Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Норвегийн баялгийн санд 1.8 их наяд ам.долларын эх үүсвэр эргэлдэж байгаа аж. Энэхүү баялгийн сангийн эх үүсврийг уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд илүү их хэмжээгээр хөрөнгө оруулах ёстой гэж Норвегийн иргэдийн зөвлөл мэдэгджээ.
Энэхүү санаачилга нь тус улсын баялгийг хэрхэн ашиглах талаар нийт ард иргэдийн дунд явуулсан зөвлөлдөх үйл явцын үр дүн бөгөөд иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор долоон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулжээ.
Нас, хүйс, оршин суух газар, боловсролын түвшин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хандлагыг харгалзан сонгогдсон 56 норвеги иргэн нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл уулзаж, хууль тогтоогчдод чиглэсэн зөвлөмж боловсруулсан нь энэ аж.
Тэд төрийн газрын тос, хийн орлогоос бүрддэг, хүн бүрт дунджаар 326,000 ам.доллар ногдох хэмжээний энэ баялгийн сангийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар хэлэлцсэн юм.
Иргэдийн зөвлөлөөс гаргасан тайланд дурдсанаар:
"Баялгийн сангийн тодорхой хувийг хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор тогтвортой хөрөнгө оруулалтад зориулах бөгөөд энэ хүрээнд илүү өндөр эрсдэл, бага өгөөжийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэжээ.
Бусад зөвлөмжид дараах зүйлс оржээ.
Цар тахал, дайн зэрэг хямралын үед сангийн хөрөнгийг хэрхэн ашиглах талаар тодорхой зааварчилгаа боловсруулах;
Үндэсний төсөвт тус сангийн хөрөнгийг хэрхэн ашиглах талаар шинэ удирдамж бий болгох.
Одоогийн байдлаар баялгийн сангийн 3 хүртэлх хувийг улсын төсөвт ашиглаж болох боловч юунд зарцуулахыг заадаггүй. Харин зөвлөлөөс уг мөнгийг боловсрол, судалгаа, шинэ санаачилга зэрэг суурь нийгмийн бүтцэд зарцуулах ёстой гэж үзжээ. Удирдлагын зардалд зарцуулах ёсгүй гэдгийг тэд онцолсон байна.
Норвегийн баялгийн сан нийт хөрөнгийнхөө 2 хувийг гадаадын нар, салхины станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний төсөлд шууд хөрөнгө оруулахад зориулах ёстой ч, одоогоор ердөө 0.1 хувийг л зарцуулжээ. Тиймээс илүү хурдтай ажиллахыг иргэдийн төлөөлөл уриалсан байна.
Норвегийн баялгийн сан парламентын баталсан ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн компаниудаас хөрөнгө татан гаргадгаараа онцлогтой билээ.