NTV телевизийн “Анализ шоу-засаглал ба зах зээл” нэвтрүүлэг энэ долоо хоногийн дугаартаа “Тэтгэвэр, нийгмийн даатгалын реформ” сэдвийг хөндсөн юм. Манай сайт уг нэвтрүүлгийн мэдээллийн хамтралаар ажиллаж байгаа бөгөөд зочдын хөндсөн гол мессежийг тоймлон хүргэж байна.
"Анализ шоу-Засаглал ба зах зээл” нэвтрүүлгийн зочноор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, хувиараа бизнес эрхлэгч Д.Амартүвшин нар оролцсон юм. Тэдний хувьд хамтарсан Засгийн газраас өндөр хүлээлт үүсгэж буй тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой шинэчлэлийн талаар болон жил ирэх тусам татвар төлөгчдийн тоо багасаж буй асуудлыг хөндлөө.
Нийгмийн даатгал дээрэм болоод байна
Хувиараа бизнес эрхлэгч Д.Амартүвшин: Нийгмийн даатгал, НӨАТ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн том дарамт болж байгаа зүйл юм. Энэ хоёр дээр дансаа хаалгаж, бүхий л болж бүтэхгүй зүйл үүсээд байна. Залуучуудын зүгээс энэ хоёр татварыг том компаниудад зориулсан гэж харж байгаа. Жижиг компани энэ зарчмаар нийгмийн даатгал, НӨАТ-ийг төлөөд явахаар өрөнд орж, дансаа хаалгаад л дуусаж байгаа юм.
Нийгмийн даатгалыг хүчээр авч байна. Дараа нь тэтгэвэрт гарах нас нь болох үед даатгалын мөнгөө авах боломжгүй болоод ядуучуудын эгнээнд шилжиж байгаа. Энэ асуудал дээр хамгийн шударга бус зүйл нь тэтгэвэр тогтоолгоход компанийн төлж байгаа мөнгө ямар ч хамаарал байдаггүй. Яг яах гэж компаниуд ийм их татвар төлөөд байгаа юм. Юуны төлөө төлөөд байгаа нь ч ойлгомжгүй. Өнгөрсөн 35 жилийн турш ямар ч зохион байгуулалтгүй сан хийснийх нь төлөөсийг 35 жилд нь амьдарч ч үзээгүй 1990-ээд оны залуучууд хамаг ачааг нь үүрч байна.
Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгал нь ирээдүйд тэтгэвэр авах хуримтлал юм. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо тийм ч буруу тогтолцоо биш. 1995 оноос хойш бүрдүүлсэн нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгал болон эрүүл мэндийн даатгал гэсэн эдгээр даатгалууд бий. Эдгээр даатгалын шимтгэл нь 20 хүрэхгүй хувь л байдаг. Үүнийг ажилтан, ажил олгогч хоёр хувааж төлдөг юм. Ажилтан, ажил олгогч хоёр нийлээд 20 хувь, эрүүл мэндийн даатгалын дөрвөн хувь, ХАОАТ-ын 10 хувь нэмэгдээд 34-35 хувийн татварыг шууд цалингаас суутгахаар их том дарамт болдог. Энэхүү шүүмжлэлтэй бол санал нэг байна. Гэхдээ даатгалын сангуудаа салгаж ойлгох хэрэгтэй юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувь бууруулахад л 261 тэрбум төгрөгөөр сангийн орлого буурна. Хоёр хувь бууруулахад 522 тэрбум төгрөгийн ачаалал санд үүсэх юм.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хуваарилалтын тогтолцоотой явж ирсэн бол одоо хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих талаар ярьж байна. Энэ нь иргэдийн төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг өөрийнх нь нэр дээр бодит хуримтлал болгох юм. Дэлхий нийт тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийхдээ олон давхар тогтолцоо буюу хувь хүн олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг нээж өгдөг.
Шинэ тогтолцоо хэрэгжсэнээр иргэд тэтгэвэрт гараад тэтгэврээрээ хангалуун амьдрах боломж бүрдэнэ.
Монгол Улсад суурь тэтгэвэр гэх тогтолцоог оруулж ирэх юм. Мөн хувийн нэмэлт тэтгэврийг оруулж ирнэ. Тэтгэвэрт гараад миний тэтгэвэр хамгийн бага тогтоогдсон гэж гомдоллож амьдрах биш, харин гурван эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцооны шинэчлэл рүү шилжихээр ярьж байна. Өмнө нь нэмэлт орлогоос нь даатгал хийлгүүлнэ гэдэг байсныг больж үндсэн 20 хувиас нь тодорхой хувийг хуримтлуулахаар болж буй тогтолцоо юм. Үндсэндээ бид тэтгэвэрт гарахад суурь тэтгэвэр авна, одоогийн шимтгэлд суурилсан тэтгэврээ авна мөн хувийн тэтгэврийн сангаас хуримтлал хийвэл тэтгэвэр авахаар нийт гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах юм. Нэгдүгээр асуудал бол тогтолцооны шинэчлэл хийх тухай. Дараагийн асуудал нь тэтгэврийн санд иргэд итгэхгүй байгаа явдал юм. Энэ сан нь дампуураагүй байгаа бөгөөд хамгийн том сан хэвээрээ байгаа.
Өнгөрсөн хугацаад тэтгэврийн сан дампуурсан гэх ойлголт төрүүлсэн зүйл нь 150 орчим тэрбум төгрөгийг Капитал банк, Чингис хаан банканд байршуулаад алдсан. Сангийн хөрөнгийг бага хүүтэй банканд байршуулж авлигал явагдаад байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр шинэ хөрөнгийн мененжмент хийх тогтолцооны шинэчлэлийг хийж эхлүүлсэн.
Өнөөдрийн шинэчлэл хоёр хэсэгтэй явагдаж байна. Тогтолцооны шинэчлэлээс гадна тэтгэвэр тогтоолгоход баримтлах нөхцөл шалгууруудыг шинэчлэх асуудал юм. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүс бий. Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 47 хувь нь буюу тэтгэвэр тогтоолгож байгаа хоёр хүний нэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байна. Нэг хэсэг нь насаараа ажиллаад 20-30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж төлчхөөд тэтгэвэр тогтоолгоход нөгөө хэсэг нь баахан хөнгөлөлт аваад төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор ч юм уу хөнгөлөлт авдаг. Мөн хүнд хортой нөхцөлийн шалтгаанаар эрт тэтгэвэрт гардаг ч юм уу. Дэлхий нийтэд хүнд хортой нөхцөл гэж байхаа больсон. Энэхүү шударга бус байдлыг өөрчилж шинэчлэх хэрэгтэй.
Эдийн засаг нь иргэдээ ажил хийлгэхгүй байх тал дээр ажиллаад байна
Хувиараа бизнес эрхлэгч Д.Амартүвшин: Манай улс халамжийн улс болжээ. Өнгөрсөн жил 2.3 их наяд төгрөгийг халамжид өгсөн байна. Үүнээс хамгийн их зарцуулагдаж байгаа нь хүүхдийн мөнгө байгаа юм. Халамж нь хүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож ажлаас бултуулдаг бол татварын дарамтыг бууруулснаар хүн ажил хийх хүсэлтэй болно. Бид нар хүүхэд төрүүлснийхээ төлөө яагаад мөнгө аваад байгаа юм. Үүнийгээ болих хэрэгтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахад хэн хохирох вэ гэвэл ирээдүйд тэтгэвэр тогтоолгох хүмүүс хохирох юм. Хувийн даатгал дээр төлөх мөнгө ямар хэмжээний эрсдэлээс таныг хамгаалж чадах вэ гэх тооцоолол гарч ирнэ. Одоогийн төлж байгаа шимтгэлийн мөнгөөр эрсдэлээ тооцуулах болон хувийн даатгалаар төлсөн шимтгэлээр эрсдэлээ тооцуулах хоёр тэнгэр газар шиг өөр байх юм.
Монгол Улсад өнөөдөр яагаад сангийн асуудал үүсээд байна гэвэл Их хурлын гишүүд тооцоолол, судалгаагүй хууль өргөн бариад, тухайн хуулийг нь хэрэгжүүлэх гэхээр шимтгэл төлсөн хүмүүсийн үүсгэсэн сангаас шимтгэл төлөөгүй байж байгаад даатгалын бус бүтээгдэхүүн буюу 10 жилээ нөхөөд тэтгэвэрт гарагсдын тэтгэврийг олгох асуудал бий. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатайгаас гадна ААН-ийн татварын дарамтыг бууруулах шаардлага бий. Хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд сангийн хөрөнгө 175 тэрбум төгрөгийн орлого алдах боловч ирээдүйд ажил олгогчдын шимтгэл төлөх сонирхлыг бий болгох хэрэгтэй. Ингэснээр илүү олон хүн өндөр цалин авах юм. Өндөр цалин авна гэдэг нь их шимтгэл төлнө гэсэн үг. Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх шийдэл болж болох юм.
Нийгмийн даатгалын шимтгэлээс, орлогын бүрэлдэхүүнээс хоол, унаа, орон сууц ашиглалтын төлбөр зэрэг хөнгөлөлтүүдийг хасаж тооцмоор байна гэж байгаа. Энэ асуудалд тодорхой тооцооллыг хийж ажиллаж байна. Хөнгөлөлтүүдийг хасаж тооцох боломжгүй биш болох зүйл. Гол нь хязгааргүй байж болохгүй. Давхар ажиллаж байгаа ажилтнаас давхар шимтгэл авдаг асуудал бий. Үүнийг уян хатан болгохоос гадна оюутнуудаас шимтгэл авахаа болих тал дээр яригдаж байна. Оюутнуудаас нийгмийн даатгалын шимтгэл авалгүй харин гэрээ хийж их сургуулиа төгсөөд тогтмол ажлын байртай болсныхоо дараа шимтгэлээ нөхөн төлөхөөр ярьж байгаа. Мөн эрт тэтгэвэрт гарсан хүмүүс үргэлжлүүлж ажил хийхэд нь шимтгэл тооцдог. Үүнийг болиулахаар хэлэлцэж байна. Оюутан, ахмадуудаас шимтгэл авахгүй байснаар ирээдүйд нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхээр харагдаж байна.