Open iToim app
Анализ | 4 мин уншина

Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн тансаг хэрэглээнд хариуцлага тооцдог дэлхийн жишиг

Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн тансаг хэрэглээнд хариуцлага тооцдог дэлхийн жишиг
Нийтэлсэн 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз охин Ө.Өгөөмөр нарын тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, энэ долоо хоногийн онцлох сэдэв болоод буй. 20 гаруйхан настай, хувийн орлогогүй, албан ажилгүй залуус ийм өндөр хэрэглээг ямар эх үүсвэрээр санхүүжүүлж байгааг иргэд сонирхож, орлогоо нотлохыг шаардаж байгаа билээ.
Дэлхийн олон улс оронд төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийнхэн, хүүхдүүд нь эрх мэдлээ урвуулан ашигласан, эсвэл тансаг хэрэглээгээ олон нийтэд гайхуулсан үйлдлээс үүдэн огцрох, ажлаа өгөх, эсвэл шүүмжлэлд өртөж нэр хүндээ алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор дэлхийн жишигт энэ мэт үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэдгийг харцгаая.
Австрали – Жо Хайлен (2025 он)
Австралийн Тээврийн сайд Жо Хайлен татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг жолоочийг олон удаагийн хувийн ажил, аялалдаа ашигласан нь ил болсон юм. Тэрээр энэ хэргийн улмаас олон нийтийн шүүмжлэлд өртөж, эцэст нь огцорсон бөгөөд аялалтай холбоотой зардлыг буцаан төлж байжээ.
Малайз – Нажиб Разак ба Розма Мансор (2018)
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний эхнэр Розма Мансор нарын гэрээс 500 гаруй тансаг цүнх, үнэт эдлэл, их хэмжээний бэлэн мөнгө олдож байв. Үүнээс үүдэн 2018 онд Нажиб сонгуульд ялагдаж, хожим нь авлигын хэргээр ял сонссон.
Серби – Синиша Мали (2023–2025)
Сербийн Сангийн сайд Синиша Мали хүүхдүүдээ албан ёсны орлогоосоо давсан төлбөртэй элит сургуульд сургаж байсан нь ил болж, 2023 онд мөрдөн байцаалт эхэлжээ. Тийнхүү хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр түүний эзэмшдэг оффшор компаниудаар дамжин төлөгдсөн нь баримтаар тогтоогдсон юм. Одоогоор мөрдөн шалгалт үргэлжилж байгаа аж.
Ангол – Наулила Диого (2014)
Анголын сайдын охин Наулила Диогогийн 200,000 ам.долларын үнэтэй хуримын даашинз худалдаж авч байгаа нь АНУ-ын “Say Yes to the Dress” нэвтрүүлгээр гарч, олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тухайн үед энэхүү тансаг хэрэглээг нь төрийн албан тушаалтнуудын ил тод бус орлогын илрэл хэмээн олон нийт үзэж байв.
Молдав – Лука Филат (2015)
Молдавын Ерөнхий сайд асан Влад Филатын хүү Лука Филат Лондонд жилийн 390,000 фунтын түрээстэй пентхауст амьдарч, Бентли унадаг байжээ. Эцэг нь 1 тэрбум ам.долларын банкны луйврын хэргээр 2015 онд ял авсан бөгөөд хүүгийн тансаг хэрэглээ 2019 онд хөрөнгийг нь царцаахад хүргэсэн юм.
Киргизстан – Бакай Матраимов (2020)
Киргизийн Гаалийн газрын орлогч дарга асан Раймбек Матраимовын хүү Бакай инстаграмд үнэтэй бугуйн цаг, дизайнерын хувцас зэрэг тансаг хэрэглээгээ нийтэлдэг байж. Энэ байдал нь төрийн албан хаагчийн орлоготой зөрчилдсөний улмаас 2021 онд эцэг нь авлигын хэргээр торгууль хүлээж, АНУ-аас түүнд хориг тавьж байжээ.
Франц – Франсуа Фийон (2017)
2017 онд Францын Ерөнхий сайд Франсуа Фийон эхнэр болон хүүхдүүдээ “хуурамч” албан тушаалд ажиллуулж, нийт 1 сая еврогийн цалин өгсөн хэргээр шалгагдсан. Улмаар ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан тэрээр сонгуульд ялагдаж, хожим нь ял шийтгэл хүлээжээ.
Филиппин – Паоло Дутерте (2017)
2017 онд Филиппиний Давао хотын дэд дарга Паоло Дутертегийн охины 1,000 ам.долларын үнэтэй тансаг цүнх үүрч сургуульд очсон зураг олон нийтэд цацагдаж шүүмжлэлд өртөж байв. Үүний зэрэгцээ тэрээр өөрөө хууль бус наймаа, тансаг амьдралтай холбоотой шуугианд өртөж, улмаар ёс суртахууны хариуцлага хүлээн огцорсон.
Хятад – Жоу Бэншүн (2015)
2015 онд Хятадын Хэбэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Жоу Бэншүн төрийн нөөц, албаны машин, ажилтнуудыг хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь илэрч, авлигын хэргээр шалгагдсан. Улмаар тэрээр Хятадын Коммунист намаас хөөгдөж, 15 жилийн хорих ял сонссон.
Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудын тансаг хэрэглээтэй хүүхдүүдийг (Tàizǐdǎng) буюу “Ханхүүгийн бүлэг” гэж нэрлэдэг. Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд тэдгээр хүмүүс орлогоо нотолж чадахгүй бол улс төрөөс шахагдаж, зарим нь шийтгэл хүлээдэг болсон.
Филиппин – Имелда Маркос (1986)
Филиппиний Ерөнхийлөгч асан Фердинанд Маркосын эхнэр Имелда Маркос 3000 гаруй хос тансаг гутал цуглуулсан гэдгээрээ алдаршсан. Энэ мэт тансаг хэрэглээ болон авлигын хэргүүдийн улмаас 1986 онд ард түмний бослого гарч, Маркосын гэр бүл улс төрөөс арчигдаж байжээ.
Украин – Виктор Януковичийн гэр бүл (2014)
Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн гэр бүл, ялангуяа түүний хүү Александр улс төрд орсныхоо дараа гэнэт тансаг амьдралтай болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, 2014 оны “Евромайдан” бослогын гол шалтгаан болж байв. Тийнхүү Виктор Януковичийг огцорсны дараа тэдний хөрөнгийг царцаах ажлыг эхлүүлсэн байна.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн