АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Персийн булан дахь айлчлалаа гэнэтийн мэдэгдлээр эхлүүлж, олон жилийн турш үйлчилж байсан Сири дэх хоригуудыг цуцална хэмээн зарлалаа. Мөн Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амласан байна.
Цагаан ордны мэдээлснээр АНУ Саудын Арабтай ойролцоогоор 142 тэрбум ам.долларын зэвсгийн багц хэлэлцээр байгуулсан ба үүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн том “батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээ” хэмээн тодорхойлов.
Энэ явдлыг иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн хувьд эдийн засгаа сэргээх томоохон боломж гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа тэргүүлсэн босогчид 2024 оны арванхоёрдугаар сард Башар аль-Ассадын дэглэмийг унагасан билээ.
Трамп Саудын Арабын нийслэл Риядад болсон хөрөнгө оруулалтын форум дээр хоригийг хунтайж Мохаммед бин Салманы хүсэлтээр цуцалж байгаагаа зарлаж, “Би хунтайжийн төлөө ийм зүйл хийж байна шүү” хэмээн хошигножээ. Тэрээр хоригууд чухал үүрэг гүйцэтгэсэн ч одоо Сирийг урагш ахиулах цаг болсныг онцлов.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын гадаад бодлогын томоохон эргэлт бөгөөд 1979 оноос хойш хэрэгжиж ирсэн терроризмын эсрэг хоригийн бодлогыг өөрчилж буй явдал юм.
Айлчлалын үеэр Трамп, бин Салман нар эрчим хүч, батлан хамгаалах, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 142 тэрбум ам.долларын зэвсгийн хэлэлцээрт 10 гаруй АНУ-ын батлан хамгаалахын компани хамрагджээ. Саудын тал гэрээний хүрээг 1 их наяд ам.долларт хүргэх боломжтой гэж мэдэгджээ.
Саудын Араб АНУ-ын зэвсгийн томоохон худалдан авагч бөгөөд газрын тос, аюулгүй байдлын харилцан ашигтай хамтын ажиллагаагаар олон арван жил холбоотой байсан. Гэсэн ч 2018 онд сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн хэргээс хойш харилцаа хурцадсан. Трамп уг хэрэг явдлыг дурдаагүй бөгөөд бин Салманыг “гайхалтай хүн” хэмээн магтсан байна.
Трамп айлчлалаа Катар, Арабын Нэгдсэн Эмиратад үргэлжлүүлэх бөгөөд хөрөнгө оруулалт төвтэй энэхүү аялалд Илон Маск, Сэм Алтман, Ларри Финк, Стивен Шварцман зэрэг АНУ-ын бизнесийн манлайлагчид оролцож байна.