Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путины парадын дараа Европын удирдагчид Украинд айлчиллаа

Путины парадын дараа Европын удирдагчид Украинд айлчиллаа
Нийтэлсэн 45 минутын өмнө
Их Британи, Франц, Герман, Польшийн удирдагчид бямба гарагт Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевт хүрэлцэн ирлээ. Энэхүү хамтарсан айлчлал нь Путин Улаан талбайд Ялалтын баярын парад зохион байгуулсны дараа болж байгаа бөгөөд Европын удирдагчдын Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж буй явдал аж.
Уулзалтаар АНУ, Европын санал болгосон 30 хоногийн гал зогсоох гэрээг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэрвээ Орос уг гэрээг хүлээж авахаас татгалзвал шинэ хориг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж Францын дипломат эх сурвалж мэдээлсэн байна.
Уг айлчлал Британий Ерөнхий сайд Кэйр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы шинэ канцлер Фридрих Мерц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар хамтдаа Украинд хийж буй анхны айлчлал юм.
Дөрвөн удирдагч хамтарсан мэдэгдэлдээ:
"Бид АНУ-тай хамтран Оросыг шударга, тогтвортой энх тайвны хэлэлцээрийн орон зайг бүрдүүлэхийн тулд бүрэн, нөхцөлгүй 30 хоногийн гал зогсоох гэрээнд нэгдэхийг уриалж байна" гэжээ.
Трамп өмнөх бодлогыг өөрчилж, энхийн хэлэлцээрийг хурдасгахыг оролдож байгаа. Мөн Трамп Оросын талтай шууд харилцаж, түр хугацаанд Украины цэргийн тусламжийг зогсоосон ч сүүлд Киевтэй харилцаагаа сэргээж, ашигт малтмалын хэлэлцээр байгуулсан билээ.
Сүүлийн үед Трамп Путинд бухимдалтай байгаагаа илэрхийлж, гал зогсоох асуудлыг удаашруулж байгааг шүүмжилжээ. Тэрээр 30 хоногийн гал зогсоох гэрээг дэмжиж буйгаа илэрхийлж, хэрэгжүүлэхгүй бол энхийн хэлэлцээрээс татгалзаж магадгүй гэж анхааруулсан. Харин Зеленский гал зогсооход бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос гал зогсоохыг дэмжиж байгаа ч "тодорхой нарийн зүйлс"-ийг харгалзах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Европын удирдагчид бямба гарагт Зеленскийтэй уулзахын зэрэгцээ Киевийн төвд дайнд амиа алдсан Украины цэргүүдэд хүндэтгэл үзүүлнэ. Мөн цаашдын энхийн тохиролцооны дараах нөхцөлд Украины зэвсэгт хүчнийг сэргээх зорилготой хамтарсан агаар, хуурай зам, тэнгисийн болон "сэргээн босголт"-ын хүчний эвслийг бий болгох талаар онлайнаар бусад удирдагчидтай зөвлөлдөх төлөвтэй байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн