Ард түмний нэрлэж заншсанаар “Авлига хороолол”-ын хоёр блокийг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны долдугаар сард гарч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж, өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Харин энэ хугацаанд "Авлига хороолол"-ын барилга бүрэн сүндэрлэж, иргэдээс захиалга авч эхлээд байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шүүхийн маргаантай байгаа "Aqua Garden" хорооллын барилга дээр Улсын комисс ажиллахгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй учраас иргэдийг тэндээс байр захиалахдаа болгоомжтой хандахыг анхаарууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан: "Авлига хороолол" гэж нэрлээд "Aqua Garden"-ий барилгатай холбоотой шүүхийн маргаан хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр өнөөдрийг хүртэл байна. Хэргийг шийдэхгүй байж Нийслэлийн Засаг даргын албадан нураах захирамжийг түдгэлзүүлсэн.
"Aqua Garden"-аас байр захиалж байгаа иргэдэд зөвлөхөд барилгын ажлын зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь түлгэлзсэн барилга дээр улсын комисс ажиллахгүй байх хуультай. Улсын комисс очиж ажиллахгүй учраас энэ барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, таны албан ёсны өмч хөрөнгө болж чадахгүй шүү гэдгийг анхааруулъя.