АНУ болон БНХАУ Швейцарьт болсон өндөр түвшний худалдааны хэлэлцээг ням гарагт эерэг уур амьсгалтайгаар өндөрлүүлжээ. АНУ-ын албаныхан худалдааны алдагдлыг бууруулах “гэрээ” байгуулсан тухай дурдсан бол, Хятадын тал “чухал зөвшилцөлд” хүрсэн бөгөөд шинэ эдийн засгийн хэлэлцээний механизм байгуулахаар тохиролцсон гэж мэдэгджээ.
Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилсэн ч аль ч тал дэлгэрэнгүй мэдээлэл нээлттэй зарлаагүй байна. Харин Хятадын дэд ерөнхий сайд Хө Лифэн даваа гарагт хамтарсан мэдэгдэл гаргана гэжээ. Мөн Худалдааны дэд сайд Ли Чэнган “дэлхий дахинд эерэг мэдээ” дуулгана хэмээн нэмж хэлсэн юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар ч мөн адил “ихээхэн ахиц” гарсан хэмээн онцолж, дэлгэрэнгүйг даваа гарагт зарлахаа мэдэгдээд байна. Тэд сэтгүүлчдэд тус тусдаа мэдээлэл өгсөн ч аль ч тал 145 хувийн АНУ-ын тариф, 125 хувийн Хятадын бараанд ногдуулсан тарифыг бууруулах талаар тохиролцсон тухай дурдаагүй байна.
Санхүүгийн зах зээл АНУ, Хятадын хоорондын хурцадмал худалдааны харилцаа намдах шинж тэмдгийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ зөрчил аль хэдийн нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, ажлын байрны цомхотголд хүргэж, бөөний үнийг өсгөж эхэлсэн билээ.
Шинэ хэлэлцээний механизм
Хятад, Америкийн хэлэлцэгчид Женевт хоёр өдрийн турш “бүтээлч” яриа хэлэлцээ хийж, тарифын дайны хурцадмал байдлыг намжаах зорилготой “худалдааны зөвлөлдөх механизм” байгуулахаар тохиролцсон гэж Хятадын дэд ерөнхий сайд Хө Лифэн сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хоёр улс өмнө нь олон тооны зөвлөлдөх механизм бий болгож байв. Эдгээр нь хоёр улсын санал зөрөлдөөнийг ил тод хэлэлцэх талбар болсон ч Хятадын төрд төвлөрсөн, экспортод чиглэсэн эдийн засгийн загварыг хэрэглээнд суурилсан загварт шилжүүлэх АНУ-ын зорилгод төдийлөн хүрч чадаагүй байна.