Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний сүйт бүсгүй нарын тансаг хэрэглээтэй холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд байсаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнөөдрийг хүртэл үүссэн асуудлаар тайлбар мэдээлэл өгөөгүй. Тэрээр өчигдөр болон өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, түр чөлөөтэй байгаа аж.
АТГ-аас үүссэн асуудлаар шалгалтын ажиллагаа эхлүүлснээ мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг шууд шалгах боломжгүй, харин УИХ-ын гишүүнийх нь хувиар ёс зүйн гомдол мэдээлэл ирвэл дүгнэлт гаргахад бэлэн гэдгээ тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдээллээ.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар: Ямар ч эх сурвалжийн хувьд өөрийнх нь тайлбар мэдээлэл чухал байдаг. Тэгэхээр үүссэн асуудлаар Ерөнхий сайд өөрөө эхэлж тайлбар хэлэх болов уу. Үнэхээр орлогоосоо давсан зарлагатай юу, үгүй юү гэдгийг бид нотлох боломжгүй. Өөрөө эхэлж тайлбараа өгч холбогдох байгууллагууд нь шийдэх байх.
Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг агуулгаараа АТГ энэ асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ёстой. Хуулийн процессын хувьд УИХ-ын гишүүн гэдэг агуулгаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо дүгнэлт гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар та бүхэнтэй адил хэвлэл мэдээллээр гарсан түвшний мэдээлэлтэй байна. АТГ бол холбогдох шалгалтуудыг хийгээд эхэлсэн гэсэн. Одоогоор УИХ-ын гишүүнийх нь хувиар над дээр ямар нэгэн гомдол ирээгүй байна.
Өнөөдөр үнэхээр нийгмийг бухимдуулсан асуудал үүссэн юм уу, үүний цаана ямар агуулга байгаа гэдгийг нарийн судалж үзэх ёстой. Албан ёсоор манай байнгын хороонд гомдол ирвэл холбогдох тайлбарыг гаргуулж авахад бэлэн байна.
Сэтгүүлч: Нам хариуцлага тооцох боломжтой юу?
Ер нь аливаа шатны шийдвэрүүд өөрөө хамтын шийдвэр байх ёстой. Ямар ч тохиолдолд миний бие хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх нь өөрөө улс төрийн намын хувьд ч, парламентын шатанд боломжгүй зүйл гэж харж байгаа. МАН бол ёс зүйн зөрлийг анх удаа дүрэмдээ оруулсан улс төрийн нам. Өнгөрсөн 2020 оноос нэлээд гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэснийг та бүхэн мэдэж байгаа. Үнэхээр нотлогдоод гараад ирвэл хамтын шийдвэрийн дагуу явна. Ёс зүйн хариуцлага хүлээлгэж намаас түдгэлзүүлэх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээвэл тухайн этгээдийг намаас хассанд тооцдог.
Сэтгүүлч: Нийгмийн сүлжээгээр гарч байгаа Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудлыг хараад танд ямар бодол төрсөн бэ?
Нийгмийг бухимдуулж байгаа асуудал мөн үү гэвэл мөн. Өнөөдөр ядуурлыг яаж бууруулах уу, иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх үү, эдийн засгаа хэрхэн өсгөх үү гэдгээ байнга ярьж байгаа. Гэтэл энэ бүхний суурь үндэс нь юу гэвэл хувь хүний ёс суртахууны асуудал. Аль ч шатандаа. Өнөөдөр өндөр ёс суртахуун, нийгмийн төлөвшлийг ярихгүйгээр төрийн албыг чадавхжуулах, эдийн засгийг өсгөх, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, авлигатай тэмцэх зэрэг олон ажил үр дүнгүй болно. Өнөөдөр хариуцлага хүлээдэг механизм нь хаана байна, хариуцлага хүлээлгэдэг механизм хаана байна, өөрөө хариуцлага соёл нь хаана байна вэ гэдэг нь өөрөө тулгамдсан асуудал болоод байна гэлээ.