Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замыг барих хүрээнд нүүрсээ 59 доллароор борлуулах гэрээ хийжээ

Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замыг барих хүрээнд нүүрсээ 59 доллароор борлуулах гэрээ хийжээ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 16
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тус холболтын санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь гаргах бөгөөд анх 979 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж байсан. Харин бүтээн байгуулалтын нээлтийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлэхдээ 860 орчим тэрбум төгрөгийн тендерт гүйцэтгэгч компанийг шалгаруулсан талаар мэдээлсэн. Мөн анх 3 жилийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад оруулна гэж байсан бол 22 сарын хугацаанд хийж, 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар болсон. Төмөр зам ашиглалтад орвол өргөн царигаараа 30, нарийн царигаараа 10 сая тонн тээвэрлэж, өртгөө 1-2 жилийн дотор нөхнө гэж тооцжээ.
Төмөр замын хил холболтыг эхлүүлэхийн тулд БНХАУ-ын талаас "Гурвыг цогцоор" гэрээ хийх шаардлага тавьсан бөгөөд манай талаас үүнийг хүлээж авсан. Тодруулбал, төмөр замын хил холбох, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван гэрээг хамтад нь зурсан. Үүний хүрээнд Тавантолгойн бүлэг ордоос Оноч хараат, Бортолгой хоёр ордыг хятадын компаниуд 16 жил олборлохоос гадна, 16 жил нүүрс нийлүүлэх гэрээг хийсэн. Ингэхдээ нүүрсээ 59 ам.доллароор тооцож борлуулахаар гэрээнд тусгажээ. Энэ нь Монгол Улсаас худалдан авч байгаа БНХАУ-ын төрийн өмчит компаниудын урт хугацаатай гэрээний үнээр хийсэн талаар албаныхан мэдээлэв. Одоогоор хамгийн урт хугацаатай гэрээтэй компанийн үнэ 59 ам.доллар байгаа учраас урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээг энэ үнээр хийжээ. Гэхдээ нүүрсний үнээс хамаараад энэ үнэ буурах, өсөх боломжтой.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал "16 жилийн туршид 220 сая тонн нүүрс нийлүүлэх борлуулалтын гэрээтэй. 2025-2030 он хүртэл 27 сая, 2030 оноос хойш 200 сая тонн нүүрс нийлүүлнэ. Энэ үнэ тээвэргүй үнэ. Үүн дээр тээвэр нэмэгдвэл манай биржийн үнэ рүү дөхөж очихоор байгаа. Манай компанийн ТУЗ хуралдаад энэ жил төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтад 200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана гэж баталсан" гэсэн юм.
Харин уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компани ерөнхий хайгуулын тендерийг энэ онд зарлаж, ТЭЗҮ-г нь Эрдэс баялгийн зөвлөл батлах юм байна. Ингээд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг 2030 оноос эхлүүлэхээр заажээ. Хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын "Чайна Энержи" компанийн охин компаниар 16 жил олборлолт хийлгэх юм.
Мөн Монгол Улс олон төмөр замтай болж байгаа учраас шинээр төмөр замын агентлаг байгуулж байгаа аж. Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Төмөр замын агентлаг шинээр байгуулж байгаа. Тэгэхгүй бол төмөр замын агентлаг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн харьяанд байхаар эрх нь тэр талдаа гарчихаад давамгай эрх эдлээд байгаа. Тиймээс Монголын төмөр замын агентлаг байгуулсан" гэсэн юм.

Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн