Монголын Үндэсний бөхийн холбооноос нийгмийн сүлжээгээр эрээ цээргүй авирлаж монгол бөхийн нэр хүндэд халтай гаж үйлдлүүд гаргаж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхгүй байх уриалга гаргалаа.
Түүнчлэн, тус уриалгад сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжуулан олон нийтэд танил болох гэсэн хүмүүс олширсон. Үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглаж, өөрсдөдөө зохиомол нэр өгч, нийгмийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг гаргаж байгаа гэдгийг онцолсон байна. Энэ хүрээнд дээр дурдагдсан зарим иргэний үйлдлүүдийг эрх бүхий байгууллагаар шалгуулж байгаа аж. Монгол Үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, бөхийн барилдаан зохион байгуулах, олон нийт, бөх болон жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах ажиллах, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.