Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер-с үүдэлтэй нийт 584 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Насны хувьд 10-19 насны иргэд энэ төрлийн осол гэмтэлд илүү өртсөн байгаа юм. Мөн нийт тохиолдлын 94 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн тоон мэдээллээс үзэхэд унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй /суррон/-наас үүдэлтэй нийт 206 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Манай улсад нэвтэрсэн шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүдийн ангилал, тодорхойлолт, энэ төрлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн эрх, үүрэг одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмээр тодорхой зохицуулалтгүй байгаа юм. Мөн энэ төрлийн тээврийн хэрэгслийг Монгол улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж нийтэд төлбөртэй ашиглуулах үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй аж.