Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог журмыг Трамп зогсоож чадах уу

АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог журмыг Трамп зогсоож чадах уу
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Дональд Трампын засаг захиргаанаас гаргасан АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгодог журмыг цуцлах захирамжийн талаар Дээд шүүх хэлэлцжээ. 
Захирамжийг хэд хэдэн холбооны шүүх зогсоосон бөгөөд Трампын захиргаа үүнийг хүчингүй болгуулахаар Дээд шүүхэд хандсан. Гэвч шүүхийн консерватив гишүүд үндсэн асуудлыг хэлэлцэхээс илүүтэй доод шатны шүүхүүдийн “универсал хориг” тавих эрхийг хязгаарлахад анхаарч байгаа аж.
Либерал шүүгчид тус захирамжийг Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлтийг зөрчиж байгааг онцолж, олон арван жилийн шүүхийн болон төрийн практикийг үгүйсгэж байна гэж шүүмжилжээ. Харин зарим шүүгч энэ асуудлыг бүрэн судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр шийдэх хэрэгтэй хэмээн болгоомжилж байна.
Хэрвээ Трампын захирамж хэрэгжвэл жил бүр АНУ-д шинээр төрсөн 150,000 гаруй хүүхэд иргэншилгүй болох юм.
14 дүгээр нэмэлт нь АНУ-д төрсөн хүн бүрийг иргэн гэж тооцдог бөгөөд энэ зарчим 1868 оноос хойш хүчинтэй байгаа юм. Трампын засаг захиргаа энэхүү заалт нь АНУ-д хууль бусаар оршин суугаа цагаачид эсвэл түр хугацааны хууль ёсны байр суурьтай хүмүүс (жишээ нь оюутнууд, ажиллах визтэй хүмүүс)–д хамаарахгүй гэж маргаж байна.
Энэ хэргийг онцгой болгож буй нэг зүйл нь Трампын засаг захиргаа Дээд шүүхэд хандан холбооны шүүгчид универсал хориг тавих эрхгүй гэж маргаж, үүнийгээ хууль зүйн үндэслэл хэлэлцэхгүйгээр батлахыг шүүхээс хүсэж байгаад оршино.
АНУ дахь хууль бус цагаачид ба тэдний хүүхдүүд
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны 2022 оны нэгдүгээр сарын тооцоогоор тус улсад хууль бусаар оршин суугаа ойролцоогоор 11 сая цагаач байна. Зарим шинжээч энэ тоог 13-14 сая хүрсэн гэж үздэг. Эдгээр хүмүүсийн АНУ-д төрсөн хүүхдүүдийг төрийн байгууллагууд АНУ-ын иргэн гэж тооцдог.
Трампын захиргааны тушаалд юу гэсэн байв
Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа эргэн ирэхдээ захиргааны тушаал гаргаж, аль нэг эцэг эх нь АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны оршин суугч биш бол тухайн АНУ-д төрсөн хүүхдийг иргэнээр бүртгэхгүй байхыг холбооны агентлагуудад даалгасан.
Түүний хууль бус цагаачлалын эсрэг хатуу бодлого хамгийн их дэмжлэг хүлээсэн бөгөөд тэрээр “төрөх аялал” буюу гадаад эмэгтэйчүүд АНУ-д ирж хүүхдээ төрүүлэх замаар иргэншил олж авах явдлыг эсэргүүцдэг.
Трамп дээд шүүхэд юу мэдүүлсэн бэ?
Трампын захиргааны тушаал Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр гурван холбооны дүүргийн шүүхээс улсын хэмжээнд хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон.
Трампын засаг захиргаа Дээд шүүхэд хандан:
  • Доод шүүхийн улс даяар үйлчлэх шийдвэрийг зөвхөн хэрэг гаргасан этгээдүүдэд хязгаарлахыг хүссэн. Үүнд хэд хэдэн байгууллага, хувь хүн, 22 муж улс, Вашингтон хот болон Сан Франциско багтсан.
  • Шүүгчид улс даяар хүчинтэй шийдвэр гаргах эрхгүй гэж маргасан.
  • Захиргааны тушаалын Үндсэн хуулийн нийцэлтэй эсэх талаар Дээд шүүхээс шийдвэр гаргуулахыг хүсээгүй.
Засаг захиргаа 14-р нэмэлт заалтын "харьяалалд хамаарах" гэдэг ойлголтыг улс төрийн үнэнч байдал буюу тухайн хүний нэг улсад үнэнч байх эсэхээр тайлбарласан. Энэхүү үндэслэлээр хууль ёсоор АНУ-д байнга оршин суух эрхгүй эцэг эхээс төрсөн хүүхдүүдийг иргэншилгүй хэмээн үзэх ёстой гэж үзсэн юм.
Мөн төрөлтийн эрхээр иргэншил олгох нийтлэг практик нь улсыг хууль бусаар орж ирэх урамшуулал бий болгож, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулдаг гэж үзжээ.
Эсрэг тал юу гэж үзэж байна вэ?
Захиргааны тушаалд эсэргүүцэл үзүүлсэн талууд:
  • Энэхүү тушаал нь Үндсэн хуулийн 14-р нэмэлт заалтыг зөрчиж, Конгрессын хууль тогтоох эрх мэдлийг булаасан, мөн цагаачлал болон захиргааны хуулийг зөрчсөн гэж мэдэгдсэн.
  • АНУ-д төрсөн гэдгийг төрсний гэрчилгээгээр баталгаажуулдаг тогтолцоог нураана гэж үзсэн. Учир нь гэрчилгээ нь төрсөн газрыг заадаг болохоос биш эцэг эхийн оршин суух статустай хамааралгүй гэж үзсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн