Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

БАЙР СУУРЬ: Тэтгэврийн реформ юу болов

БАЙР СУУРЬ: Тэтгэврийн реформ юу болов
Нийтэлсэн 0 минутын өмнө
Монгол Улс тэтгэврийн реформ хийнэ гэж яриад олон жилийн хугацаа өнгөрчээ. Угтаа хувь хүн улсад төлж байгаа татвар дээрээ нэмээд Нийгмийн даатгалын санд төлж байгаа тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалынхаа үр ашгийг бүрэн хүртдэг болохыг реформ гэж буй. Салбарын яамнаас удахгүй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ өнөөгийн нөхцөл байдал болон хуульд гол ямар өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар мэргэжлийн эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.
quote photo
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэнд өөрт нь үйлчилдэггүй, олон иргэд төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чаддаггүй нь энэ тогтолцооны бас нэг том гажуудал юм.
"Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн"-ий санаачлагчдын нэг, эдийн засагч, доктор Ж.Дэлгэрсайхан: Тэтгэврийн даатгалын тогтолцоог өөрчлөх тухай яриа эхлээд 25 жил болж байгаа боловч харамсалтай нь энэ хугацаанд дорвитой өөрчлөлт хийгдсэнгүй. Зарим шинэчлэл хийгдэж даатгалын тодорхой хэсгийг мөнгөжүүлэх эхлэл тавигдаж байгаа боловч энэ нь тэтгэврийн даатгалын тогтолцооны томоохон өөрчлөлт болж чадахгүй.
Өнөөгийн тогтолцоо нь олон сул талтай. Нэгд, өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо нь тэтгэвэрт хамрагдаж буй ахмадуудыг орлогын доройтол ядуурлаас хамгаалах үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй, ахмадууд ядууралд өртөж зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа явдал. Хоёрдугаарт, өнөөгийн эв санааны гэх тодотгол бүхий тогтолцоо нь санхүүгийн загварын хувьд цаашид орших боломжгүй ихээхэн алдагдалтай байгаа бөгөөд хүн амын насны бүтэц, инфляц зэргээс шалтгаалж алдагдал нь улам нэмэгдэх хандлагатай. Эцэст нь, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэнд өөрт нь үйлчилдэггүй, олон иргэд төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чаддаггүй нь энэ тогтолцооны бас нэг том гажуудал юм.
Тэтгэврийн тогтолцоог томоохон реформ хийж, дорвитой өөрчлөх шаардлагатай. Энэ нь хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоог нэвтрүүлж иргэдийг ирээдүйн эрсдэлээс хамгаалах сонголттой болгохоос эхлэх шаардлагатай. Ингэснээр бодит хуримтлал бүхий тэтгэврийн сангууд бий болж эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох, ажилтан эрсдэлээс хамгаалагдах, ажил олгогч ажилтандаа олон төрлийн даатгалын бүтээгдэхүүн санал болгож чадварлаг хүний нөөцийг татах бодлого хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнээс гадна өнөөгийн албан журмын даатгалын тогтолцоог хагас хуримтлал руу шилжүүлэх, сангийн удирдлагыг оновчтой болгох зэрэг олон ажил хамаарна.
quote photo
Тэтгэврийн реформ нэрээр өнөөгийн тэтгэвэр авагчдын нөхцөлийг жил бүр дордуулаад байж болохгүй.
Татварын мэргэшсэн шинжээч Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал 2010 оны үед харьцангуй биеэ даасан байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага байгаагүй. Энэхүү бие даасан байдлыг энэ хэвээр нь хадгалаад явсан бол өдийд харьцангуй олон асуудал шийдвэрлэгдсэн байх байлаа.
Өнөөдөр нэг хууль гаргаад бодлого тодорхойллоо гээд бүх мөнгө хуримтлагдаад, бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Үүнийг аажмаар хийхгүй л бол нэг дор бүгдийг нь хийх ямар ч боломжгүй. 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө даатгуулагч шимтгэл гэж огт төлдөггүй байсан. Эдгээр хүмүүс өмнө нь улсад ажилласан жилийнхээ түүхээр тэтгэвэр тогтоолгосон. Энэ хүмүүсийн зардлыг үндсэндээ улсын төсөв даах ёстой юм. Үүнийг нийгмийн даатгалын сан даах ёсгүй. Энэ мэт алийг нь улс даах уу, алийг нь сан хариуцах ёстой вэ гээд явсан бол өдийд биеэ даачих хугацаа байлаа. Одоо бол нэгэнт өнгөрсөн юм чинь гэдэг юм уу энэ хэвээр нь үргэлжлүүлээд байж болохгүй.
Гурван талт тэтгэврийн тогтолцоо гэж анх байсан сууриа тавьж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн даатгал нь өгөөж өндөртэй боловч тухайн даатгалын газрын үйл ажиллагаанаас хамаараад эрсдэл өндөртэй байдаг. Суурь тэтгэвэр нь хамгийн бага тэтгэвэр байх ёстой. Учир нь даатгуулаагүй улсаас авч байгаа тул. Эдийн засгийн байдал, Засгийн газрын боломж гэх байдлаас шалтгаалан цэвэр төсвөөс санхүүжүүлдэг тул хамгийн бага байх хэрэгтэй. Дундуур нийгмийн даатгалыг байхгүй болгоё гэж яриад байна. Тэтгэврийн сан болгоно гэж. Шууд өнөөдөр шийдээд сан болгоод мөнгийг нь тусгаарлах боломжгүй юм. Өнөөдрийн тэтгэвэр авагчдын асуудлыг яах билээ. Гэхдээ тэтгэврийн даатгалын сангийн хоёр хувийг мөнгөжүүлэх асуудал явагдаж байгаа. Үүний хажуугаар улстөржсөн поп маягийн зүйлс гарч ирж байгаа. Жишээлбэл, нас барсан эхнэр нөхрийн буюу гэр бүлийн гишүүнийхээ тэтгэврийн 20 хувийг авна ч гэдэг юм уу, олон хүүхэд төрүүлсэн бол төрүүлсэн хүүхдийн тоогоор нэг жил зургаан сар нэмэгдүүлж тооцно гэх мэт даатгалын биш нөхцөлүүдийг арилгаж чадахгүй байна. Энэ нь одоогийн тэтгэвэр авагчдын нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа юм. 
Мөн өнөөдрийн тэтгэвэр авагчдыг мартаж болохгүй. Өнөөдрийн тэтгэвэр авагчид мөн л шимтгэлээ төлөөд ажиллахдаа ажиллаад л 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хуулийн дагуу бүх шимтгэлээ төлөөд явсан. Тэтгэврийн реформ хийнэ, сангийн зардлыг бууруулах гэж байна гээд өнөөгийн тэтгэвэр авагчдын нөхцөлийг жил бүр дордуулаад байж болохгүй. 2024 оны хуулиар дордуулсан шүү дээ. Хэрхэн тэтгэвэр тооцоолж байгааг хүмүүс сайн мэдэхгүй л байх шиг байна. Хуульд сэмээрхэн иймэрхүү томьёо орсон явж байдаг. 30 жил шимтгэл төлсөн хүнийг өнөөдрийн тэтгэвэр бодож байгаа аргачлалаар бодсоноос бага гарч буурах юм. 30-аас дээш жил буюу удаан шимтгэл төлсөн хүний тэтгэвэр өсөх юм. Энэ нь нөгөө талдаа зөв зүйл. Гэтэл сангийн зардал хэцүүдээд тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байна гээд таван жилийн цалингийн дунджаар авч байсныг дахин хэдэн жил ч болгох гээд байгаа юм. Хэд гэдгийг зарлахгүй л байна. Энэ зүйл нь тэтгэвэр авагчдын бодит тэтгэвэрт нөлөөдөг. 
Яаж хүмүүсийн гар дээр очиж байгаа тэтгэврийг багасгах уу, тэгж байж сангийнхаа зардлыг танана гэж болохгүй юм. Хэрвээ дутаад байгаа бол засаг төрийн бодлогоос энэ бүхэн шалтгаалсан тул дотоод зөрүүгээ төсвөөс нөхөх ёстой юм. Мэдээж сангаа үр ашигтай байлгахын тулд хичээх ёстой, ирээдүйн даатгуулагчдаа бодох хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн даатгуулагчид ч хүн юм. Тэдний даатгалын нөхцөлийг дордуулж болохгүй. Тэтгэврийн даатгалын санг бие даалгах тал дээр зохицуулалт хийгдэж байна уу гэвэл хийгдэж байгаа. Өнөөдрийн тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэх гэж буй орлого бусад даатгалын сангуудын чөлөөт үлдэгдлийг банканд байршуулах ёстой юу гэвэл ёстой. Яагаад гэвэл нэг ч төгрөгөөр өсөхгүй. Өсвөл хамгийн бага хувиар өсөөд төрийн санд байлгаж байснаас бидний хадгаламжийн хүүгээс багагүй хувиар хүү бодогдож, нэг банканд бус системийн гэж нэрлэдэг эрсдэл багатай арилжааны таван банканд мөнгийг байршуулах арга хэмжээд аваад явж байгаа нь зөв юм. Өнөөдөр хураасан мөнгийг маргааш бүгдийг нь хамж аваад банканд хийж өсгөх боломжгүй. Хэрэв тэгвэл өнөөдрийн тэтгэврээ олгож чадахгүй юм. Улсын төсөв тэр бүх тэтгэврийн мөнгийг гаргах боломжгүй. Хэрвээ нэрийн дансыг 25 жилийн өмнөөс мөнгөжүүлж, тусгаарласан бол одоогийн нөхцөл байдал арай өөр байх байсан. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн