Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Г.Машбат: Махбодоо зөв тодорхойлж чадвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх боломжтой

Г.Машбат: Махбодоо зөв тодорхойлж чадвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх боломжтой
Нийтэлсэн 3 цагийн өмнө
"Ачуут гол" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай хий, шар, бадганаа хэрхэн тодорхойлох болон зөв хооллох, нойрны хэмнэлээ тохируулах талаар ярилцлаа.
-Хий, шар, бадган гэж юу вэ. Үүнийгээ хэрхэн тодорхойлох вэ?
-Европ анагаах ухаанд эрүүл хүмүүсийг биеийн хэлбэр, хөгжил, оюун санаа, хэл ярианы хөгжлөөс нь шалтгаалан дөрвөн бүлэгт ангилдаг. Холерик, флегматик, сангвиник, мелахолик гэсэн хэв шинжүүдэд хуваадаг. Тэгвэл монгол анагаах ухаанд хүмүүсийг хий, шар, бадган гэсэн үндсэн гурван махбодод ангилдаг. Махбодоо зөв тодорхойлж чадвал хүмүүс тусаж магадгүй өвчнүүдээсээ сэргийлэх бүрэн боломжтой. Энэ бол уламжлалт анагаах ухааны онолоор тайлбарлагддаг. 
Товчхон хэлбэл, хий махбодод хурдан хөдөлгөөнтэй, яриатай, сэтгэл санаа тогтворгүй, стресст өртөх магадлал ихтэй, туранхай, хөхөлбөр царайтай, цус багатай бүлгийн хүмүүс орно. Амьдрал дээр хурдан яриатай, амархан, гомддог, баярладаг хүмүүс нойргүйдэх, мэдрэлийн, зүрх судасны, шээс алдах өвчнөөр ихэвчлэн өвддөг. 
Шар махбодтой хүмүүс Монголчуудын дунд нийтлэг тохиолдож байгаа элэгний, цөсний, дунд биеийн өвчнөөр өвддөг. Дунд биеийн өвчин гэдэг нь ходоодны шарх, артерийн даралт ихсэх, цус шарын гаралтай халуун чанартай өвчнүүд багтана. Цус шарын гаралтай халуун чанартай өвчнүүд буюу даралт ихсэх, цөсний чулуу, элэгний өөхлөлт, цирроз, хавдар зэрэгт өртөх, харвах магадлалтай. Шар махбодод уур омог ихтэй, зан ааш нь хурц, шаргал зүстэй хүмүүс хамаардаг. 
Бадган махбодод махлагдуу, лагсдуу биетэй, тайван, удаан хөдөлгөөн, ойлголттой, амархан мартдаггүй хүмүүс хамаарна. Энэ хүмүүс ихэвчлэн үе мөчний, ходоодны, тархи толгойны өвчнөөр өвдөх магадлал ихтэй. 
Тэгэхээр эрүүл хүмүүсийн өвөрмөц чанарыг нь тогтоохын тулд цус, шээсээр оношилдог. Иймд уламжлалт анагаах ухааны эмчид хандвал өөрийн махбодоо тодорхойлох боломжтой.
-Махбод хүнд ганцхан байх уу. Эсвэл амьдралын явцад өөрчлөгддөг үү?
-Ер нь махбод төрөлх чанарыг дагадаг. Жишээлбэл, манайх удмаараа махлаг, намхан хүмүүс байдаг гээд ярьдаг. Нэгдүгээрт, удам буюу генийг махбод дагадаг. Хоёрт, хүүхэд насанд бадган махбод ихэвчлэн давамгайлдаг. Түүнчлэн, идэр залуу насанд хүрэхэд шар мах бод давамгайлна.  Эрч хүчтэй ажлыг хийнэ, хоолыг шингээнэ. Тэгвэл 60-70 насанд хүрээд эхлэхээр хий махбодын бэлгэ чанар руу шилждэг. Өндөр настай хүмүүс үглээ, нойргүй, шөнө олон дахин босож биеэ засдаг болдог. Энэ нь хий өвчний үндсэн шинж. Үүнтэй холбоотойгоор маш олон өвчин дагалддаг. Иймээс 65-70-аас дээш настай хий махбодтой хүмүүст өвлийн улиралд ямааны, үхрийн мах идүүлж болохгүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс ногоо, будаа, мах шарж идээд,  ногоон цай, хүйтэн ундаа, кофе уугаад байвал хий улам ихсэж ядарна.
Манай уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэд, нөлөөллийн баг ард иргэдэд тэр дундаа залууст шар махбодыг дарах хоол хүнсийг санал болгодог. Ялангуяа зун, намрын улиралд буюу халууны улиралд халуун чанартай архи, хонины мах, халуун ногоо, солонгос хоол, кимчи битгий хэрэглээч гэж зөвлөж байна. Энэ нь элэг, цөсийг өвчлүүлдэг. Цөсийг өтгөрүүлэх үндсэн шалтгаан болж байна. 
Тэгэхээр наснаас гадна байгаль, цаг уур, улирлаас шалтгаалж хий, шар, бадган гэдэг зүйл ихсэж, буурах, хямрах гэсэн харилцан зүй тогтол байдаг. Хүнд био ритм, био хэмнэл гэж байна. Түүнийг мэдэж чадвал Монголчуудыг цаг, улиралд нь тохируулж өвчнөөс сэргийлэх, эмчлэх боломж нэмэгддэг. 
-Хооллолтын асуудлыг яриандаа дурдлаа. Тэгвэл Монголчууд ямар төрлийн хоол хүнс идвэл зохимжтой байдаг вэ?
-Бид Европ, Ази тивийн зааг буюу Евразийн өндөр уулан дээр буюу их газарт амьдардаг. Монгол Улс далайгүй учраас хар салхи, цунамигүй байна. Өвөг дээдсээрээ бид бахархах ёстой. Өндөрлөг дээр амьдардаг учраас хуурай агаартай байна. Тэгэхээр дөрвөн улиралд таарсан уламжлалт монгол үндэсний хоол идэх ёстой. Овьёос идээд, чай үр, ногоон цай уугаад, иог хийгээд туранхай л байвал гоё гэсэн ойлголт нийтлэг байна. Гэвч янз бүрийн тураах бэлдмэл, кофе зэрэг нь хүмүүсийг өвчлүүлдэг, ходоодыг шархлуулдаг. Эрүүл бага зэрэг таарсан махтай байх, эмгэг өвчтэй, нойргүй мөртлөө их туранхай байх хоёрын хооронд ялгаа бий. Үүнийг сайн бодох ёстой. Монголд хоолны соёл бий. Гэвч бид үүнийг мартаад байгаа юм. Бид улс орнуудын төрөл бүрийн хоол хамаагүй идэж байна. Ходоодоо хогийн сав шиг юу ч хамаагүй хийгээд байна. 
-Ходоод бол хогийн сав биш шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэтэл Монголчууд хэлэнд амтагдах амтнаас шалтгаалж буруу тийшээ яваад байгаа. Монголчууд өвлийн улиралд хүйтнийг давахын тулд улаан идээ гэж нэрлэдэг махан хоол иддэг. Гэхдээ хүүхэд, идэр залуу бадган махбодтой, өндөр настай хүмүүсийн идэх мах нь өөр байна. Мах л бол мах биш. Энэ бол маш нарийн соёл. Идэш идэх нь зөв. Гэвч уламжлалтын эмчид үзүүлж махбодоо тодорхойлуулж байж махаа сонгож идэх нь зүйтэй. 
Хаврын улиралд шар идээг шүт гэдэг. Шар идээ гэдэг нь хөнгөн чанартай, шим тэжээлтэй хоолыг хэрэглэнэ. Үүнд, жишээлбэл үхрийн борц орно. Борц маш сайн хүнсний тоонд нэрлэгддэг. Хаврын улиралд ходоодны шингээлт буурдаг. Нойтон мах шингэхдээ хүнд чанартай байна. Тэгвэл борц шингэхдээ хөнгөн. Мөн шар идээнд шар, цагаан тос, арвайн гурил зэрэг багтдаг. 
Зуны улиралд цагаан идээг шүт. Монголчууд зун мах иддэг байгаагүй. Ялангуяа идэр залуу насныхан хонь, тарвага, адууны мах идэхийг зуны улиралд цээрлэх ёстой. Энэ нь цус өтгөрүүлнэ, дотор халууныг ихэсгэдэг. Магадгүй хүнд өвчтэй, хагалгаанд орсон, цус алдсан, хавдартай, олон төрсөн, ядруу биетэй эсвэл өндөр настай хүн байвал зун хонины мах идэж болно. Эмчид үзүүлж байж шийдэх хэрэгтэй. Ер нь нийтлэг зуны улирал халуун чанартай хоол хүнсийг хориглодог. Тэгвэл зун мах идэхээ багасгаж 6, 7, 8 сард цагаан хоол идэж чадвал Монголчуудын цусны өтгөрөл маш сайн буурна. Цусан дахь холестериныг бууруулах хамгийн энгийн, мөнгө зарахгүй арга бол зун цагаан хоол идэх юм. 
Намрын улиралд ногоон идээг шүт гэж нэрлэдэг. Ногоо идээ гэдэг нь хүнсний ногоо буюу байцаа, лууван, манжин, төмс, байгалийн гаралтай чацаргана, улаагана, долоогоно, нэрс аньс зэрэг жимснүүд багтана. 
Улирлын хооллолт гэж үүнийг хэлнэ. Өвөрмөц чанарын хооллолт гэдэг нь хий, шар, бадган махбодтой  хувь хүн өөртөө таарсан хоол хүнсийг уламжлалтын эмчээрээ заалгаж улиралдаа тааруулж идээд байвал урт наслах боломжтой. Өвдөхгүй байх бүрэн боломжтой. Харамсалтай нь бид дөрвөн улирлын турш мах идэж байгаа. Энэ нь даралт ихсэх, судас өөхлөх, хатуурах, харвах, зүрхний шигдээс болохын суурь болж байна. Гэнэт нас барж байгаа нь махны хэрэглээнээс болж байгаа гэсэн үг. Мөн чихэр, давс, архи хортой гэсэн хоолны дэглэм моодноос гарчихлаа. Ийм тохиолдолд өвчлөл буурахгүй. Иймд эрүүл мэндийн боловсрол маш чухал.
-Хооллолтоос гадна нойргүйдэл сүүлийн жилүүдэд гаарсан. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ. Үүнийг хэрхэн эмчлэх вэ?
-Европ, Австрали, Америк, Ази тивд нойргүйдлийн асуудал шүдний өвчин болсон. Өдрөөс өдөрт ажил, амралтын хэмнэл өөрчлөгдөж байна. Нийгмийн болон хоол хүнс, хүмүүсийн стресс, сэтгэл гутрал, тогтворгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж нойргүйдэл ихсэж байгаа. Монголын уламжлалт анагаах ухаанд нойр алдах гэж бие даасан ойлголт бий. Энэ нь хий өвчний бүлэгт хамаардаг. Язгуурын таван хий гэж бий. Үүнтэй холбоотойгоор тайлбарладаг онол байна. Нойргүйдлийн үед европ анагаах ухаанд нойрны эм уулгах буюу эмийн бодисоор шийдэж байгаа. Энэ нь гаж нөлөөтэй учраас оновчтой арга бол биш. Уламжлалт анагаах ухаанд нойргүйдлийг цагаан судлын өвчин, мэдрэл, хар судлын өвчин, цусны  судал, долоон тамирын боловсролтой уялдуулан хий махбодыг барьж эмчилдэг. Энэ нь хоргүй арга.
-Нойрны хэмнэлээ хэрхэн зөв тааруулах вэ?
-Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Бид дөрвөн улиралтай гэдэг ч уламжлалт анагаах ухаанд зургаан улиралтай гэж үздэг. Тэгэхээр зургаан улиралд махбодоо тэнцвэртэй байлгах аргуудыг хэрэглэнэ. Хий, шар, бадган гурван махбод тэнцвэртэй байвал хүн эрүүл байна. Аль нэг нь ихсэх эсвэл багасах, хямрахын бол өвчин үүснэ гэж тайлбарладаг. Улирал, цагтаа уялдуулж махбодоо тэгшитгэж чадвал нойргүйдэл болон өвчнөөс сэргийлж болно. 
-Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэл бий. Дараагийн дугаарт хануур эмчилгээний талаар ярилцах болно.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн