Дуу хөгжмөөр дамжуулан, урлагийн салбарт шинийг санаачилж, өөрсдийн цаг зав, хүсэл тэмүүллээ урлаж яваа залуус бол Бага тойрог сувгийн уран бүтээлчид юм. Хэдий байгуулагдаад удаагүй ч залуусын сонсох дуртай суваг болж, нийгэмд эерэг мэдрэмжийг түгээж байгаа аж. Энэхүү суваг нь олон залууст завгүй амьдралд хэсэгхэн ч болов амсхийх, эрч хүчээ нөхөх, сэргээ боломжийг өгдөг. Ингээд Бага тойрог сувгийн хамтран үүсгэн байгуулагчид болох Б.Болдбаатар, Ц.Тэгшбаяр нартай ярилцлаа.
-Юун түрүүнд “Бага тойрог” сувгийг яагаад үүсгэн байгуулах болсон түүхээ уншигчидтай хуваалцахгүй юү?
-Б.Болдбаатар: Би найруулагч мэргэжилтэй. Тэгшээ хөгжмийн хүн. Бид хоёр Монголын урлагийн зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн 2019-2020 оны ангийн найзууд. Үзэл бодол, сонирхол нэгтэй. Хэдийгээр хичээл дууссан ч ажил хэргийн, найз нөхдийн шугамаар хоорондоо холбоотой байдаг байсан. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард бид хамт Coldplay хамтлагийн тоглолт үзсэн. Түүнчлэн, 10 хоногийн дараа Ed Sheeran дуучны тоглолт болохоор зарлагдсан байсан учраас бас хамтдаа үзсэн. Тэндээс их эрч хүч авсан. Үнэхээр гоё тоглолтууд үзсэн болохоор сэтгэл санаа сайхан болсон. Бид аялах явцдаа хамтдаа хийж болох олон зүйлсийн талаар зөвлөлдсөн. Монголд ирснээс хойш толгойноос гарахгүй байсаар байгаад, ер нь хамтраад ямар нэгэн зүйл хийе. Зөвхөн live session гэхгүй олон төсөл, подкастын талаар ярилцсан. Ямар ч гэсэн хамтдаа байж контентоо хийдэг газартай больё. Өөрсдийн гэсэн студитэй больё гээд одоогийн байраа жилийн өмнө түрээсэлж орсон. Манай студийн доторхыг харвал хана болгоноо өөрөөр тохижуулсан. Хана болгондоо өөр өөр контент хийе гэдэг санаатай эхэлсэн. Хамгийн их ажиллагаатай контентоо түрүүлж эхэлсэн. Түүнийгээ хийгээд эхэлсэн одоогоор бусад руугаа орох завгүй ажиллаад байна.
-Ц.Тэгшбаяр: Монголд хөгжимд хайртай хүмүүст зориулсан хөгжмийн суваг дутмаг байдаг. Миний хувьд багаасаа урлагт хайртай байсан. СУИС төгсөөд сонирхлоороо найзуудтайгаа амьд хөгжмийн хамтлаг үүсгэн байгуулаад явж байсан. Хөгжмөөрөө л амьдардаг. Хөгжмийн салбар дотроо дахиад яаж өөр сонирхолтой зүйл хийж болох уу гэж бодож явж байгаад найзтайгаа хамт "Бага тойрог"-ийг эхлүүлсэн.
-Яагаад "Бага тойрог" гэж нэрлэх болов. Хэн нэрийг өгсөн бэ?
-Б.Болдбаатар: Нэрээ нэлээд удаан бодож байж өгсөн. Сошиал платформууд дээр байршуулж байгаа болохоор зөвхөн Монголын үзэгчид гэхгүйгээр гаднынханд түгээх хэрэгтэй. Тэгэхээр Монголыг илтгэсэн, Улаанбаатар хоттой холбоотой нэр байх хэрэгтэй гэж бодож өгч байсан. Бага тойрог бол Улаанбаатар хотын төв бүс. Тухайн бүсэд олон урлаг соёлын төв байдаг. Түүхийг нь авч үзвэл Улаанбаатарын анхдагч соёлын түгээлт явагдаж байсан газар. Энд орчин үеийн урлагийн түүхийн суурь тавигдсан. Тэгвэл манайхаас ч гэсэн урлаг, соёлын контентууд түгээж хүргэнэ гэсэн бэлгэдлээ бодсон. Мөн үгийг нь утгачилбал аливаа зүйл жижгээс том руугаа явдаг. Гадаад нэг шүлгээс санаа авсан. Тухайн шүлгийн агуулга нэг дусал ус агуу том далайг үүсгэдэг. Нэг ширхэг элс том хэмжээний газрыг үүсгэдэг гэсэн агуулгатай байсан. Үүнээс сэдэл авсан.
Хамгийн гол нь тогтвортой тасралтгүй, чанартай хийх ёстой гэдэг зарчимтайгаар эхэлсэн. Оролцож буй хүн болгон тогтвортой, чанартай байлгахын тулд бүгд сэтгэлээрээ тууштай ажиллаж байгаа
Ц.Тэгшбаяр
-Старт-ап эхлүүлэхэд мэдээж амаргүй байх. Ямар асуудалтай тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байсан бэ?
-Ц.Тэгшбаяр: Мэдээж шинээр эхэлж байгаа болохоор асуудлууд зөндөө гарч байсан. Мөнгө санхүүгийн асуудлаас эхлээд бидний харж буй зүйлийг олж харахгүй байх тохиолдол ч гарч байсан. Ямар ч байсан эхлүүлье гээд өөрсдийн нөөц бололцоог ашиглаад, эргэн тойрныхоо хүмүүсээс туслалцаа, дэмжлэг авсан. Эхний 2-3 дугаар маш сайн хүмүүст хүрээд цаашдаа улам өргөжүүлээд явах боломжууд гарч ирж байна. Студиэ түрээсэлж эхлээд эхний 10 сард ямар ч контент үйлдвэрлэхгүйгээр өөрсдөөсөө түрээсээ төлөөд зөвхөн зардал болоод гэх юм уу сул цаг хугацааг өнгөрүүлсэн. Иймээс багаараа ярилцаад эхний дугааруудаа хийж, цацсан. Хэрэв тухайн цаг хугацааг алдсан бол одоо юу болохыг мэдэхгүй. Тал талаас хүмүүс дэмжиж байж л контентоо амжилттай эхлүүлж чадсан.
-Б.Болдбаатар: Бэлтгэл ажлын хугацаанд контентын формат, судалгаа, багаа бүрдүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Чадварлаг баг бүрдүүлэхийн тулд нэлээд хугацаа шаардсан. Азаар ч гэдэг юм уу контентынхоо санааг найзууддаа хэлэхэд сайхан хүлээж авсан. Мөн контент хийх байраа тус хугацаанд засвар, дизайны шийдлүүдээ гаргаж тохижуулсан. Хуучны хоёр талаас чемоданаа бариад нийлсэн гэдэг шиг өөрсдөдөө байгаа техник хэрэгсэл, тохижилт болохоор хуучны тавилгуудаа гэдэг юм уу өөрт байгаа зүйлүүдээ нийлүүлсэн. Түрээсээ төлж байгаа болохоор дор бүрнээ захиалгын ажлуудаа хийж байсан. Дундуур нь ямар ч ажил, юу ч хийж байсан хийх гэж байгаа зүйлээ харсан, зорьсон байсан л даа. Цаашдаа буюу ойрын хэдэн жилдээ яах, юу хийхээ харсан учраас дунд хугацааны хүлээлтийн хугацаа, мөнгө санхүүгийн гацалт зэрэг бэрхшээлтэй байгаагүй. Төслийнхөө үнэ цэнийг ойлгож байсан учраас шантрахаар шалтгаан байгаагүй. Анхнаасаа бизнес гэж хараагүй. Ийм зүйлийг хийе. Хүмүүст гоё уур амьсгалыг түгээе. Урлаг, соёлын үнэ цэнийг мэдрүүлье гэсэн. Хэн хэнд нь ийм хүсэл байсан. Иймд тийм үзэл бодолтой хүмүүс нэгдэж нийлэхээр илүү хүчтэй болж байгаа.
-Монголын нийгэмд амьд хөгжмийн суваг байх нь яагаад чухал, хэрэгтэй вэ?
-Ц.Тэгшбаяр: Бид хөгжмийн салбарт өөрсдийн хувь нэмрээ тодорхой хэмжээнд оруулж байна гэж бодож буй. Яагаад гэвэл амьд тоглолт, дуулалт мэдрэмжийг түгээж байгаа. Зарим хүн дуучид дуулж чадахаа больсон, ам барьдаг болж, хөгжимчид гар барьдаг гээд уран бүтээлчид рүү чиглэсэн сөрөг зүйл их байдаг. Хэрэв амьдаар тоглох боломж, орчин нь байвал чаддаг уран бүтээлчид Монголд байдаг гэдгийг үзэгчдэд хүргэж байна. Энэ нь эерэг хандлага, зөв нөлөөллийг хүмүүст бий болгож байгаа болов уу. Бид тоглолтын үеэр амьд хөгжимд хайртай хүн олон байдаг юм байна гэдгийг анзаарсан. Буцаад энэ зүйл сэргэж байна. Үүнийг бид хүмүүст зориулж, таалагдах гэж хийгээгүй. "Бага тойрог"-ийн багт байгаа залуус ийм зүйл хүсэж байсан. Хөгжимд хайртай болохоор хийж байгаа зүйлээ өөрсдөө үзэхийг хүссэн. Тэр нь үзэгчдэд байгаагаараа л хүрсэн. Тэгэхээр нийгэмд хэрэгтэй байсан зүйл болов уу гэж бодож байгаа.
-Уран бүтээлийн багийг бүрдүүлнэ гэдэг их том ажил байх. Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Б.Болдбаатар: Үнэхээр чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж чадсан. Энэ олон хүмүүсийн хичээл зүтгэл, мэдлэг, туршлага, сэтгэл байгаа учраас гайгүй явж байгаа гэж боддог. Тэгшээ хөгжмийн талын хүн. Би видео талынх. Аль аль нь салбартаа 10 гаруй жилийг зориулсан учраас тодорхой хэмжээний хүрээлэлтэй болсон байсан. Хөгжмийн болон видеоны хоёр хүрээллээ нэгтгэхэд маш гоё баг бүрдсэн. Манай хөгжимчид Монголын томоохон уран бүтээлч, хамтлагуудтай хамт тоглодог. Манай зураглаачид студи, компанийн ерөнхий зураглаачаар ажилладаг. Мөн олон кинонд ажилласан туршлагатай гэх юм уу. Хамгийн гол нь нөхөрлөлийн холбоо байсан учраас бидний гаргасан санааг дэмжсэн. Контент бүтээх явцдаа бүгд л жаргалтай ажилладаг. Ард нь хийж байгаа хүмүүс өөрсдөө контентдоо дуртай, эрч хүч, энергиэр хийгдэж байгаа болохоор магадгүй бүтээгчдийн сэтгэлийн жаргал үзэгчдэд очдог байх гэж бодож байна.
-”Бага тойрог” төсөл анх төсөөлж байснаас ямар хэмжээнд байгаа вэ?
-Ц.Тэгшбаяр: Анхны төсөөллийг хэд дахин давсан. Ийм үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Бид эхлүүлэхдээ хүлээлтээ бага тавихыг зорьсон. Учир нь нэг дугаар цацаад тэр нь олон хүнд хүрээд цаашдаа явах биш анхнаасаа л урт хугацаагаар харсан байсан. Бага тойргийг үүсгэн байгуулсан хүмүүст хэлэхдээ одоо ямартай ч эхэлж байна. Энэ нь урт хугацаандаа үр дүнгээ өгнө, амжилтад хүрнэ гэж хэлж байсан. Тиймээс өндөр хүлээлттэй байгаагүй. Хамгийн гол нь тогтвортой тасралтгүй, чанартай хийх ёстой гэдэг зарчмаар эхэлсэн. Оролцож буй хүн болгон тогтвортой, чанартай байлгахын тулд бүгд сэтгэлээрээ тууштай ажиллаж байгаа.
Бусдын лааг унтраалаа гээд чиний лаа тод гэрэлтэхгүй гээд үг байдаг. Тэгэхээр бүгд тал талаасаа лаагаа авчраад илүү тод хамтдаа гэрэлтэж байгаа.
Б.Болдбаатар
-Контентыхоо найруулга талаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Бусдаас ялгарах онцлог?
-Б.Болдбаатар: Дуу гэдэг ганцхан дуучны ажил биш. Түүний ард бүтэн баг ажилладаг, багийн ажил. Манай контент маш задгай гэрэлтэй явдаг. Дуучид, хөгжимчид, арын хэсэг гэсэн гэрлийн ялгарал байдаггүй. Иймдээ ч бүгд жигд харагддаг. Үүгээр энэ хүмүүс бүгд адилхан хичээж байж тухайн дуу хүмүүст хүрч байгаа гэдгийг ойлгуулахыг оролддог. Эвлүүлгийн хувьд ч зөвхөн дуучнаа голлуулж харуулах биш бүх хүний ажиллагааг харуулах зорилготой байдаг. Мөн дундуур нь дууны түүх, дурсамжийн талаар ярьдаг. Манайх үзэгчидтэй контент бэлтгэдэг. Ингэснээр илүү амьд болж байгаа. Камерт болон үзэгчдэд зориулж тоглох өөр мэдрэмжтэй байдаг. Үзэгчдээ ойр дотнын найз нөхдөөсөө л цуглуулдаг. Хэдийгээр харахад 20-25 минутын тоглолт боловч ард нь олон цагийн ажил болдог. Тухайн арын ажлуудыг тэвчиж бүтэн өдрөө зориулна гэдэг хүссэн хүн болгоны хйих ажил биш. Нөгөө талаас энэ төслийг эхлүүлэхэд биднийг анхнаас дэмжсэн найз нөхөд бий. Үргэлж хажууд байсан хүмүүсээ VIP тоглолт үзүүлье гэдэг юм уу. Тийм байдлаар үзэгчдээ сонгодог. Гэртээ байгаа юм шиг дулаахан уур амьсгал бүрдүүлэхийг хичээсэн. Нөгөө талаараа манай тайзны шийдэл хүн болгоны хаа нэгтээ харсан багын дурсамжтай нь холбоотой зүйлсийг харуулах гэж зорьсон.
-Танай контентод оролцох уран бүтээлчдийг хэрхэн сонгодог вэ?
-Ц.Тэгшбаяр: Багаараа ярилцаж байгаад сонгодог. Үзэгчдэд гоё мэдрэмж, зөв хандлагыг хүргэх гээд байгаа учраас амьдаар дуулдаг, дуугаа зохиодог, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлчидтэй илүү хамтарч ажиллахыг зорьж байгаа. Эхний цацагдсан дугаар дуучин Эгшиглэнгийнх байсан. Гэхдээ бидний бичлэгийн хувьд тав дахь оролцогч байсан. Продакшн дотроо ярилцаж байгаад таван бичсэн дугаараасаа эхэнд цацахыг сонгосон.
-Дуучин Эгшилэнгийн оролцсон live session яагаад устсан бэ?
-Б.Болдбаатар: Зохиогчийн эрхийн асуудал үүссэн. Бид дутуу судалгаа хийсэн, залуу хүмүүсийн хөөрүү ч гэдэг юм уу тийм байдлаас болсон. Эгшиглэнтэй бэлтгэл хийгээд, дугаар үнэхээр сайхан болохоор түүндээ бид баярлаж ханаад цацахаа л бодсон. Гэвч зохиогчийн эрхийн талын асуудлыг бодоогүй байсан. Энэ нь бидэнд маш том сургамж болсон. Дараагийн уран бүтээлчдээ оролцуулах дугаарууддаа зохион эрхийн асуудалд хянуур ажиллаж байгаа.
-Нэг дугаар бэлтгэхийн тулд хэр хэмжээний хугацаа зарцуулдаг вэ?
-Ц.Тэгшбаяр: Бичлэгийн өмнө дөрвөн удаа хөгжимтэй бэлтгэл явдаг. Хөгжимчид дуучдынхаа дууг гаргана. Хөгжмийн бэлтгэл дуусаад видео продакшн багтайгаа бичлэгийн өдрөө тохирдог. Бичлэгийн хугацаа 3-4 цаг нэг уран бүтээлч дээр байдаг. Зураглаач 6-7, хөгжимчин 5-6, үзэгчид, зурагчин, сэтгүүлчид гээд манай баг 20-30-уулаа болдог. Бичлэгийн дараа продакшн багийн ажил үргэлжилдэг. Тэгэхээр нэг дугаар хийхийн тулд 14 хоногийн хугацаа зарцуулдаг.
-Цаашдын алсын хараа, зорилгоо хэрхэн харж байгаа вэ?
-Б.Болдбаатар: Манайх Бага тойрог суваг гэсэн нэршилтэй байгаа. Яагаад гэвэл урлаг, соёл, амьдралын хэмнэлтэй холбоотой мэдээллүүдийг хүргэнэ. Яаж хүмүүст зөөлөн, дулаан, тухтай сайхан мэдрэмж төрүүлэх вэ. Тийм төрлийн контентууд хийгээд явна. Хар бараан зүйлсийг яриад байвал яриад л байна. Бид аливаа зүйлс болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлэхээс илүү болж байгаа сайхан байгаа зүйлсийг олж хараад түүнийгээ өнгөлөөд түгээгээд явбал зүгээр болов уу. Хүмүүст урлаг, энтертайнментын хэрэгцээ үргэлж байдаг. Урлаг, соёл, амьдралын хэмнэлтэй холбоотой мэдээлэл илүү хүрч байж хүмүүсийн сэтгэл зүй илүү хүнлэг болно. Ядаж л ямар нэгэн болохгүй байгаа асуудлын доор цаазал, шатаа гэдэг хүн багасах байх.
-Ц.Тэгшбаяр: Бага тойрог live concert гээд анхныхаа тоглолтыг хийлээ. Монголдоо өөрсдийн гэсэн сонсогчидтой амьд хөгжмийн томоохон зургаан хамтлагийг цуглуулж чадсан. Тиймдээ ч 2000 залуусыг цуглуулж, маш гоё тоглолт хийсэн. Бид улиралдаа нэг live concert хийнэ гэдэг зорилго тавьсан байгаа. Түүнээс гадна манай суваг ярилцлагатай нэвтрүүлэг, подкаст, блог зэрэг салбарлаад явна. Эхлээд бүгдийг зэрэг амжуулна гэж зорьж байсан ч одоогоор live session-ы ачаалал ихтэй байгаа. Манай баг илүү өргөжих шаардлагатай тулгарч байна.
-Удахгүй Өмнөд Солонгост тоглолт хийх гэж байгаа юм билээ. Тухайн тоглолт нь юугаараа онцлогтой вэ?
-Б.Болдбаатар: Тоглолтын нэр нь Naagii, Bayartsetseg in Korea with Baga toirog live session гэж байгаа. Тэгэхээр энэ бол манай live concert цуврал биш онцгой тоглолт болно. Өмнөд Солонгост монгол соло артистууд, амьд хөгжмийн хамтлагтай тоглолт хийж байсан нь ховор байх. Иймээс сэтгэл хөдлөлийн хувьд хамаагүй өөр байна байх. Тоглолтод оролцох хоёр уран бүтээлчийг манайх live session-д оролцуулахаар төлөвлөж байсан. Иймээс тоглолтын дараа Солонгост хийхээр төлөвлөж байгаа.
-Ярилцлагын төгсгөлд миний асууж амжаагүй та бүхний хэлэхийг хүссэн үг байгаа болов уу?
-Ц.Тэгшбаяр: Гоё хүлээж авч байгаа үзэгчдэдээ баярлалаа. Цаашдаа тууштайгаар та бүхэндээ Монголынхоо гоё уран бүтээлчдийн амьд тоглолтуудыг хүргэсээр байх болно. Манай сувгийг үздэг хүмүүсийн 85 хувь нь дагахгүйгээр сонсдог юм билээ. Тэгэхээр манай сувгийг дэмжээрэй. Алдаа, оноотой байгаа гэхдээ эергээр хүлээж авдагт баярлалаа гэж хэлье.
Бага тойрог сувгийг дагахыг хүсвэл доорх линк рүү нэвтэрнэ үү.
-Б.Болдбаатар: Ер нь чанартай зүйлийг хүмүүст хүргэхийн тулд байнгын сэтгэл зүрхээрээ яваад байна гэдэг урт хугацаандаа хэцүү. Үүнийг ойлгож бидний хийж байгаа зүйлийг тасалдуулахгүй байх, цаашдаа контентоо илүү чанаржуулахад санхүүгээр тусалж байгаа ивээн тэтгэгчдэдээ баярлалаа. Үнэлэгдэшгүй хэмжээгээр бидний ажилд тусалдаг найзууддаа баярлалаа. Энэ бол хамтын, нөхөрлөлийн хүч. Бусдын лааг унтраалаа гээд чиний лаа тод гэрэлтэхгүй гээд үг байдаг. Тэгэхээр бүгд тал талаасаа лаагаа авчраад илүү тод хамтдаа гэрэлтэж байгаа. Хамтдаа гэрэлтүүлээд дулаахан, сайхан зүйлийн нэг хэсэг болж байгаа бүх хүмүүстээ, албан байгууллагууддаа баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.