У.Хүрэлсүх бол хувь улстөрчийнхөө хувьд эрс шийдэмгий нэгэн. Тэр Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдаж, шүүхээс ял сонсч, шалдаа бууж явсан ч эргэн босч чадсан шийртэй эр. Хэн бүхний хүсээд хүрдэггүй УИХ-ын гишүүний дархан эрхийг “шанаа”-гаар сольчихсон цөстэй аавын хүү. Цаг нь ирвэл Ерөнхий сайдын сэнтийг ч зольчихдог зальжин улстөрч. Гээд түүнд удирдагч байх шинж, төрх бий. Улстөрд явсан 30 жил, үүнээс сүүлийн 10 жил тувт төрийн өндөр алба хашлаа тэр. Энэ үсрэлтийг хийхдээ МАН дотроосоо тэмцэл хийж, МАНАН-г зүсэж гарч ирснийг нь үгүйсгэж болохгүй, гавьяа. Түүний нам дотроо тогтоосон дүрэм, улстөрд бий болгосон жишиг, эр хүний хувьд үлгэр болсон дүр төрх нь шударга ёс. Түүний нэг нь Ерөнхийлөгчөө зургаан жилээр нэг удаа сонгодог байх хууль. Учир нь, манай улс өнгөн дээрээ парламентын засаглалтай боловч ҮБАЗ нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн төрийн гурван өндөрлөгийн харилцаан дээр оршин тогтдог засаглалтай.
Саяхан Ерөнхий сайд АТГ-ын даргыг УИХ-д хөтөлж оруулж ирээд улирааж байгаа нь, араас нь Ерөнхийлөгч барьцаж байгаа юм шиг Ерөнхий прокурорыг дэмжиж байгааг харахад л энэ бүхэн ойлгомжтой. УИХ-ын дарга бол энэ хоёрын хэнтэй нь хоршиж тоглохоо зөв сонгосноор суудлаа хадгалж үлддэг эмзэг байршил.
Эртний Ромын Гурвын холбооны толин тусгал гэмээр Монголын улс төрийн энэ гажиг тогтолцоо эргээд улс орны нийгэм, эдийн засагт савлагаа үүсгэдэг нь нууц биш. Тиймээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, дөрвөн жилээр хоёр удаа сонгодгийг болиулж, нэг удаа зургаан жилээр сонгогдохоор хуульчилсан. Ингэснээр Ерөнхийлөгч хуулийн засаглалаар тоглож, үгэнд ор үгүй бол шоронд ор гэдэг тулгалтыг жирийн бизнесмэнээс Ерөнхий сайдыг хүртэл дарамталдаг байдлыг эцэс болгож, Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд заасан “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн” гэдэг заалтад үйл ажиллагааг нь ойртуулахыг хичээсэн хэрэг. Учир нь, энэ гурав эвтэй байвал улс орон тогтвортой байж хөгжинө, энэ гурав эв эвдэрвэл гудамж талбайд жагсаал үймээн дэгдэж, нийгэм анархизмд автдаг бичигдээгүй дүрэмтэй. Ямар үед энэ гурав эв эвдэрдэг вэ гэвэл сонгууль болоход. Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн түйвээн арай л эрт эхэллээ. Шалтгаан нь дахин нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох У.Хүрэлсүхийн хүсэл, дээрээ дарангуйлагчгүй засаглах гэсэн Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөлтэй харшсанаас үүджээ. У.Хүрэлсүх тэртээ 10 жилийн өмнө улстөрд хүчээ авах болсон шалтгаан дотоод улс төрийн ялзрал, нам дамнасан бүлэглэлүүд байсан бол энэ удаа нахих аргумент нь гадаад улстөрийн нөхцөл байдал гэнэ.
Хөрш ОХУ Украинтай дайтаж, баруун хил нь Европын холбооны хоригт орж хаагдсанаар улс төр, эдийн засгийн бодлого нь Ази руу шилжиж, уг урсгалын замд хэвтэж буй Монгол Улс хүссэн хүсээгүй түүний дайрлагад өртөх болсон нь Евразийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон батлуулна гэдэг амлалтыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.Путинд өгсөн, үүнийх нь хариуд ОХУ-ын зүгээс дахин сонгогдохыг нь улс төрийн утгаар дэмжинэ, татгалзах зүйлгүй гэсэн аман тохироо явсан гэх яриа Төрийн ордноор тэнүүчилж буй.
Нөгөө талаас өмнөд хөрш БНХАУ АНУ-тай худалдааны дайн хийж, эдийн засгийн өсөлт нь саарч, гангийн үйлдвэрлэл хумигдсан нь Монголын эдийн засгийг хүндхэн байдалд оруулж байгаа. Иймд 1980-аад оныхноор удирдуулсан Парламент, Засгийн газарт 1968 оны У.Хүрэлсүхийн мэдлэг туршлага нөмөр нөөлөг, тулах багана болох учиртай юм байх. Ер нь ч 1960-аад оныхноос улстөрд тунаж үлдсэн нь У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр. Энэ хоёроос салах хүсэл 1980-аад оныхны мөрөөдөл гэхэд хилсдэхгүй.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хүний жам ёсны дагуу, хуулийн дагуу нэр төртэйгөөр ажлаа өгөх үү. Нэгэн цагт өөрийнх нь түлхэж унагасан М.Энхболд шиг заналхийлэл түрэмгийлэл дор шившигтэйгээр хөөгдөх үү, Ц.Элбэгдорж шиг насаараа зүхүүлж амьдрах уу гэдэг сонголтын өмнө ирсэн бололтой. МАН үе шилжилтээрээ гайхагдаж, бахархдаг уламжлалтай. Энэ уламжлалаараа 1980-аад оныхонд эрх мэдлийг аажмаар, эв найртайгаар шилжүүлсэн. Үүнийг түүчээлсэн нь У.Хүрэлсүх. Гэтэл уламжлал, манлайллаасаа урваж, үлдэж хоцрох гэсэн увайгүй үйлдэл гаргаж эхэлсэн нь харамсалтай. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг нь үнэн бол М.Энхболдын хувь заяа түүнийг угтах байх. Үгүй бол түүний улс төрийн шийдэмгий, шударга характер нь Ерөнхийлөгчийн албаа нэр төртэйгөөр хүлээлгэж өгөөд, төр түмэн рүүгээ ёсолчихоод Монголын улс төрийн түүхэнд домог болж үлдэх гайхамшигт хувь заяаны эзэн болно. Тийм учраас өнөөдрийг хүртэл бий болгож, бүтээн босгосон үзэл санаандаа үнэнч байж, дараа үедээ эрх мэдлээ эв найртайгаар шилжүүлж өгөөд Домог болж үлд Ерөнхийлөгч өө…