Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Австралийн Мельбурны их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авч чадсан XI ангийн сурагч Д.Ариунсувдыг онцолж байна

Австралийн Мельбурны их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авч чадсан XI ангийн сурагч Д.Ариунсувдыг онцолж байна
Нийтэлсэн 10 минутын өмнө
Налайх дүүргийн 119-р сургуулийн 11-1 ангийн сурагч Д.Ариунсувд Австралийн Мельбурны их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн. Мельбурны их сургууль дэлхийд 16-д, Австралийн хамгийн шилдэг сургуульд эрэмбэлэгддэг. Ингээд Д.Ариунсувдтай тэтгэлэгт тэнцсэн түүх, цаашдын зорилгын талаар ярилцсанаа хүргэе.
-Юун түрүүнд дэлхийн томоохон их сургуульд тэтгэлэгтэй тэнцсэнд баяр хүргэе. Тэтгэлэгт хамрагдахын тулд мэдээж гэрийнхэн нь маш их тусалж дэмжсэн байх?
-Баярлалаа. Тэнцсэн гэдэг мэдээлэл шөнө ирсэн болохоор хэчнээн баярласан ч тухайн үедээ гэрийнхэндээ шууд хэлж чадаагүй унтсан. Өглөө нь аав, ээждээ хэлэхэд маш их баярласан. Манай аав, ээж намайг бүх зүйл дээр дэмждэг. Болохгүй зүйл байвал бүгдийг нь хэлдэг. Намайг сургалтад суумаар байна гэхэд дандаа дэмжиж зохицуулдаг. Би айлын том, хоёр дүүтэй. Дүү нартаа шинэ боломж нээж өгч чадсан гэж бодож байна. Мельбурны их сургууль руу өөрийн чадах хэмжээгээр өргөдлөө бэлдээд явуулсан ч жаахан итгэлгүй байсан. Гэтэл тэнцсэн байсан. Тэтгэлэгтээ тэнцээд маш их баярласан. ЕБС-аа төгсөөд шууд их сургуульдаа сурна. Одоогоор ЕБС-аа төгсөөгүй байгаа болохоор Мельбурны их сургуулиар зогсохгүй, өөр сургуулиуд руу өргөдлөө илгээж үзнэ. Дахиад өөр сургуульд өндөр тэтгэлэг авбал тухайн сургууль руугаа явна гэж бодож байна.
-Тэтгэлэгт хамрагдахын тулд хэр хугацаанд бэлдсэн бэ. Бэлдэхдээ ямар арга техник ашигласан бэ?
-Тэтгэлэгт хамрагдахын тулд жилийн өмнөөс бэлдсэн. Миний сонгосон мэргэжлээр бэлддэг их сургууль Монголд ховор байдаг. Тиймээс гадаадад суръя гээд судлаад 20 сургууль руу өргөдлөө явуулсан. Ер нь ямар сургууль миний сонгосон мэргэжлээр дэлхийд эрэлттэй байна гэдгийг голчлон анхаарсан. Үүний үр дүнд Мельбурны их сургуулиас төсөөлөөгүй тэтгэлэг авсан. Ер нь SAT, IELTS-д бэлдэж байгаа болохоор англи хэлний сургалтад идэвхтэй сууж байна. Үүнийхээ хажуугаар тэтгэлэгтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл судалдаг. Мөн олон төрлийн мэдлэг олгох сургалтуудад суудаг.
-Мэргэжлийнхээ дагуу сургуулиудад өргөдөл явуулсан гэлээ. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Одон орон судлал, агаарын хөлгийн инженер гэдэг мэргэжил сонгосон. Анх бол эмч болно гэж боддог байсан. Судлаад үзэхэд эмч миний мэргэжил биш, өөрийгөө илүү нээх ёстой юм байна гэж ойлгосон. Түүний дараагаар физикийн хичээлдээ сайн болохоор инженер болъё гээд судалсан. Агаарын хөлгийн инженер мэргэжил яг л миний хүссэн зүйл байсан болохоор сонгосон.
-Мэргэжлээрээ сурч төгсөөд эх орондоо юу хийж бүтээхийг хүсдэг вэ?
-Одон орон талаасаа бол шинэ гараг нээхийг хүсдэг. Агаарын хөлгийн инженер талаасаа бол ядаж л ганцхан нисэх онгоцны буудалтай байлгахгүй. Тусгаар улс ганцхан нисэх онгоцны буудалтай байна гэдэг ховор зүйл. Манай улс хүн амын тоо багатай болохоор ганцхан олон улсын нисэх онгоцны буудалтай байна гэдэг боломжийнх л гэх байх. Гэхдээ Монгол Улс маш олон байгалийн үзэсгэлэнт газруудтай учраас аялагч олноороо ирнэ. Тэр үед ганцхан нисэх онгоцны буудал ачааллаа дийлэхгүй. Тэгэхээр бидэнд илүү хүчин чадал хэрэгтэй. Үүнд сургуулиа төгсөөд тусалж чадна гэж бодож байна.
-Тэтгэлэгт хамрагдахын тулд ямар саад бэрхшээлтэй тулгарсан бэ. Түүнийгээ хэрхэн даван гарав?
-Манай сургууль хувийн сургууль биш болохоор тэтгэлэгт хамрагдахын тулд хувь хүнээс нэлээд их зүйл шаардагддаг. Ер нь орчуулга л хүнд байсан. Улсын сургууль болохоор багш нар хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй. Багш нар чадахаараа тусалдаг ч хувийн сургуулийн хүүхдүүдээс илүү өөрөө хичээх хэрэгтэй болдог. Төгсөх анги биш болохоор надаас нийт 6-8 эсээ шаардсан. Эсээ нь хамгийн багадаа 600 үгтэй байсан. Эсээ бичихийн тулд миний түвшинд шууд англиар бичиж чадахгүй. Иймээс монгол хэл дээрээ бичиж байгаад бүгдийг нь өөрөө сууж нухаж орчуулсан. Түүний дараагаар дахин сайжруулах байдлаар эсээнүүдээ бичсэн.
quote photo
Нэг суусан бол дуусгаад л босдог. Энэ миний давуу тал байх. Манай сургалт хотын төвд болохоор гэрээс нэлээд хол. Түгжрэлтэй байвал нэг талдаа л бараг хоёр цаг явдаг. Тэгэхээр сургалтын номын сандаа сургалтынхаа даалгаврыг хийгээд дуусгадаг. Гэртээ очоод хичээлийнхээ даалгавруудыг хийдэг.
Д.Ариунсувд

-Ямар төрлийн эсээнүүд бичсэн бэ. Нууц биш бол эсээнийхээ агуулгаас сонирхуулж болох уу?
-Хамгийн эхэнд хувь хүнийг тодорхойлсон эсээ бичсэн. Ингэхдээ нэхмэл утсыг хүний амьдралтай холбож бичиж байсан. Хүний амьдрал ямар үнэ цэнтэй билээ. Тийм болохоор хүн хүссэн зүйлээ хийж амьдрах ёстой. Хором мөч бүрийг үнэ цэнтэй өнгөрөөх ёстой гэдэг талтай холбосон.
Дараагаар нь яагаад мэргэжлээ сонгосон, гэр бүлийн танилцуулга, улсынхаа нөхцөл байдал, мэргэжлээрээ төгсөөд эх орондоо юу хийж чадах вэ гэдэг талаар эсээг бичсэн. Мөн манай багш намайг тодорхойлох эсээ бичиж өгсөн.
-Тэтгэлэгт бэлдэх явцдаа шантарч байсан уу?
-Ерөөсөө шантарч байгаагүй. Угаасаа эхлүүлээд дунд нь ирсэн байхад шантраад яах вэ гэж боддог. Надаас миний хөдөлмөр л унана. Намайг ойлгодог, бүх талаар дэмждэг гэр бүл, багш нар байна.
-Ер нь багаасаа онц сурдаг байсан уу?
-Алтан дунджаа л барьдаг. Сайн хичээлүүддээ нэлээд сайн. Муу хичээл гэж байхгүй.
-Хичээлээ хийхдээ ашигладаг арга барил байдаг уу?
-Нэг суусан бол дуусгаад л босдог. Энэ миний давуу тал байх. Манай сургалт хотын төвд болохоор гэрээс нэлээд хол. Түгжрэлтэй байвал нэг талдаа л бараг хоёр цаг явдаг. Тэгэхээр сургалтын номын сандаа сургалтынхаа даалгаврыг хийгээд дуусгадаг. Гэртээ очоод хичээлийнхээ даалгавруудыг хийдэг. Нэг суухдаа 5-6 цаг суусан байх ч тохиолдол бий. Ачааллаасаа шалтгаална. Нэг л мэдэхэд шөнө болоод бараг үүр цайж байдаг.
-Энэхүү ярилцлагаар дамжуулан талархал илэрхийлэхийг хүсэж буй хүн бий юү?
-Бүх талаар дэмждэг ээж, аав, багш нартаа бүгдэд нь баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна.
-Тэтгэлэгт бэлдэхийн тулд хичээж байгаа хүүхдүүдэд хандаж үг хэлэхгүй юү?
-Битгийн шантраарай. Бүх хүүхэд хүссэн сургуульдаа гадаадад сурч тэтгэлэг авахыг мөрөөдөж байгаа. Шантрах жижигхэн зүйлүүд байна. Тэр үед чиний хажууд чамайг дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш нар гээд таньдаг бүх хүмүүс чинь байгаа. Хэдийгээр тэтгэлэг аваагүй байсан ч чамд зөндөө боломж бий. ЕБС-аа төгсөөд завсар жил аваад тэтгэлэгт хамрагдах боломж ч байна. Эртнээс л эхлээрэй. ЕБС-ийн 9, 10 дугаар анги байсан ч хамаагүй. Би өөрийгөө их оройтож эхэлсэн гэж бодоод байна. Магадгүй есдүгээр ангиасаа эхэлсэн бол олон сургуулиас тэтгэлэг авсан ч байх магадлалтай. Тиймээс эрт эхэл. Өглөөний цайгаа байнга идэж, уу. Эрт унт. Хүний нойр сайн байвал тархи сайн ажиллана. Эсээгээ жишээлбэл дутуу нойртой бичвэл гаргах гэж байсан санаагаа бүрэн гаргаж чадахгүй.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн