Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Оросын талаас Украинд “хүлээн зөвшөөрөх боломжгүй” шинэ шаардлагууд тавьжээ

Оросын талаас Украинд “хүлээн зөвшөөрөх боломжгүй” шинэ шаардлагууд тавьжээ
Нийтэлсэн 0 минутын өмнө
Орос, Украин хоёр гурван жилийн дараах анхны шууд энхийн яриа хэлэлцээгээ өнөөдөр хийсэн ч ердөө хоёр цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилж, талуудын байр суурийн зөрүүг ойртуулах талаар ямар нэг ахиц дэвшил харагдсангүй гэжээ.
Украины талын мэдээлснээр ОХУ-ын тавьсан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Украины эх сурвалжийн хэлснээр хоёр талын байр суурь ихээхэн зөрүүтэй байсан ба Оросын тавьсан шаардлагууд “бодит байдлаас тасарсан, өмнө нь огт яригдаж байгаагүй зүйлүүд” байжээ. Эдгээрт Украины зүгээс өөрийн газар нутгаас ухарч, гал зогсоох тохиролцоонд хүрэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бүтээлч бус нөхцөлүүд багтсан байна.
Украин, Орос их хэмжээний цэрэг солилцохоор тохиролцов
Истанбулд болсон хэлэлцээний дараа Украины Батлан хамгаалахын сайд Рүстем Умеров Украины телевизэд мэдээлэхдээ хоёр тал тус бүр 1,000 олзлогдогсдыг солилцохоор тохирсон тухай мэдэгджээ. Хэрвээ энэ солилцоо хэрэгжвэл 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд халдсанаас хойших хамгийн том хоригдлын солилцоо болох юм.
ОХУ-ын талаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгдээгүй байна.
Хоёр талын төлөөлөгчид өөд өөдөөсөө харж суугаад уулзсан ба Оросын төлөөлөгчид хослол өмссөн байхад Украины талын зарим нь цэргийн дүрэмт хувцастай байжээ.
Уулзалтын эхэнд Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан “Бидний өмнө хоёр зам байна. Нэг нь энх тайвныг авчрах үйл явц руу хөтөлнө, нөгөө нь сүйрэл, үхэл рүү чиглэнэ. Аль замыг сонгохоо талууд өөрсдөө шийдэх болно” гэж мэдэгдэв.
Эдгээр хэлэлцээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан гурван сар гаруйн дипломат хүчин чармайлтын үр дүнд эхэлсэн бөгөөд тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр дайныг хурдан зогсооно гэж амласан юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн