У.Хүрэлсүхийн улстөрчийн карьер нь таазанд тулчихаад буух мөчөө тоолж буй. Учир нь, Монгол Улсын төрийн тэргүүн бол Ерөнхийлөгч. Үүнээс дээд албан тушаал гэж байхгүй. Тиймээс 2027 оны долдугаар сарын 11-нд тэрээр жирийн иргэний хувиар улсын наадам үзэхээс өөр сонголтгүй. Гэвч улстөрчийн хувьд ч, анагаах ухаан талаасаа ч 57 нас гэдэг ид нас.
1990 оны Ардчилсан хувьсгалын нэг эффект нь олон хүн хар залуугаараа улс төрийн карьераа эхлүүлж, яагаа ч үгүй төрийн өндөр албан тушаалд хүрцгээсэн. С.Баярцогт л гэхэд 20 гаруйхан насандаа депутат, 30 эргэм насандаа төрийн сайд хийгээд үзчихсэн. Одоо Ерөнхий сайдын ёжилж хэлснээр Ж.Баярмаагийн дүрээр эргэн ирэлт хийх гэж зовж буй. Ч.Сайханбилэг бас яагаа ч үгүй Ерөнхий сайдын карьер хийчихээд улс төрөөс арчигдсан. У.Хүрэлсүх ч ялгаагүй 36-хан насандаа Онцгой байдлын сайд болж байсан хүн. Бид энэ хэдийгээ олон жил харсаар үе нь өнгөрсөн мэт мэдрэмж аваад байгаа юм. Түүнээс 79-тэй Трамп дэлхийг бужигнуулж, 73-тай Путин улс төрийн буг болоод байж л байна. Үүний хажууд У.Хүрэлсүхийн улстөрчийн нас нь цэл залуугаараа. Тиймээс энэ үедээ улс төрийг орхих нь эр хүн дунд насны хямралаа давахаас хэцүү байгаа нь ойлгомжтой.
Одоо түүнд улс төрийн хүсэл тачаалаа тэвчиж, дараа дараагийн Ерөнхийлөгч нарт жишиг болж үлдэхүйц үлгэр дуурайлал үзүүлж, эрх мэдэл улс төрөөс салж тэтгэвэрт гарах, эсхүл “Дарангуйлагч” болох хоёрхон л зам үлдсэн. Харамсалтай нь, тэр хоёр дахь замыг сонгож буй бололтой. Гэхдээ арай ч Х.Баттулга шиг Ерөнхийлөгчөөс буучихаад чуулгандаа суулгүй ээждээ зэмлүүлж суудаг УИХ-ын гишүүн болж доошоо орохгүй юм шиг байна. Түүний төлөвлөгөө илүү хорон, илүү коммунист дарангуйлагчийг төрүүлэх шинжтэй.
А төлөвлөгөөгөөр бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн төслийг сөрөг хүчнээр өргөн бариулна. Ингэснээр тоглоомын дүрэм шинэчлэгдэж, хуучин шинэ бүгд нэг гараанаас гарах эрх нь нээгдэнэ. Наана нь Төгрөг нуурын ордын хэргээр Х.Баттулгад ял зүүж өгнө. Гол өрсөлдөгчөө гараан дээр нь гинжилснээр У.Хүрэлсүх хөнгөхөн шогшсоор барианд орно. Үүний шанд Н.Учрал Ерөнхий сайд болно. Ерөнхийдөө А төлөвлөгөө бол байдаг л нэг улс төр.
Харин Б төлөвлөгөө нь үнэхээр хорон. Улс төрийн утгаараа Монгол Улс 1990 оноос өмнөх үе рүүгээ ухарч, нам төвтэй коммунист системд орно гэсэн үг. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албаа нэр төртэйгөөр өгч, алга ташуулан үдүүлнэ. Ард түмэн түүнийг улам их хайрлана. Анд нөхөд нь эргэн улстөрд ирээч гэж гуйна. Я.Содбаатар, Г.Занданшатар, Ж.Энхбаяр мэтийн түүнгүй бол хэн ч биш болох улстөрчид уухайлан дэмжинэ. У.Хүрэлсүх тэдний нэгийг залгамжлагчаараа зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ. Үүний тулд эхлээд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулж, дараа нь намын дарга Ерөнхий сайд байх намын дүрмийг урвуу хэлбэрээр ашиглаж, намаа бүлэглэлийнхээ эрхшээлд авна. Ингээд Ерөнхийлөгчөөр өөрийн хүнийг дэвшүүлж, сөрөг хүчнээс Лу.Гантөмөр мэтийн хямдхан “хоол” захиалж идүүлнэ. Өөрийн хүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгосны дараа У.Хүрэлсүх ард түмний хүсэл, анд нөхдийн хүчтэй ятгалгад автан аргагүйн эрхэнд Ардын намын даргаар сонгогдоно. Арай ч С.Баяр шиг намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэж нохойтохгүй байх. Гэхдээ тэр зүгээр ч нэг сул намын дарга хийхгүй. Хуучны Намын төв хороорхуу бүтэц байгуулж, Улс төрийн товчооны гишүүнээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг элсүүлнэ. Өөрөө Намын төв хороо, Улс төрийн товчооныхоо дарга болно. Ийнхүү намын хөнжилдөө төрийн өндөрлүүдийг чихэж аваад хөшигний араас засаглаж эхэлнэ.
1990 оноос өмнөх МАН-ын төв хороо, Улс төрийн товчоо бол Сайд нарын зөвлөл буюу Засгийн газраас том байгууллага. У.Хүрэлсүх бол хуучнаар “Цэргийн дээд”-ийг улс төрийн ухуулагчаар төгсөж, улс төрийн орлогчоор ажлын гараагаа тавьсан ясны коммунист. Тийм учраас МАН-ын түүхэн уламжлалыг үргэлжлүүлж, намыг төрийн дээр гаргаж захирах гэсэн коммунист санаархал гаргахад нэг их гайхаад байх юм алга. Уг нь тэр улс төрийн карьерынхаа оргилыг тултал нь хийсэн шигээ цэргийн хүний карьераа үргэлжлүүлж хурандаагаас генерал, бүр маршал ч болох боломжтой юмсан…