Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага оролцлоо.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэхүү гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр бодитоор эхлүүлж байна.
Энэхүү төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.
Барилга угсралтын ажлыг 2025 оны тавдугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх байна.
Харин төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан хэлж байгаа. Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аж.
Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
3. Эрчим хүчний дэд бүтэц
5. Дохиолол, холбооны систем
7. Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.