Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Унгар улсын нийслэл Будапешт хотод ажлын айлчлал хийж байгаа аж. Тэгвэл хотын даргыг 100 гаруй хүн дагалдаж яваа бөгөөд ингэж төсвийн мөнгийг үрэн таран хийхгүй байхыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нийгмийн сүлжээнд шүүмжлээд байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ! Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж. Ойролцоогоор 150 хүний 110 нь виз мэдүүлсэн. Үүний тал нь урлаг соёл, хэвлэл мэдээллийнхэн. Үлдсэн 40 нь албан паспорттой, дарга нар гэсэн үг. Үргүй зардал.Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг даргын Олон нийттэй харилцах хэлтсээс дараах тайлбарйг өглөө. -Нийтдээ 80 гаруй хүн явсан. Монгол Улс Унгар улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой хүрээнд Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан. ЖДҮ эрхлэгчид, Улаанбаатар чуулгын хамт олон, Улаанбаатар музейн хамт олон, аяллын тур компанийн төлөөллүүд явсан. Тур компаниуд зардлаа өөрсдөө гаргасан. Олон дарга яваагүй. Нийслэлийн Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүн 7 хүн явж байгаа гэлээ.