Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Г.Машбат: Хаврын улиралд мацаг барих, фитнест явах нь хүний эрүүл мэндийг доройтуулдаг

Г.Машбат: Хаврын улиралд мацаг барих, фитнест явах нь хүний эрүүл мэндийг доройтуулдаг
Нийтэлсэн 1 минутын өмнө
"Ачуут гол" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай ядаргаа, түүний шалтгаан нөхцөл, тайлах үр дүнтэй аргын талаар ярилцлаа.
-Ядаргааг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд хүн төрөлхтний дунд тохиолдож байгаа өвчлөлийг маш их судалж байна. Хэдхэн жилийн өмнө болсон ковид буюу цар тахлаас өмнөх үед байсан амьдралын хэв маяг дэлхийн найман тэрбум хүнд тохиолдож байгаа өвчлөлийн хэв шинж маягууд ковид, вакцинаас хойш өөр хэв шинж, хүндрэлүүдтэй болсон байгаа. Ялангуяа Монгол Улс нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуй эрхэлдэг, байгальтайгаа харьцдаг, гэрт амьдардаг байсан. Амьдралын хэв маяг нь чөлөөтэй, стрессгүй, эрүүл хооллолттой хэв маягаас суурин соёл иргэншил рүү шилжиж байгаа. Энэ цаг үед өөрчлөлтийг дагаж гарч байгаа асуудлууд олон өвчлөлийн суурь болж буй. Жишээлбэл, морь унадаг байсан бол автомашин унадаг болсон. Агаарын солилцоо сайтай гэрт амьдардаг байсан, нүүдэллэдэг хөдөлгөөнтэй хэв маягаас орон сууц, байшинд амьдардаг болсон. Үүнээс шалтгаалаад хөдөлгөөний дутагдалд орж байна. Монголчууд байгалийн гаралтай ямар нэгэн элдэв хольцгүй, химийн консервант бодисгүй, нүүрс усны агууламж багатай цагаан идээ голлосон улиралын хооллолтой байсан. Харин өнөөдөр глобалчилагдсан хоол руу шилжлээ. Дэлхийн улс орон бүрд байдаг бүх том дэлгүүр Монголд нээгдлээ. Үүнийг дагаад бүх хоол хүнс Монголд орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор монгол ген, хүний бие организм өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг бид бодисын солилцооны өвчлөл, ядаргаа гэх зэргээр томьёолж байгаа. Бүх зүйл цаг хугацаатай уралддаг, асар хурдтай амьдралын хэмнэлээс болоод хүмүүс нойргүйддэг, ядардаг, хооллолтын хэв маяг нь буруу болж байна. Хүмүүс дэлгэцийн хамааралтай болсноос болж шөнийн нойр их хэмжээгээр багасаж байгаа. Тэгэхээр хүний ажил, амьдралын эрүүл тэнцвэр алдагдсанаас болоод мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, тураал, дархлаа суларснаас болж хоёрдогч янз бүрийн өвчин ихсэж байгаа. Энэ нь нийгэм, хөгжлийн хүчин зүйлээс хамаарч байна. Тийм учраас төрийн бодлогоор ялангуяа залуус руу чиглэсэн архаг ядаргаанаас сэргийлсэн суурь эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөнийг зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол монгол хүний яс чанар муудаж байгаа. Ядаргаа цаашдаа улам ихэснэ.
-Махбодоос шалтгаалж ядаргаанд өртөх эрсдэл тодорхойлогдох уу?
-Шууд тодорхойлогдоно. Жишээлбэл, бадган махбодтой хүмүүс ядаргаанд өртөх эрсдэл бага. Хий махбодтой буюу хурдан хөдөлгөөнтэй, маш их ярьдаг, нойргүй, стресстдэг  хүмүүс мэдрэлийн хувьд тогтворгүй байна гэсэн үг. Гэнэт баярлана, гомдоно. Ийм хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох, стресс, сэтгэл гутрал, хөөрөлд өртөх магадлалтай. Тиймээс уламжлалт эмнэлэгт хандаж шинжилгээ өгснөөр махбодоо тодорхойлуулах боломжтой.
-Хаврын улиралд хүмүүс илүү ядаргаанд ордог ажиглагддаг. Энэ нь байгаль холбоотой юу?
-Амьд амьтан бүхэн байгалиас 100 хувь хамааралтай. Бид байгалийн бүтээгдэхүүн. Тийм учраас уламжлалт анагаах ухаанд өвлийн улиралд хүний биеийн бүх хүч нь жигдэрдэг. Яагаад гэвэл зун, намрын улирал энергиэ аваад өвлийн хүйтнийг давж гардаг. Тухайн үед идэш гээд бид махан хоол иддэг. Тэгвэл хаврын улиралд элэг, цөсний үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Хүмүүсийн дархлаа суларна. Хаврын улиралд настай хүмүүс илүү өвдөнө. Бид уламжлалт анагаах ухааны онолоо мэдэхгүйгээс болж хаврын улиралд мацаг их барьж буй. Гэтэл мацаг барихыг улирлаас шалтгаалж хийдэг. Хүний бие организм унадаг, дархлаа сулардаг хаврын улиралд хэзээ ч фитнест явах, төмөр өргөх, турах зорилгоор бэлдмэл уух, хоолны мацаг барих нь зохимжгүй. Тэгэхээр бид цаг, улиралтай уялдуулж амьдралынхаа хэмнэлийг тааруулах ёстой. Хүн болгон адилгүй. Уламжлалт анагаах ухаанд хувь хүний өвөрмөц чанар гэж байдаг. Элэг цэвэрлэх хөтөлбөрт 100 хүнийг оруулахад тэднээс нэгхэн хүнд таараад 99-т нь таарахгүй байж болно. Тэгэхээр өөрийн биеийн онцлогоо тодорхойлохгүйгээр хүмүүс сайн гэсэн болгоныг хэрэглээд байж болохгүй. Хаврын улирал хүч, тамир алдах зүйлийг багасгах ёстой.
-Тэгвэл хаврын улиралд юу хийвэл зохимжтой вэ?
-Хавар шим тэжээлээ сайн авах ёстой. Шимгүй хоол гэдэг нь пицца, хагас боловсруулсан бургер, кола зэрэг орно. Эдгээр нь асар их нүүрс усыг агуулдаг учраас таргалуулдаг, хөөлгөдөг. Хаврын улиралд бадган ихэсдэг учраас хөнгөн, шим тэжээлтэй хоол идэх, амрах нь зүйтэй. Хэт их ачаалал авч энерги зарцуулбал бие улам суларна, ядрах, шөрмөс татах, нойргүйдэх, зүрх дэлсэх шинжүүд нэмэгдэнэ гэсэн үг.
quote photo
Хүмүүсийн бие организмаас гадна сэтгэл санаа өвчлөөд байна. Тэгэхээр хэл яриагаа өөрчлөхгүй бол ядаргаа засагдахгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй, хов живээр хооллож, би чадахгүй, мэдэхгүй гээд байх нь муу зүйлийг дууддаг. Оюун санаа сайн бодлоор хооллодог. Бидэнд амаар идэх хоолноос гадна сайн зүйлийг харах, сонсох, амтлах, үнэрлэх мэдрэхүйн таван эрхтнээр таатай хүнтэйгээ хамт байх хэрэгтэй. 
Г.Машбат
-Ядаргаа нь ясандаа тулсан гэж их ярьдаг. Архаг ядаргаатай удаан явлаа ч гэдэг. Ядаргаагаа тайлахгүй удаан явснаар хүний биед ямар сөрөг үзүүлэх талаар тайлбарлахгүй юү?
-Ажил, амьдралын хэмнэлээ зөв зохицуулж чадахгүй удаан явснаар биеийн байдал улам хүндрэхийг л хэлнэ. Ядаргаа ясандаа тулна гэдэг нь өмнө нь өндөр настай буюу 70, 80 настай хүмүүс дээр яригддаг үг байсан. Гэтэл өнөөдөр 20-25 настай хүн ядарч байна. Тэгэхээр ядаргаа ясандаа тулна гэдэг ойлголт залуужсан. Энэ нь амьдралын буруу хэв маягтай холбоотой. Монголчууд нийтлэгээрээ гадна өнгө төрхдөө илүү анхаарч байна. Гэтэл өндөр хөгжилтэй оронд гадна хувцсаараа биш эрүүл мэндээрээ гангардаг. Бид гаднаа гяланцаг, дотроо паланцаг байгаа. 
-Ядаргаа тайлах хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Ядаргаанд орвол витамин хийлгэх ёстой гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл боллоо. Америкаас ирсэн том савтай витамин уух, дусал хийлгэснээр ядаргаа тайлдаг гэсэн хэвшмэл хуучны ойлголт байсаар байна. Хүний бие ядарсан байхад та хэчнээн витамин уугаад, дусал, үнэтэй антибиотик хийлгэсэн ч нэмэргүй. Хэрвээ та махбодоо тодорхойлоогүй, амьдралын буруу хэв маягтай, буруу цагт мацаг барьдаг, улиралтай уялдуулан хоолладоггүй бол ямар ч эм тариа хэрэглээд үр дүнгээ өгөхгүй. Ядаргаа тайлдаг хамгийн сайн арга бол зөв цагтаа зөв хэмжээгээр, аргаар хоолыг, махыг улиралдаа тохируулан идэх их чухал. Идээ, ундааны соёл гэж асар том соёл буй. Амтлаг амтны ард хүний биеийг үхэлд хүргэдэг сахарын өвчин буюу чимээгүй тахал нуугдаж байгаа. 
Ядаргаа тайлах дараагийн зүйл бол нойр. Та цагтаа унтах ёстой. Шөнөжингөө гар утас ухаад байвал унтахгүй. Энэ нь мэдрэлийн системийг ядраадаг. Та хэчнээн витамин ууж, дусал хийлгээд шөнөжингөө гар утсаа ухдаг бол таны мэдрэлийн ядаргаа илааршихгүй. 
Мөн ядаргаа тайлахад сэтгэл санаа чухал. Хүмүүсийн бие организмаас гадна сэтгэл санаа өвчлөөд байна. Тэгэхээр хэл яриагаа өөрчлөхгүй бол ядаргаа засагдахгүй. Дандаа болохгүй, бүтэхгүй, хов живээр хооллож, би чадахгүй, мэдэхгүй гээд байх нь муу зүйлийг дууддаг. Оюун санаа сайн бодлоор хооллодог. Бидэнд амаар идэх хоолноос гадна сайн зүйлийг харах, сонсох, амтлах, үнэрлэх мэдрэхүйн таван эрхтнээр таатай хүнтэйгээ хамт байх хэрэгтэй. 
Дээрээс нь цэвэр агаар, байгаль, нар, ус, хусан, шилмүүст, навчит ойд алхах, аялах, дасгал хөдөлгөөн зэрэг нь ядаргааг тайлна. Тэрнээс биш өндөр үнэтэй эмнэлэгт хэвтэх, шинжилгээ өгснөөр ядаргаа тайлагдахгүй. 
-Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэл бий. Дараагийн дугаарт хий, шар, бадганаа хэрхэн тодорхойлох болон зөв хооллох, нойрны хэмнэлээ тохируулах талаар хүргэнэ. 

Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн