УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Ирэх оны төслийн хүрээний мэдэгдэл төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна гэж тооцсон байна. Одоо хэд байгааг хэд болгож бууруулах вэ. Ер нь сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчийн тоо хэд хүрээд байна вэ?
Шадар сайд Л.Гантөмөр: Төрийн албан дээр давхардал байна. Энэ талын судалгааг сүүлийн нэг жил гаруй хийсэн юм байна лээ. Давхардлыг нэгдүгээрт арилгана. Жишээ нь, хороо нэгж бүр дээр татвар, нийгмийн даатгалын алба байх албагүй. Дунд байгаа албаа цөөлье. Хоёрт, үйлчилгээгээ цахим руугаа шилжүүлье. Цахим технологи руу хөрөнгө оруулалт хийнэ. 5G технологийг нэвтрүүлэх асуудлыг судлаад компаниудад боломжийг нь олгоод явъя гэж байгаа. 5G нэвтрээд явбал манай цахим технологи илүү сайн болно.
Ажлын хэсгийн гишүүн, ЭЗХЯ-ны мэргэжилтэн Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд нийт 39.3 хувиар өссөн. Задалбал, улс төрийн алба 36.6, төрийн захиргааны албан 31.9, төрийн тусгай алба 70.5, төрийн үйлчилгээний алба 42.7 хувиар өссөн байна. Эндээсээ өсөлтийг нь томьёололд оруулж, салбар салбараар нь буурууулах тооцоо гарсан. Төрийн албаны чиг үүргийн бүрэн шинжилгээ, процессын дахин инженерчлэл хийсний дараа тоо нарийвчлан гарна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Төсөлдөө маш тодорхой 9 хувиар бууруулна гээд заасан байгаа нь маш сайн. Гэхдээ яг одоо хэд байгаа юм бэ гэдэг тоог хэлэхгүй байна ш дээ. Олон нийтэд тодорхой дуулгачихмаар байгаа юм. Тодорхой тоо хэлмээр байна. Тоо байхгүй бол байхгүйгээ хэлээд өгөөч.
Шадар сайд Л.Гантөмөр: Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулах буюу 2153 хүн чөлөөлнө. Тусгай албыг 25 хувиар бууруулахад 12270 хүнийг чөлөөлнө, үйлчилгээний албыг 9 хувиар буруулахад 3658 хүнийг чөлөөлнө, улс төрийн албыг 9 хувиар чөлөөлөхөд 340 чөлөөлнө гэсэн тооцоо гарсан.