Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Зеленский: Хэрэв Путин хэлэлцээр хийхийг хүсэж байвал Туркт ир

Зеленский: Хэрэв Путин хэлэлцээр хийхийг хүсэж байвал Туркт ир
Нийтэлсэн 1 минутын өмнө
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Туркт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Путинтэй шууд хэлэлцээр хийх саналыг Украины тал нэн даруй хүлээж авах хэрэгтэй гэж олон нийтийн өмнө уриалсны дараа гарчээ.
Сүүлийн хоёр хоногт Европын удирдагчид Зеленскийтэй нэгдэн гал зогсоох 30 хоногийн хэлэлцээр эхлүүлэхийг шаардаж байсан ч Путин эсрэгээрээ Украинтай шууд уулзалт хийх санал тавьсан юм. Хэрвээ энэ уулзалт болбол 2022 онд дайн эхэлснээс хойш хоёр орны удирдагчид анх удаа нүүр тулан уулзах аж.
Гэвч Путин өөрөө биечлэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хоёр удирдагч 2019 оноос хойш уулзаагүй бөгөөд нэгнийгээ харилцан үл хүндэтгэдэг гэдгээ нуудаггүй.
Зеленский өөрийн X хуудсанд “Би пүрэв гарагт Туркт Путиныг биечлэн хүлээж байна. Энэ удаа Оросууд шалтаг тоочихгүй гэж найдаж байна” гэж бичжээ.
Путин тавдугаар сарын 15-нд Туркт Украины талтай шууд уулзах санал тавьсан. Үүнээс хэдхэн цагийн өмнө Европын удирдагчид Киевт очиж, Путиныг ямар ч нөхцөлгүйгээр 30 хоног гал зогсоохыг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд их хэмжээний шинэ хориг арга хэмжээ авна гэж анхааруулсан. Трампын Украины асуудал хариуцсан төлөөлөгч Кит Келлогг ч үүнийг дэмжсэн байна.
Трампын шахалт
Зеленский хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Москватай хэлэлцэхийн тулд эхлээд гал зогсоох шаардлагатай гэжээ. Харин Трамп өөр байр суурьтай байлаа.
Тэрээр Truth Social дээр “Путин Украинтай гал зогсоох гэрээ хийхийг хүсэхгүй байгаа, харин Туркт уулзан энэ цус асгарч буй байдлыг зогсоох боломжийг хэлэлцэхийг хүсэж байна. Украин энэ уулзалтыг НЭН ДАРУЙ зөвшөөрөх хэрэгтэй” гэв.
Түүнчлэн Трамп “Ядаж уулзаад тохиролцоо хийх боломж байгаа эсэхээ мэдэх боломжтой. Хэрвээ тохиролцож чадахгүй бол Европ, АНУ хоёр нөхцөл байдлыг тодорхой ойлгож, дараагийн алхмаа хийнэ” гэж нэмж хэлжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн