Open iToim app
Хөндөх сэдэв | 10 мин уншина

БАЙР СУУРЬ: Эх орондоо хайртай ч шударга бус нийгэм шантрахад хүргэж байна

БАЙР СУУРЬ: Эх орондоо хайртай ч шударга бус нийгэм шантрахад хүргэж байна
Нийтэлсэн 0 минутын өмнө
Монголд 20 гаруй настай залуус хэрхэн амьдарч байна, орлого нь зарлагаасаа илүү гарч, өгч буй татвартаа сэтгэл хангалуун байгаа эсэх талаар GEN Z үеийн дөрвөн залуутай ярилцлаа. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд гадаад улсад ажиллах, амьдрах залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймд үүнийг хэрхэн харж байгаа, эх орондоо ажиллаж амьдрахад тулгарч буй бэрхшээл талаар байр суурийг нь сонслоо 

Б.Оюунсайтар: Миний үр хүүхдийн үед сайхан болно гэж бидний ээж, аав ярьж байсан. Гэвч сайхан болсонгүй

undefined
Premier Sports network болон Хөгжил телевизэд сэтгүүлч, тайлбарлагч Б.Оюунсайтар: Манай үеийнхний орлого, зарлага яг таараад байх шиг байна. Илүү зарцуулахыг хүсвэл заавал зээл авдаг жишиг байна. Жишээлбэл, байрны лизингтэй эсвэл түрээсэлдэг, цалингийн зээл, аппликейшны зээл олноороо авдаг. Миний хувьд хоёр ажил хийдэг болохоор орлого нь арай илүү байдаг. Гэхдээ эхнэр хүүхдээ хараад гэртээ байгаа учраас гэрийн орлогын эх үүсвэр нь болдог. Ер нь мөнгө хэмнэх тухай байнга бодно. Яаж, хаанаас хямдхан зүйл авах уу, аль нь хэрэгтэй вэ гээд маш их төлөвлөж байгаад худалдан авалт хийдэг. Азтай нь, сайн ээжийнхээ буянд өөрийн гэсэн байртай. Байрны түрээс, лизинг төлдөггүй учраас бусдаас илүү давуу талтай.
Германд 30-40 хувийн татвартай байдаг. Гэхдээ үүнийгээ дагаад үйлчилгээ нь бүгд үнэгүй. Манай татвар 10 хувь ч нэмүү өртөг шингэсэн албан татвар өндөр байгаа. Эрүүл мэндийн даатгал гэдэг нь цаасан дээр л байдаг зүйл. Сар бүр нэг хүнээс 50 мянган төгрөг аваад байдаг мөртлөө буцаагаад ямар ч зарцуулалтгүй. Жишээлбэл, хувийн эрүүл мэндийн даатгалд сар болгон 50 мянган төгрөг төлөөд жил болоход надад илүү даатгалын үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ. Тогтолцоо, татвар үр дүнгүй учраас авч байгаа мөнгө их юм шиг харагддаг.
Одоо орлогын албан татвар бууруулъя гээд байгаатай санал нэгдэж байна. Монголд амьдрах нөхцөл хүнд байгаагаас болж илүү таатай нөхцөлийг сонгож байгаа байх. Хоёрт, хэдий сайхан амьдарч байгаа ч шударга бус зүйлтэй их тулгарч байна. Гэрээсээ гараад гудамжаар хүүхдээ хөтлөөд, түрээд явахад зам нь ямар байгаа билээ. Хэчнээн их орлоготой, хамгийн үнэтэй байранд амьдардаг байлаа гээд өвөлдөө утаатай байна. Ялангуяа дөнгөж гэр бүл болж буй залуус хүүхдээ ийм орчинд өсгөмөөргүй байна гэж боддог юм байна. Гадаадад бүр амьдарч чадахгүй юмаа гэхэд өвлийн 1-2 сар гадаадад байя гэдэг хандлага байгаа. Би ч мөн адил хэрэгжүүлж үзсэн. Гэр бүлээрээ гадагшаа явах гэж хэд хэдэн удаа оролдож үзээд бүтэлгүйтсэн. Австрали явах гэж байгаад хүүхэдтэй болсон тул түр хугацаанд хойшлуулсан. Мөн АНУ руу хэд хэдэн удаа визэнд орсон ч гараагүй. Монголд цалин бага байна. Амьжааргааны зардал өндөр, орчин таагүй. Ер нь их стресстэй байна. Цахим орчинд өдөр бүр сайн биш муу мэдээ хараад байхаар үнэхээр стресстдэг. Ямар сайндаа 30 хүрээгүй байж үс хоёр удаа халзарсан. Стрессийн үс халзралт гээд эмнэлэгт хэвтэж үзсэн. 
Үнэндээ виз нь гарахгүй байгаа болохоор эх орондоо амьдарч байна. Виз гарвал явна л гэж бодож байна. Хоёрт, би хийхгүй бол өөр хэн хийх вэ гэдэг асуулт байна. Хэдийгээр бүгд гадагшаа гарахыг хүсэж байгаа ч боломж 1000 хүнээс 1-д нь л олдоно. Хууль ёсны визээ аваад 3 сая хүнээс 30-40 мянган хүн нь л явж байгаа. Тэгэхээр үлдсэн нь тамын тогоондоо амьдраад байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн төлөө хичээх ёстой. Иймдээ ч сүүлийн хоёр жил нийгэмдээ тусдаа байхын тулд олон зүйл хийж байгаа. Эх орондоо амьдрах шалтгаан нь өөрөө энэ нийгмээ өөрчлөхийн тулд хичээж байна. Ажил, амьдралаараа үлгэрлэхийг хичээж, үр хүүхдээ ч тийм хүн болгоно гэж боддог.
"Миний үр хүүхдийн үед сайхан болно" гэж бидний ээж, аав ярьж байсан. Гэвч сайхан болсонгүй. Одоо бидний хүүхдийн үед үүнээс дордоно гэдгээс айж байгаа учраас хатуу шаардах хэрэгтэй байх. Би амьдралдаа жагсаалд оролцож үзэж байгаагүй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг огцор гээд жагсаал болбол оролцоно гэж бодож байгаа. Амиа бодохгүй бүгдээрээ сайхан амьдаръя. 

О.Нандинцэцэг: Төр засгийн муу байгаа нь эх орноо үзэн ядах шалтгаан болохгүй

undefined
Эрх зүйч О.Нандинцэцэг: Их сургуулиа 2023 онд төгсөөд хоёр жил гаруй ажиллаж байна. Орлого, зарлага нь хувь хүний өөрийн санхүүгийн асуудал ч гэсэн инфляц болон нийгмийн ерөнхий байдал нөлөөлнө. Миний хувьд орлогынхоо дийлэнх хувийг хэрэглээний зардалдаа зарцуулдаг. Өөрийн хүссэн хэмжээнд хадгаламж бүрдүүлж чаддаггүй. Сүүлийн үед дундаж цалингийн хэмжээ өсөж байна гэсэн мэдээллүүд гарч байгаа ч Улаанбаатар хотод амьдрах өртөг улам л өндөр болж байна. Тийм учраас залуус гаднын орныг зорьж байна. Мэдээж хүмүүс амьдрах хэрэгтэй. Хүүхэдтэй болбол сайн боловсрол эзэмшүүлэх нь эцэг эх хүний наад захын хүсэл шүү дээ. Түүнийгээ биелүүлэх, мөнгө хураах эсвэл магадгүй сурч боловсрох зэрэг олон шалтгаанаар гадагшаа явж байгаа. 
Төр үүссэн цагаас татвар бий болсон. Татвар төлөх үндсэн үүрэгтэй. Тэгэхээр татвар төлөхийг буруутгахгүй. Монгол Улсын иргэний хувьд үндсэн үүргээ биелүүлэхийн тулд хичээж байгаа. Гэвч улс төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйгүй, авлигын шинжтэй үйлдлүүд, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй маш их хэмжээний зардал гэх мэтчилэн шударга бус байдлууд нь иргэдэд татвар болон нийгэмд амьдрах итгэлийг бууруулж байна. Энэ нь татварын дарамт их байгаа мэдрэмжийг илүү их өгдөг. Ялангуяа ард түмний амьдрал хэцүү, зарлагаа дийлж чадахгүй маш олон зээлтэй, арай чүү амьдралаа авч явж байхад иймэрхүү шударга бус мэдээлэл гарах, улстөрчид, шийдвэр гаргагчдын увайгүй үйлдэл илүү эмзгээр тусаж байна. Хэрэв энэ цаашаа даамжирч хүн болгон татвар төлөх хэцүү байна гэж бодвол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй.
Ард иргэд жагсаж, Засгийн газар огцрохыг шаардвал яах вэ. Гэтэл Засгийн газар ард иргэдийнхээ нөхцөл байдал, ямар ёс зүйн үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ойлгохгүй байгаа нь хэлэх үггүй болгож байна. Өвөл болохоор хамгийн наад захын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөөс эхлээд хэцүү байна. Гэхдээ үүнээс илүү иргэд өмч, хөрөнгөтэй байх эрхтэй. Баялаг бүтээх, бизнес эрхлэх боломжтой байх эрхтэй. Тэгвэл иргэд байгаа орчноо эрүүл, аюулгүй болгох боломжтой. Гэтэл бидэнд маш олон дарамт байна. Олон зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Хөрөнгө оруулагч компаниуд татъя гэхэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин нь хэцүү учраас орлого олох бүх зүйл хязгаарлагдмал, боломжгүй.
Ерөнхийдөө том амбицтай, гоё зорилготой амьдрахад хэцүү. Өдөр тутмын амьдралыг барж өнгөрөөж байгаа. Хувь хүний хүлээх үүрэг байгаа ч гэсэн нөгөө талаас төр засгийн бүрдүүлж байгаа эрх зүйн орчин нь хүндээ ээлгүй байна. Төрийн оролцоо, албан хаагчдын тоо их. Ажиллахаар бол бүх эрх зөрчигдөж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ төр засгийн муу байгаа нь эх орноо үзэн ядах шалтгаан болохгүй. Монгол хүн болж төрсөндөө баярладаг. Монгол Улсдаа бол хайртай.
Миний хувьд гадагшаа явж сурч боловсрохыг бодож байна. Гэхдээ Монголдоо амьдарна гэж боддог. Магадгүй ээж хүний сэтгэлээр харвал эмзэглэмээр зүйл олон гарч ирэх байх. Яамаар ч юм дээ. Яах вэ гэдэгтээ тулаад байна. Гадагшаа явлаа гэхэд ийм орчинд гэрийнхэндээ маш их санаа зовж байна. Ийм орчинд ээж, дүү нар үлдэнэ гэж бодохоор хэцүү санагддаг. Энэ нь өр өвтгөдөг. Олон аав, ээжүүд хүүхдээ орхиод Солонгос эсвэл бусад орон руу ажил хийх гээд явж байгаа нь сэтгэлийн хатуу, хөтүү зүйлийг туулж гарч байгаа байх. Гэтэл ард иргэдийн хэцүү бодит байдлыг үл харгалзан авлигал хээл хахуулийн төлөө дээд албан тушаалтнууд ажиллаад байгаа нь шударга бус байна. Авлига, хээл хахууль буураасай. Ийм шударга бус нийгэм нь өөрөө шантрах бас нэг шалтгаан болж байна.

Ж.Сүхбат:  Монголоос гадаад руу гарах залуусын урсгал нэмэгдэж байгаа нь цалин хөлс, хөдөлмөрийн мөлжлөг, залуусыг дэмжих бодлогогүйгээс шалтгаалж байна

undefined
Pineapple LLC Mongolia компанийн захирал Ж.Сүхбат: Миний орлого, зарлагын хувьд тэнцүү байгаа. Магадгүй зарлага нь илүү гарах тохиолдол олон байгаа. Эрүүл аюулгүй орчноос эхлээд Монгол Улсад асуудал олон. Иймд гэнэтийн зардал их. Тэгэхээр сүүлийн таван сарын хугацаанд зарлага нь орлогоосоо илүү гарч буй. Миний үеийн компаниа нээгээд амжилттай яваа залуус байна. Зарим нь хахаж цацталаа баяжаад хэн нэгэнд мөнгө төгрөг өгөөд гоё яваад байх шиг байгаа. Харин зарим нь өдөрт хоёр пирожки идээд оюун болоод цагийн ажил хийгээд явж байна. Яг ийм байна гэсэн оновчтой хариулт байхгүй. Монголоос гадаад руу гарах залуусын урсгал нэмэгдэж байгаа нь цалин хөлс, хөдөлмөрийн мөлжлөг, залуусыг дэмжих бодлогогүйгээс шалтгаалж байна. Хоёрт, татвар гэдэг дарамт, айдас бий. Харь нутагт ажиллаж байгаа залууст бенз авч өгөх мөнгө байхгүй ч гэсэн приус 30 машиныхаа лизинг төлөх гэж хичээж байна.
Монголд үлдвэл залуус хоёр өрөө байртай болох мөрөөдөлтэй болоод байгаа. Иймээс гадаад руу гарч өөрсдийгөө хөгжүүлж эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр хүүхдүүдээ утаагүй, түгжрэлгүй, стрессгүй нийгэмд амьдруулахыг хүсдэг. Иймдээ ч жилд олон хүн гадагшаа гарч байна. Жишээлбэл, манай байгууллагаар дамжин 2025 онд 200 гаруй сурагчид гадаад улс руу явсан. Бусад олон байгууллагаар хэдэн хүүхэд гадагшаа сурах, ажиллахаар явж байгааг мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд бүгд л явъя гэж ирж байна. Залуу хүн гэлтгүй хөгшин хүн ч явъя, ажил хийе гэж буй. Нийгэм ийм болсон байна. Миний өгч байгаа татвар хэн нэгний цүнхний мөнгө болоод явж байгаад үнэндээ гутарч байна. Надад 3.5 сая төгрөгийн татварын өр байгаа. Төлж чадахгүй л явж байна. Гэтэл тэнд 30-40 саяар тансаглаж байна гэхээр залуу хүний хувьд эмгэнэл. Энэ тохиолдолд татвараа үнэнч төлсөн нь буруутан болоод үлдэж байгаа. Би гадаадад сурч байгаад ирсэн болохоор эх орондоо амьдрахад гоё байна. Элэг нэгтэй хүмүүстэйгээ амьдрахад ядаж ойлголцоод сэтгэлээ нээгээд ярих боломжтой. Улс төрийн мөлжлөг, өөдөө гаргах сэтгэлгээ байхгүй байгаа нь хүнд байгаа ч хоногийн хоолоо зогоогоод хүмүүс цалинжуулаад явж байна. Миний хувьд эх орондоо амьдарна гэж боддог. Тартагтаа тулан хэцүү нийгэм байхгүй байгаа. Боломжийг дахиад бүрдүүлээд, дэмжээд өгчих л хэрэгтэй. Залуус галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй цоглог шүү дээ.

Д.Сугармаа: Монголд амьдрахад олон асуудал байгаа учраас хүнтэй суух ч зориггүй болж байна

undefined
Freelancer, оюутан Д.Сугармаа: Багадаа мөрөөдлөө бичиж байсан дэвтрээ саяхан олсон юм. Түүнийгээ уншихад 25 насандаа таван салбартай групп компани байгуулсан баян эгч болно гээд бичсэн байсан. Ямар гэгээн мөрөөдөл вэ гэж бодсон. Одоо 26 нас хүрээд харахад тэнд бичсэн мөрөөдлүүд боломжгүй зүйл байсан байна. Гэхдээ хүн хичээвэл болох л байх. Монголд оюутан байгаад хажуугаар нь амьдрах хэцүү байгаа. Хичээлтэй үед бараг бүтэн жил 3 цагийн нойртой яваад түүнээсээ болоод бие өвдсөн. Их сургуульд сурч байгаа болохоор ажиллахгүй бол мөнгө багатай. Сүүлийн 2-3 жил байнга аппликейшний зээлтэй байгаа. Өрийн циклээсээ гарахын тулд байнга бүсээ чангалж, чармайж байна. Манай найзуудын амьдрал ч ер нь ижилхэн. Боломжтой байвал нэгнийгээ даагаад боломгүй байвал зээлээд л амьдарч байна. Хүмүүс залуус Монголоос дүрвэж байна гээд сүртэй мэдээ бэлдээд буруутгаад байдаг. Гэхдээ надад бол тийм буруу санагддаггүй. Хүний амьдралын эцсийн зорилго амар тайван амьдрах. Монголд амьдрах нөхцөл нь хангалттай сайн биш байгаа учраас залуус явахаас өөр аргагүй байгаа байх. Гадаадад хамаагүй сайн сайхан амьдралын орчин нөхцөл байна. Хүндээ зориулсан үйлчилгээ нийгэмтэй байгаа учраас хүмүүс яваад байгаа. Боломжтой бол бас явмаар байна.
Монголд аав, ээжийнхээ хажууд байрны түрээс, ус, цахилгааны мөнгө төлөхгүй, хоолны мөнгөнд зардал гаргахгүй учраас ганц бие хүн амьдарч болоод байгаа. Бие даагаад тусдаа гараад амьдарвал чадахгүй санагдаад, бас хүнтэй сууж чадахгүй байгаа. Авч буй цалин амьдралд угаасаа хүрэхгүй. Арай гэж ажиллаад цалин авахад татвар гээд амьдралд тодорхой хэрэгцээтэй хувийг нь авчихдаг. Гэтэл татвар нь амьдралд ямар ч үр шим байхгүй байгаа. Иймэрхүү асуудлууд байгаа учраас хүнтэй ч сууж чадахгүй байна. Хүнтэй суух ч зориггүй болсон. 2025 оноос өмнөх 4-5 жил үнэнчээр татвараа төлсөн. Гэтэл оны өмнө бие маш их өвдөөд улсын эмнэлгээр үйлчилгээ авах гээд очтол сарын дараа л үзүүлэх цаг байсан. Үзүүлэх цагаа сар хүлээвэл өвчин илүү хүндрэх цаашлаад амь насанд ч эрсдэлтэй. Тухайн үед өөрийнхөө эрүүл мэндийг бодоод 2-3 сая төгрөг зарцуулаад хувийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэр үед би их хэмжээний татвар төлсөн боловч шинжилгээ ч өгөх боломжгүй байгаа тул итгэл алдарсан. Иймд түүнээс хойш татвар төлөхгүй ажиллаж байгаа. Би 2021 онд Монголд амьдрал байхгүй юм байна. Монголоос явъя гэж шийдсэн байсан. Гэхдээ санамсаргүй байдлаар ажилд ороод Монголд үлдэх ёстой гэсэн мэдрэмж өгсөн. Хотын захын дүүргийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагад ажилласан л даа. Тухайн үед ажиллаж байхад миний хийх зүйл байгаа юм байна. Эх орондоо хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэдэг итгэл үнэмшлийг олж авсан. Тэр итгэл үнэмшлээрээ өдрүүдийг давж байгаа. Сайн боловсон хүчин болж салбартаа мэргэжлийн байдлаар дуугардаг хүн болох юмсан гэж бодож байгаа учраас эх орондоо үлдэж байгаа. Ахиад сурч мэргэжлээ дээшлүүлж амьдармаар л байна. Гэхдээ бас шантрах юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн