Хөхний хортой хавдар болон бусад хөхний өвчлөлийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Түвшинбаяртай ярилцлаа.
-Хөхний өвчлөл гэж юуг хэлэх вэ?
-Эмэгтэй хүн бүр хөхтэй. Хөхний өвчлөл гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илрээд эмнэлгийн болон эмчийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсныг хэлнэ. Хөхний өвчлөл нь дотроо олон янз байдаг. Бидний хамгийн сайн мэддэг аюултай өвчин болох хөхний хорт хавдар үүсэх эрсдэл байж болно. Мөн хортой хавдраас гадна хоргүй өвчлөлүүд дийлэнх хувийг эзэлдэг. Үүнээс хамгийн түгээмэл байдаг нь хөхний үрэвсэлт өвчлөлүүд юм. Хөхний үрэвсэлт өвчлөл нь дотроо олон ангилалтай. Хөхүүл үеийн үрэвсэл болон хөхүүл биш үеийн үрэвсэл гэх мэт. Энэ болгон нь өөр өөрийн гэсэн нарийн мэргэшсэн эмчилгээний чиг хандлагатай байдаг. Өвчлөлийн үе шатуудын хувьд ч өөр байдаг юм. Сүүлийн үед хөхний хоргүй хавдар эмэгтэйчүүдийн амьдралд цөөнгүй тохиолдох нь бий.
Хөхний хортой хавдрын хувьд Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд өндөр буюу өвчлөлөөрөө эхний байруудад ордог. Жилд дунджаар 300-350 орчим эмэгтэй хөхний хорт хавдраар оношлогдож байна. Хөхний хортой хавдрын тавилан нь ямар үе шатанд оношлогдсоноос хамаараад эмчлэгдэх магадлал хэдэн хувьтай нь тодорхойлогддог.
-Хөхний өвчлөлийн хувьд эрт илрүүлэх нь чухал гэдэг. Ер нь хөхний өвчлөлийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ.Эмэгтэйчүүд хөхөө яаж шалгах нь зөв бэ?
-Эмэгтэй хүн тодорхой сарын хугацаанд тааруулаад хөхөө шалгах арга гэж байдаг. Хөхөө шалгаад ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ гэвэл хөхний толгойнд өөрчлөлт орсон байвал, өөрөөр хэлбэл хөхний толгой дотогшоо татагдсан байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн хөхний толгойг шахах үед цусавтар шингэн гарах, хөхөө тэмтэрч үзэхэд хөхөн дотор ямар нэгэн хатуувтар өмнө нь байгаагүй үүсгэвэр байвал эмнэлэгт хандах шаардлагатай юм. Түүнчлэн таны хөхний бүтцэд өөрчлөлт орж харагдах байдал нь өөр өөр байвал, хөх нь улайж хавдсан үед зайлшгүй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Мөн эмэгтэйчүүд хөхөө шалгана гэхээр хоёр талаас нь хавчиж тэмтрээд байдаг. Энэ нь буруу шалгалт бөгөөд хөхний булчирхайг тэмтрээд үүсгэвэр байна гэж бодоод ирэх тохиолдлууд бий. Хөхийг зөв тэмтрэх арга бол хоёр юм уу гурван хуруугаараа хөхийг цээжний өмнөд ханатай нааж тэмтрэх нь юм.
-Эмэгтэйчүүд энэхүү аргаар хөхөө шалгасныхаа дараа шинж тэмдэг илэрсэн гэж хэр их эмнэлгийн байгууллагад ханддаг вэ?
-Эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг илрэх нь харьцангуй түгээмэл байдаг. Үүнд нь хавдрын болон хавдрын бус эмгэгүүд хамт илэрдэг. Сүүлийн үед урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор хавдрын өвчлөлөөс эмээх байдал нэмэгдсэн. Тиймээс 3-4 жилийн өмнөхтэй харьцуулахад урьдчилан сэргийлэх байдал эрт илрүүлгийн үзлэгээр олон үйлчлүүлэгч хандаж байгаа. Энэ нь маш том ахиц бөгөөд хөхний хортой хавдрыг эхний шатанд нь барьж авах магадлалыг нэмж өгч байна. Хэдийгээр хөхний хортой хавдар илэрсэн ч эхний нэг хоёрдугаар үе шатанд нь оношилж чадвал тухайн өвчтөний бүрэн эдгэрэх магадлал нэмэгддэг.
-Өсвөр насны охидын хувьд хөх нь ургаж эхлэх үед юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Хөхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь анхнаасаа амьдралын зөв хэвшилтэй амьдрах нь юм. Үүнд дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллолттой байх нь ирээдүйд үүсэх аюултай өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж болдог.
Эмэгтэйчүүдийн хувьд ойрын цусан төрөлд нь хөхний хавдраар хэн нэгэн нь өвчилж байсан бол заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Учир нь хөхний хавдрын удамшлын шалтгаан маш өндөр байдаг. Ийм тохиолдолд тухайн хүнд шаардлагатай шинжилгээг хийж хөхний хортой хавдар тусах эрсдэлтэй хүн мөн бишийг тодорхойлдог юм.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд хөхөндөө өөрчлөлт оруулж улам илүү сэтгэл ханамжтай болохын тулд хөхний хагалгаанд орох болсон. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Эмэгтэй хүн гэдгийг гоо сайхан, гоо үзэсгэлэн гэх үгээр тодорхойлдог. Эмэгтэй хүнд өөртөө сайхан харагдах, өөр бусдад сайхан харагдах хэрэгцээ гэж бий. Эмэгтэй хүн бүр үр хүүхдээ тээж төрүүлээд, төрүүлсэн үрээ өөрийн биеэрээ хооллон өсгөдөг. Энэ үйл явц олон төрж буй залуу ээжүүдэд хөхний гоо сайханд нь асуудал үүсгэдэг. Сүүлийн үед хөхний гоо сайхны хагалгаа буюу хөхийг имплантаар томруулах хагалгаа түгээмэл болж байна.
Хөхний мэс засалчийн хувьд энэ төрлийн хөхний гоо сайхны хагалгааг үгүйсгээд байдаггүй. Учир нь хөхний имплант буюу капсултай зориулалтын агуулах тунтай уутыг хөхний эдэд биш хөхний эдийн ард буюу булчингийн ард байрлуулснаараа хөхний хэлбэр загварыг тухайн хүний сонирхолд нийцүүлж засдаг болсон. Имплант нь мэдээж гаднын биет. Үүнийг биедээ байлгаж байгаа бол тухайн хүн улам илүү хөхөндөө анхаарах шаардлагатай болдог. Энэ төрлийн хагалгаанд орсон бол зайлшгүй хянуулж үзүүлдэг байх хэрэгтэй. Жилдээ нэг удаа хөхний эдээ шалгуулж байх нь зүйтэй юм.
Хөхний хорт хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүд маш их байдаг. Үүний нэг шалтгаан бол гаднын биет болох имплант ч орно. Хөхөндөө байнга анхаарч, имплантыг насан туршдаа биедээ байлгалгүй тодорхой цаг хугацаа өнгөрсний дараагаар авхуулбал энэ төрлийн хагалгааг тийм ч буруу зүйл гэж үздэггүй. Нөгөө талдаа эмэгтэй хүн өөртөө сайхан харагдаж, бусад хүмүүст сайхан харагдах нь зарим талаараа гэр бүлийн харилцааг авардаг. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс урт хугацаа өнгөрөхөд зарим талаараа нэг нэгнээсээ уйдах үзэгдэл бий. Энэ тохиолдолд тухайн эмэгтэй өөртөө өөрчлөлт хийснээрээ гэр бүлээ улам илүү халуун дотно харилцаатай болдог. Нөхөр нь эхнэрийгээ өөр нүдээр харж дахин дурладаг ч юм уу. Энэ төрлийн гоо сайхны хагалгаа нь эмэгтэй хүний амьдралд чухал өөрчлөлт болж өгдөг.
-Бусад улс орнуудад хөхний хорт хавдрын хагалгааг хийхдээ хөхийг нь авалгүй хийдэг болсон. Манай улсын хувьд хагалгаа хэрхэн явагддаг вэ?
-Сүүлийн үеийн хөхний хавдрын удирдамж чиглэлийн хувьд эрхтэн хадгалах чиглэл рүү хөгжиж байгаа. Аль болох эрхтнийг хадгалах буюу хөхийг хэвээр нь үлдээж зөвхөн хавдрыг авах юм уу тухайн хавдрыг оношлоод мэдрэг, хими, бай, гормон эмчилгээнүүд хийгдэж, хавдрын хэмжээг багасган хавдрыг авах нь бий. Эсвэл хөхний хортой хавдрын үед хөхийг хөлдөөх, түлэх гэсэн эмчилгээний аргууд гарснаараа хөхийг хадгалах мэс засал, эмчилгээ хийлгэх боломж бүрдсэн. Гэхдээ эдгээр эмчилгээнүүд нь хавдрын үе шатаас бүрэн хамаарч эмчилгээ нь явагдана. Мөн тухайн хавдрын эсээс хамаарч эмчилгээ хийгддэг. Тухайн хүн аль болох эрт илрүүлж, эрт оношлогдож байж л эмчилгээний хувьд сайн явагдаж хийгдэх мэс ажилбар нь хөнөөл багатай байна.
-Эрүүл хөхтэй эмэгтэй байхын тулд ямар байх ёстой вэ. Эдгээр хөхний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хөхний хорт хавдраар ямар ч хүн өвдөх эрсдэлтэй. Яагаад гэвэл бидний амьдарч буй орчин нөхцөлөөс шалтгаалдаг болсон. Манай улсад орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд хавдар үүсгэх хүчин зүйл ч бий. Тиймээс яавал хавдраар өвчлөхгүй байх вэ гэдэг дээр монгол хүн бүр анхаараасай гэж хүсдэг.
Юуны өмнө иргэд амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ нь алсдаа ирээдүйд тулгарч болох аюул буюу хавдраас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Амьдралын зөв хэвшил дотор зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршилгүй байх зэрэг нь хавдраас урьдчилан сэргийлэх ерөнхий үзүүлэлт юм. Мөн хөхний хавдраар өвчиллөө гэж бодоход тухайн хавдар дөнгөж эхэлж байгаа үед шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс хавдрыг хэрхэн эрт илрүүлэх вэ гэвэл урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрт арга хэмжээ авах боломжтой болно.
Олон улсад 40-45 наснаас хөхний урьдчилан сэргийлэх үзлэгийг жил болгон хийлгэхийг зөвлөдөг. Гэхдээ сүүлийн үед ажиглагдсанаар хөхний хортой хавдар залуу хүмүүст ихэвчлэн тохиолдох болсон. Тэгэхээр эмэгтэй хүн та боломжтой бол жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Заавал нас харгалзалгүйгээр үзлэгт орж хэвших нь чухал. Учир нь хөхний хоргүй хавдар гэж байдаг. Энэ өвчин нь төрж үзээгүй залуу охидод хүртэл тохиолддог юм.
Эрүүл мэндийн зөвлөгөөг иргэд бие биедээ өгөх нь зөв зүйл биш. Эмнэлгийн бус мэргэжилтэй хүнээс зөвлөгөө авснаас нарийн мэргэжлийн эмчид нэг удаа цаг аваад үзүүлэх нь илүү ашиг тустай зөв мэдээлэл авах боломж юм. Энэ зүйл нь маш чухал бөгөөд хөхний хортой хавдраар өвчлөөд нэлээд хүнд шатандаа ороод олон эрхтэнд нь үсэрхийлсэн өвчтөнүүд ирдэг. Эдгээр хүмүүс юун дээр алдсан байдаг гэвэл нарийн мэргэжлийн эмчид хандалгүй лам бөөгөөр явснаас хугацаа алдсан байдаг. Энэ нь тухайн хүний бүрэн эмчлэгдэх боломжийг багасгадаг.
Нэмж хэлэхэд монгол хүн бүр эрүүл байгаасай гэж хүсдэг. Заавал өвдөөд эмчлэгдэх биш, анхнаасаа өвдөхгүй байхаар өөртөө анхаарах шаардлагатай юм.