Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Миний хүү бөгж авч, сүй тавьсан байна. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгжөө ч хураалгах хуультай болно

Л.Оюун-Эрдэнэ: Миний хүү бөгж авч, сүй тавьсан байна. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгжөө ч хураалгах хуультай болно
Нийтэлсэн 7 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай Тэмүүлэнгийн хэрэглээ, найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг, цүнх олны анхааралд орж, орлогоо нотлохыг шаардсан. Тиймээс залуус "Огцрох амархан" тайван жагсаалыг зохион байгуулаад цөөнгүй хоног болж байгаа.
Мөн Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж, олон хоног өнгөрсөн ч өнөөдөр хэвлэлд тайлбар өгчээ. Тэрээр "Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд миний гэр бүлтэй холбоотой асуудал үүссэн. Би ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн. Миний хувьд найз охиных нь гэр бүл, аав, ээжтэй нь уулзаж, танилцаагүй байна. Хүнд хайр сэтгэлтэй болж бөгж бэлгэлсэн нь үнэн байна. Би хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн шүүмжилж байгаа асуудал зөв. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой. Орлогоо нотлох ёстой. Манай хүү "хүнтэй сүй тавих гэж байгаа. Мөнгө хэрэгтэй байна" гэдэг зүйл яриагүй. Миний завгүй явсан сул талтай ч холбоотой байж магадгүй.
Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Орлогоо нотлох ёстой гэсэн зүйлийг хэлсэн. Анх удаа манай гэр бүлийн талаар мэдээлэл том хүүгийн минь талаар мэдээлэл гарлаа. Манай хүү аялах дуртай, студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой. Херотой хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Херо интертайментын 50 хувь, Хүлэг контент компани эзэмшдэг. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Олон нийтийг талцуулах үйл явдал болсонд уучлал гуйж байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн орлого, хэрэглээ бүх зүйл бүртгэгдээд, нотлож чадахгүй бол улсын орлого болох хуулийг батлах гэж байгаа. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Бусад мөнгөний тухайд хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон. Би хүүдээ итгэж байгаа. Намайг янз бүрээр л хэлдэг. "Данх" гэж ч дууддаг. Тиймээс миний хувьд бүх зүйл дээр болгоомжтой, хүлээцтэй хандаж ирсэн. Манай гэр бүлийн хувьд ч түүнийг харж авах шиг боллоо. Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Гэтэл үүнд хүмүүс анхаарсангүй. Нийгэмд болж байгаа үймээнд анхаарах шиг боллоо. Энэ төслийн тухайд ч бусад төслийн тухайд ч Монгол Улсын төр тогтвортой байх уу гэдэг дээр хөрөнгө оруулагчид нэлээд эргэлзэж байна.
Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Орлогоо нотлоод, шалгуулахад бэлэн" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн