Энэтхэгийн төрийн мэдлийн “Steel Authority of India Ltd” энэ сард Монголоос коксжих нүүрсийг туршилтаар импортлохоор төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд дээжийг нь агаараар тээвэрлэж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.
SAIL коксжих нүүрсний эх үүсвэрээ Австралиас өөр эх үүсвэрээр авч, төрөлжүүлэхээр хичээж байгаа юм. Анхны дээжийн чанараас шалтгаалан SAIL компани 75 мянган тонныг Монголоос импортлохоор бэлтгэж байгаа талаар эх сурвалж мөн тодотгосон байна.
Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг. Эдгээр ачааны талаас илүү хувийг Австралиас авдаг. Австралиас хамааралтай байдлаа багасгахын тулд Энэтхэг коксжих нүүрсний өөр эх үүсвэр хайж байна. Нүүрсний нөөц арвинтай Монгол Улс боломжит түншээр нэрлэгдээд байгаа юм.
Энэтхэгийн Гангийн яамны хамгийн өндөр албан тушаалтан Сандип Паундрик өнгөрсөн сард Монголоос задгай ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй байгаа талаар онцолж байсан. Тэрбээр гангийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед ган үйлдвэрлэх гол бүрэлдэхүүн хэсэг нь хязгаарлагдмал байгаа тул Энэтхэгийн коксжих нүүрсний импортын эрэлт нэмэгдэнэ гэдгийг онцолжээ.
Түүнчлэн “BigMint”-ийн мэдээлснээр Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний нийлүүлэгчээ Австралиас гадна Мозамбик, Орос, АНУ, Канад, Индонез зэрэг улсаар төрөлжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэтхэгийн хамгийн том хүчин чадалтай ган үйлдвэрлэгч “JSW Steel” компани тээвэрлэлтийн гацаанаас үүдэн коксжих нүүрсийг Монголоос авахад хүндрэлтэй тулгарсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.