Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болж, ойрын өдрүүдэд УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлж эхлээд байна. Төслийг Засгийн газар ерөнхийдөө дэмжчихсэн. Харин намын бүлгүүд дээр байр суурь, ойлголтын зөрүү нэлээд гарч буй. Тухайлбал, өчигдөр /2025.05.12/ МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөгжлийн банкийг Монгол Улсын эрдэс баялгийн орлогыг голлон хариуцаж байгаа “Эрдэнэс Монгол”-ын харьяанд оруулах гэж байна. Энэ банк ерөнхийдөө дампуурчихсан. Одоо “Эрдэнэс Монгол”-ыг дампууруулбал яана...” гэх зэргээр ярьж байна.
Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Удирдлага, зохион байгуулалтын хувьд шууд ТӨК-ийн харьяанд орох гээд байгаа зүйл огт биш. Банкны дүрмийн санг нэмж буйтай холбоотойгоор тухайн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал яригдана. Засгийн газар төсвөөс шууд санхүүжүүлэх боломж байхгүй, төсөвт суугаагүй, баталгааны орон зай байхгүй учраас түр хугацаагаар “Эрдэнэс Монгол”-оос үнэт цаас авах, явцын дунд үүнийгээ өөр активт хөрвүүлэх замаар шийдвэрлэх хувилбаруудыг ярилцаж байна” гэж тайлбарлалаа. Түүнчлэн, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн саяхны хурал дээр тус банк Евро болон Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмж, чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөг төлүүлж, 1.03 их наядын үүргээс чөлөөлөгдсөн зэргээр санхүүгийн үзүүлэлт сайжирч байгаа талаар мэдээлж байв.
Тиймээс “Хөгжлийн банк дампуурсан” гэх яриа бодит байдал дээр хэтийдсэн дүгнэлт юм. Харин өнгөрсөн хугацаанд энэ банкны туулсан замыг эргэж харвал алдаа оноо хангалттай бий. Ялангуяа, банкны шийдвэр гаргалтад улс төрийн нөлөө их байдаг нь хэн бүхэнд ил, тийм ч учраас эрх зүйн болоод засаглалын хэлбэрийг өөрчлөн сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд буй нь ч маргаангүй.
Түүхэн цаг хугацаагаар нь аваад үзвэл 2011.02.10-нд УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг баталснаар Монгол Улсад энэ банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдэж байсан билээ. Ингэхдээ тус банкийг хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой, тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчийн хуулийн этгээд байна хэмээн тодорхойлж байв. Улмаар тухайн ондоо багтаан Засгийн газраас 151 тоот тогтоол гаргаж, Хөгжлийн банкны дүрэм журам, бүтэц зохион байгуулалтыг баталж, үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн. Мөн дараа ондоо /2012/ багтан нийт 580 сая ам.долларын үнийн дүн бүхий Евро бондыг таван жилийн хугацаатайгаар олон улсын зах зээлд нээлттэй арилжиж, анхны эх үүсвэрээ бүрдүүлсэн түүхтэй. Үүнийг Засгийн газар баталгаа гаргаж буюу улсаа барьцаанд тавьж байж босгосон. Шинэ тулгар Хөгжлийн банк маш богино хугацаанд анхны хөрөнгөө ийн амжилттай татаж чадсан нь тухайн үедээ Блүүмберг телевизийн “Best Debut Bond” шагнал хүртэл хүртэж байлаа. Дараа нь Японы зах зээлээс эх үүсвэр татах ажил үргэлжилж, Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЯОУХАБ/-ын баталгаатайгаар 30 сая иенийн “Самурай” бондыг ч төвөггүй арилжаалсан. Цаашлаад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Жишээ нь, 2018 онд Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр анх удаа 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр арилжиж чадсан нь гадаад орчинд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл гэсэн үг.
Харин дотоод орчинд яагаад ингэтлээ нэр хүнд нь унав гэдэг чухал. Асуудал хаанаас, хэзээ эхэлсэн бэ гэвэл 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа Чингис бондоор босгосон мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулах шийдвэр гаргасан нь алдаа завхралын эхлэл болсон байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар 888 төсөл гэх мэтээр биелэх магадлалыг бус, бэлэгдэл зүйг өмнөө тавьсан олон зуун том, жижиг төсөлд Хөгжлийн банкнаас арилжааны 13 банкаар дамжуулан тэгшитгэсэн зээл олгож, бужигнуулсан. Энэ их бужигнаан дундаас импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх чиг баримжаатай цөөнгүй төсөл хөл дээрээ босож чадсан ч хөгөө чирч, хөнжилдөөө нууж завших тохиолдол ч замбараагүй олон байсан билээ. Энэ бүхэн сүүлдээ манай эдийн засагт “Хөгжлийн банкны хулгай” гэх том кэйс болон үлдсэнийг хүн бүр мэдэж буй биз ээ.
Хөгжлийн банк нэгэнтээ хөгжлийн замаас хазайж эхэлсэн учраас 2016 оны сонгуулиар засаг солигдсоны дараа буюу 2017 онд хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2019, 2021, 2022 онуудад тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Эрх зүйн эдгээр өөрчлөлтүүд уг нь алдааг засах зорилготой байсан ч бас л амжилтад хүрсэнгүй. Санхүүжүүлэх төслийн жагсаалтыг заавал УИХ баталдаг бус, Хөгжлийн банк өөрөө бие даан шийдвэрлэдэг болж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг удирдлагын баг нь хүлээдэг байх механизм бүрдүүлэхийг зорьсон ч бүтэлгүй тийшээ хандсан. Тодруулбал, хөгжлийн том төслүүдийг биш, арилжааны банкууд санхүүжүүлэх боломжтой жижиг төслүүдэд оролцож, орооцолдож, ТУЗ-өөр дамжсан улс төрийн нөлөө үргэлжилсэн. Мөн эдийн засгийн үр ашиггүй төсөл, хөтөлбөр, арилжааны банкуудаас олгосон чанаргүй зээлийг дахин санхүүжүүлсэн нь Хөгжлийн банкны үзүүлэлтүүд хүндрэх үндсэн шалтгааны нэг болсон байдаг.
Тэгэхээр одоогийн парламент Хөгжлийн банкны эрх зүйн өөрчлөлтийг хийхдээ өнгөрсөн хугацааны алдаануудаа улиглан ярьж, танай, манай гэж талцаж, улс төржилгүйгээр урагш харж, ул суурьтай хандахгүй бол горьгүй. Хуульд ойр ойрхон өөрчлөлт орууллаа гэж цааргалах ч утгагүй. Асуудал байгаа бол засах нь зүй. Ганц манайх ингээд байдаг ч юм биш. Жишээ нь, БНСУ Хөгжлийн банкны хуулиа 1995 оноос 2020 оны хооронд нийт 10 удаа өөрчилж, сайжруулсан байдаг. Хамгийн гол нь, зөв сайжруулалт хийж чадах уу, юуг, яаж өөрчлөх гээд байгаа вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй.

Эдгээрээс харахад шинэ хуулиар Хөгжлийн банкийг ТУЗ-гүй болгоод зөвхөн гүйцэтгэх захирлын эрх мэдэл данхайх гээд байгаа ч юм алга. Харин ч ТУЗ-ийн гишүүд улс төрийн нөлөөгөөр санхүүжилтийн шийдвэр гаргалтад оролцдог байдлыг халах, ямар ч сайн төсөл байлаа гээд 100 хувь санхүүжүүлэхээс татгалзаж, тодорхой тогтоосон хувь, дүнгээр хамтарсан санхүүжилт хийснээр эрсдэлийг бууруулж, зээлдэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт олон улсын практикт нийцсэн боломжийн өөрчлөлтүүд орох хүлээлт байна.
Хууль тогтоогчид хуулийн шинэчлэлийнхээ үзэл баримтлалын энэ мэт гол зангилааг олж харж, ойлгож тунгааж чадвал Хөгжлийн банк хөлөө олоход тустай. Эс бол статус нь тодорхойгүй энэ байдлаараа эргэлдсээр үлдэж, нийтийн эрх ашиг хохирсоор л байна бус уу.