Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин Зеленьскийтэй уулзахаас татгалзсан нь Туркт болох хэлэлцээрт ахиц гарах найдварыг бүдгэрүүллээ

Путин Зеленьскийтэй уулзахаас татгалзсан нь Туркт болох хэлэлцээрт ахиц гарах найдварыг бүдгэрүүллээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 16
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Туркт болох энхийн хэлэлцээрийн хүрээнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй нүүр тулан уулзах саналыг хүлээж авахаас татгалзаж, оронд нь хоёрдугаар шатны төлөөлөгчдийг илгээв. Харин Зеленьский хэлэлцээрт оролцох Украины төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахлах болно гэж мэдэгдлээ.
Энэхүү хэлэлцээр 2022 оны гуравдугаар сараас хойших хоёр талын анхны шууд хэлэлцээр болох ч, ахиц гарах найдвар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээс үүдэн улам бүдгэрэв. Тэрээр “Путинтэй өөрөө биечлэн уулзахаас нааш ямар ч ахиц гарахгүй” хэмээн онцолжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Туркийн Анталия хотод сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Вашингтон хэлэлцээрээс өндөр хүлээлтгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединский Истанбулд болох хэлэлцээр баасан гарагийн өглөө 10:00 цагт эхлэхээр төлөвлөгдсөн гэж мэдээлсэн.
Зеленьский Путин уулзалтад оролцохоос татгалзаж, оронд нь “чимэглэлийн шинжтэй” төлөөлөгчид илгээсэн нь Оросын Ерөнхийлөгч энхийн хэлэлцээрт ноцтой хандахгүй байгааг харуулж байна хэмээн шүүмжиллээ. Харин Москва Украин талыг хэлэлцээрийн эргэн тойронд “шоу хийх” гэж байна хэмээн буруутгаж байна.
“Бид дэлхийгээр тэнэж Путинг хайж явах ёсгүй. Энэ бол Оросын зүгээс үзүүлж буй үл хүндлэл. Уулзалтын цаг, тодорхой хэлэлцэх сэдэв, өндөр түвшний төлөөлөгч огт байхгүй байна. Энэ зөвхөн над руу чиглэсэн биш, Ерөнхийлөгч Эрдоган болон Трампын хувьд ч бас үл хүндлэл юм” хэмээн Зеленьский Анкара хотноо Ерөнхийлөгч Эрдогантай уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.
Мөн тэрээр өөрөө Истанбулд очихгүй гэдгээ мэдэгдэж, хэлэлцээрт оролцох Украины багийн гол зорилго нь гал зогсоох асуудлыг хэлэлцэх явдал гэв. Зеленьскийн гаргасан зарлигаар тус багийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ахлах бөгөөд тагнуулын албадын орлогч дарга нар, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогч, Гадаад хэргийн дэд сайд нар багтжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн