Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Энэтхэгийн төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцжээ

Энэтхэгийн төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Энэтхэгийн Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Дорноговь аймагт Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамаар санхүүжин баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Энэтхэг Улсын Гадаад Хэргийн Яамны Тусгай Нарийн Бичгийн Дарга бөгөөд Санхүүгийн Зөвлөх ноён Анураг Агарвал тэргүүтэй зочид байсан. Тухайлбал, Энэтхэгийн Гадаад Хэргийн Яам, Сангийн яам, Газрын тос, байгалийн хийн яамны удирдах албан тушаалтнууд, Инженерс Индиа Лимитед компанийн ТУЗ-ийн Дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал, Экспорт Импортын банкны Гүйцэтгэх Захирал зэрэг бүрэлдэхүүнтэй айлчилжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Энэтхэгийн Засгийн газрын зээлийн шугамаар хэрэгжиж буй хамгийн том төсөл юм. Энэхүү айлчлал нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулахад Энэтхэгийн Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Энэтхэг-Монголын найрамдлын тод жишээ болох юм.
Төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр бүтээн байгуулалтын явцтай танилцжээ. "Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Доктор Д.Алтанцэцэг, барилгын компаниудын удирдлага болон Инженерс Индиа Лимитед мөн “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн компанийн инженерүүдтэй хянан хэлэлцэх уулзалт хийв. Төлөөлөгчдийн зүгээс төслийг 2027 оны эцэст ашиглалтад оруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг зөвлөлөө. Төслийн эхний багц ажлууд буюу EPC-I хэдийнээ дуусаж, ашиглалтад орсонд сэтгэл хангалуун байгаагаа тэд илэрхийлэв. Мөн Төлөөлөгчид Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг хүлээн авч уулзлаа.
Түүнчлэн, 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Төлөөлөгчид Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нартай Төрийн ордонд уулзлаа. Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцлээ. Талууд төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахад хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов.
Мөн Төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн Бичгийн Дарга А.Бямбажаргалтай Төрийн ордонд уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Нарийн Бичгийн Дарга А.Бямбажаргал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хугацаанд нь дуусгахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Үргэлжлүүлэн тус өдөр Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад Бодлогын Зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн Бодлогын Зөвлөх Б.Даваадалай нартай уулзаж, ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцлээ.
Монголын тал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд БНЭУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Энэтхэгийн тал энэхүү айлчлалын үеэр төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн