсдэл өндөр учраас тэд туйлын болгоомжтой хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд засгаар оролдохыг нүгэл гэж үзэх хэмжээнд очсон. Ялангуяа, ХҮН намын даргын хувьд Ерөнхий сайдад хир халдаахгүй, аль болох өмөөрч өмөлзөж, алхам тутамдаа магтан дуулж байгаа билээ. Харин Л.Гантөмөр тоглоомын гадна үлдэгсэд болоод нам доторх фракц жигүүр бүрийн төлөөллийг төрийн өмчит томоохон компаниудын менежер зэрэг албан тушаалд шургуулах замаар хана хэрмээ зузаатгасан. Ингэснээр АН дотор намын даргаа ч, хамтарсан засгийг ч эсэргүүцэх хүч илэрхий сулраад байгаа.
Парламентад суудалтай Үндэсний эвсэл, ИЗНН-ын тухайд юун засаг огцруулах хэмжээний улс төр хийх манатай байгаа. Тухайлбал, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд стартегийн ордуудын хувь эзэмшлийн асуудлаар Засгийн газартай чухал хэлцэл хийж буй учраас улс төрийн тавцанд хамаа намаагүй нүүдэл хийж, хааш яйш ярьж болохгүй. Ашиг сонирхлын тэнцвэрийг хангахын тулд алгуур болгоомжтой хандаж байгаа.
УИХ-д суудалгүй намууд дунд ч олон нийтийн эрх ашгийг хамгаалаад олигтой тэмцэл өрнүүлчих чадалтай нь алга. Сонгууль болон сонгуулийн бус үед цахим орчинд идэвхтэй байдаг Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар мэт нь Ерөнхий сайдын хөлсний бичээч болчихсон. Тэмээ гэхээр ямаа гэгчээр “Оюун-Эрдэнийг орлогоо нотол” гэхээр “Олигархуудтай тэмцэж байгаа Ерөнхий сайдаа хамгаалъя. УИХ-ыг тараая” гэж хадуурна. Улайм цайм хамгаална. Уйлах нь холгүй өмөөрнө. Тэгэхээр бусад намууд түүнийг огцруулна гэдэг амаргүй болж.
Аливаа албан тушаалаас огцорно гэдэг зарим үед шийтгэл бус, шагнал болох нь ч бий. Харин сүүлийн гурван ч удаагийн сонгуулиар нам нь үнэмлэхүй ялж, дөрвөн жил тасралтгүй Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд сайн дураараа ажлаа өгөхөд амаргүй болсон. Яагаад гэвэл тэр энэ хугацаанд бүхэл бүтэн систем угсарч, уг системийнхээ уяа оосор бүрт орооцолдож хүлэгдсэн болохоор тийм амархан явчих боломжгүй. Ковидын хуулиас эхлээд 10 их наядын хөтөлбөр, улсын болон хотын үрэлгэн төсөв, 14 мега төсөл гээд үлэмж хэмжээний мөнгөтэй холбоотой учраас энэ хүн эрх мэдэл, албан тушаалаас тийм амархан холдох, эргээд ямар нэг хариуцлагад унахгүй цэвэр үлдэх боломж байхгүй. Ерөнхий сайдаас буугаа л бол есөн шидийн асуудалд ороогдох нь ойлгомжтой. Өөрөө чимээгүй байх гэж хичээвч өрөөл бусад нь чирэх аюул бий. Гэр бүл үр хүүхэд, ах дүү амраг садандаа олгосон давуу байдал, нам бүлэглэл, найз нөхдөдөө бий болгосон ашиг сонирхлыг зөрчлүүд илэрнэ. Дээр нь дөнгөж 45-тай залуу улс төрийн карьераа ингээд дуусгана гэдэг дэндүү харамсалтай. Тийм болохоор л тэр гүйцэтгэх засаглалын тэргүүн гэх энэ том эрх мэдлээс сайн дураар татгалзана гэдэг нэн амаргүй болсон хэрэг.
Хэрэв Л.Оюун-Эрдэнэ ашиг сонирхлын өчүүхэн ч зөрчилгүйгээр зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө нэр мөр цэвэр зүтгэж байсан бол аль эрт огцорчих байсан. Монголын төр итгэсэн зүтгэсэндээ халтай, идсэн уусанд ээлтэй байдаг хойно тэр ийм “амь бөх” байгаа юм.
Жагсаал цуглаан идэвхжиж, Ерөнхий сайдтай холбоотой шинэ факт нэмэгдэж байгаа ч уламжлалт болон шинэ арга технологиор энэ бүхнийг хялбархан сааруулж сарниулах нь тодорхой. Жишээ нь, иргэдийн тэмцлийг ардаа аль нэг нам хүчин, компани байгууллагын санхүүжилттэй болгож харагдуулах ажлыг сурамгай хийдэг болсон. Энэ удаад ч “Огцрох амархан” жагсаалыг Ж.Оджаргал захирал, Эм Си Эс групп, нөгөө л Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарт холбож наах ажиллагаа хүчтэй явж байна. Хэвлэл, сошиалаар тасралтгүй ийм акц хийгээд ирэхээр иргэдийн итгэл үнэмшил хоёрдож эхэлдэг. Үүнээс гадна үймүүлэгчдийг ч зогсоо зайгүй шургуулна. Үндсэн агуулга, зорилгыг нь гуйвуулна.
Дээр нь бас төв талбайд болж өгвөл зай чөлөө өгөхгүй. Аль эртнээс асар майхан барьж, идээ будаа, дуу хуур таслахгүй байгаа нь олныг хамарсан жагсаал цуглаанаас л болгоомжилж буй хэрэг. Мөн ямар ч чухал сэдэв асуудлыг алиа хошин маазрал болгох, арай дөнгүүр дуугарч буй залуусыг цагдаа цэргээр айлгаж сүрдүүлж, зүрх зоригыг нь мохоох зэргээр янз бүрийн арга хэрэглэж ирсэн учраас улс төрийн тэмцэлд иргэдийн идэвх оролцоо буурсан. Дотроо асч бухимдаж байлаа ч дээр дурдсан олон хүчин зүйлийн нөлөөгөөр шууд гүйгээд гарах нь цөөрч байна. Эдгээр нь иргэдийн тэмцэл богино хугацаанд үр дүнд хүрэх амаргүй болсны тод илрэл.
Нөгөөтэйгүүр, массыг чиглүүлэх манипуляци хийж гаршсан Женко фракцынхан Л.Оюун-Эрдэнийг хамгаалах байр суурин дээр байгаад зогсохгүй “Монголчууд баялагтаа эзэн болохын даваан дээр Ерөнхий сайдыг унагах гэж байна. Тэр унавал Баялгийн сангаас хувь хүртэх асуудал бас утаа болно” гэх агуулга, мессежийг цахим орчинд тасралтгүй шүршиж буй. Тиймээс орлого нимгэн иргэд одоо ба ирээдүйг бодож, нээрээ юу билээ гэж зогтусах нь аргагүй.
Энэ бүхнийг нэгтгээд харвал эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах одоохондоо тийм ч амаргүй байх бололтой.