Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ болон Хятад улс худалдааны дайныг зогсоох, дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг тогтворжуулах зорилгоор харилцан ногдуулсан тарифыг одоогоор бууруулах хэлэлцээрт хүрснээ мэдэгдлээ.Швейцарийн Женев хотод хятадын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент сэтгүүлчдэд мэдээлэхдээ хоёр тал арга хэмжээ авах үйл явцыг 90 хоногоор зогсоож, тарифыг 100 гаруй нэгжээр бууруулж 10 хувь болгохоор тохиролцсон гэж мэдэгдэв.“Хоёр улс хоёулаа үндэсний ашиг сонирхлоо сайн илэрхийлсэн. Худалдааны тэнцвэртэй харилцаа нь хоёр талд чухал. АНУ энэ чиглэлд цаашид анхаарч ажиллах болно” гэж Бессент хэллээ.Тодруулбал, харилцан тарифын өөрчлөлтүүдийг тавдугаар сарын 14-нээс хэрэгжүүлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын эсрэг хэрэгжүүлсэн фентанилтай холбоотой 20 хувийн тариф хүчинтэй хэвээр үлдэх аж. Харин хоёр тал бие биедээ ногдуулсан “харилцан” тарифыг 90 хоногийн хугацаанд 115 нэгж хувиар бууруулахаар тохиролцсон байна.Женев дэх энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин засгийн эрхэнд гарч, Хятадад өндөр тариф ногдуулсан худалдааны бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших эдийн засгийн өндөр түвшний анхны шууд уулзалт юм.Тарифын маргаан хоёр улсын нийт 600 тэрбум ам.долларын худалдааг зогсонги байдалд оруулж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулан, стагфляци болох эрсдэлийг үүсгэж, зарим ажлын байрыг үгүй хийгээд байгаа билээ.