Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

World Cement: Монгол Улс анх удаа "Цемент экспо" зохион байгууллаа

World Cement: Монгол Улс анх удаа "Цемент экспо" зохион байгууллаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 8 цагийн өмнө
Монгол Улсын үндэсний цементийн үйлдвэрлэгчид хамтран 2025 оны тавдугаар сарын 2-нд улсдаа анх удаа "Цемент Экспо" арга хэмжээ зохион байгуулсныг World Cement сэтгүүл онцолжээ. Уг арга хэмжээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Монполимет компанийн дэмжлэгтэйгээр Монцемент билдинг материалс ХХК ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд Монголын эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэхэд чухал алхам болж байна.
"Цемент экспо"-д дотоод, гадаадын салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчдийн төлөөллөөс бүрдсэн 500 гаруй хүн оролцжээ. Оролцогчид туршлага солилцож, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг танилцуулан, хиймэл оюун ухааныг цементийн үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх боломжтой талаар хэлэлцсэн юм. Хиймэл оюун ухаан нь дэлхийн цементийн салбарт эрчимтэй хөгжиж буй чиг хандлага болоод байгаа билээ.
Уул уурхайн, ялангуяа нүүрсний экспортод ихээхэн тулгуурладаг Монголын эдийн засаг нүүрсний үнийн уналтаас болж сүүлийн үед хүндрэлтэй тулгараад буй. Үүний хариуд хувийн хэвшил Засгийн газарт эдийн засгаа төрөлжүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа цементийн салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарахыг зөвлөж байна.
2015 он хүртэл Монгол Улс хэрэгцээт цементийнхээ 80 хүртэлх хувийг гадаадаас импортолж байсан бол өнөөдөр энэ байдал эрс өөрчлөгджээ. Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологид суурилсан хэд хэдэн үйлдвэр ашиглалтад орсноор нийт долоон цемент үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын жилд хоёр сая тонн цементийн хэрэгцээтэй зах зээлийн эрэлтээс давсан хүчин чадалтай ажиллаж байгаа аж.
Гэсэн хэдий ч дотоодын үйлдвэрлэгчид төрийн бодлогын тогтворгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэдний хувьд хамгийн гол асуудал нь өнгөрсөн жил Засгийн газар гаднаас оруулж ирж буй цементэд оногдуулдаг гаалийн татварыг бууруулах, заримыг нь бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан явдал аж. Тэд үүнийг дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулж, цаашдын үйл ажиллагааг эрсдэлд оруулж байна гэж үзжээ.
“Бид дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох ч боломжтой” хэмээн салбарын нэгэн төлөөлөгч онцолж байв. Мөн тэрээр “Гэхдээ импортыг дэмжсэн бодлого манай зах зээлд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтыг эргэлзээтэй болгож байна” гэжээ.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах байр суурьтай байгаа энэ үед аж үйлдвэрийг тогтвортой дэмжих бодлого явуулах шаардлагатайг салбарын удирдлагууд онцолж байна. Тэгэхгүй бол эдийн засгийг төрөлжүүлэх, импортоос хараат байдлыг бууруулах гэсэн улсын зорилго биелэхэд саад учирч болзошгүй гэж анхааруулжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн