“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас эрхлэн гаргасан 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр хэвлэл мэдээллийн салбарын эдийн засгийн байдал гүн хямарч, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд ноцтойгоор заналхийлж байгааг харуулав. Нөхцөл байдал ийнхүү түгшүүрийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан RSF нь төрийн эрх баригчид, хувийн хэвшлийн нэгжүүд, бүс нутгийн байгууллагуудыг 11 үндсэн санал зөвлөмжийг дагаж мөрдөн, “Сэтгүүл зүйн шинэ хандлага, шинэ бодлого”-ыг хэрэгжүүлэх үүрэг амлалт авахыг уриалж байна.
Ингээд Сэтгүүл зүйн шинэ хандлага, шинэ бодлого”-ыг хэрэгжүүлэх RSF-ын 11 санал зөвлөмжийг хүргэж байна.
1.Эдийн засгийн зохицуулах аргаар хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хамгаалах
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусад төрлийн бизнесээс өөр бөгөөд сэтгүүл зүй нь бусад салбарын адил үйлчилгээ эрхэлдэггүй. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хувийн хэвшлийн нэгжүүд боловч иргэдийг ардчиллын тулгуур багана болсон найдвартай мэдээллээр хангах замаар олон нийтийн эрх ашигт үйлчилдэг. Ийм учраас, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг зах зээлийн түвшинд ч, өмчлөгч хэн байхаас үл хамааран редакц тус бүрийн үзэл санаа, байр суурийг хангах замаар баталгаажуулах нь зүйтэй.
Францад (25-р байр) хэвлэл мэдээллийн өмчлөлийн төвлөрөл, тэр тусмаа “Боллоре групп” (Bolloré Group)-ыг тойрсон маргаанаар хэвлэл мэдээллийн олон ургальч байдалд учирсан эрсдэлийг онцолсон. Өмнөд Африкт (27-р байр) Өрсөлдөөний комисс нь цахим мэдээллийн орон зай дахь олон ургальч байдалд цахим платформын аваргуудын учруулж буй аюул заналхийллийг багасгахад чиглэсэн шийдлийг гаргахаар зэхэж байна. 2.Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ыг нийтлэг хэм хэмжээ болгон тогтоох
Мэдээллийн хэрэгслүүд, технологийн аварга компаниуд болон засгийн газрууд сэтгүүл зүйн олон улсын хэм хэмжээ болсон “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” (Journalism Trust Initiative (JTI)-ыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Дэлхийн 119 орны 2000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл JTI гэрчилгээ авах үйл явцад хэдийн хамрагдаад байна. RSF-ын санаачлан эхлүүлсэн JTI нь хэвлэл мэдээллийн агуулгыг хянах бус харин мэдээлэл үйлдвэрлэх үйл явцыг үнэлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, редакцын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, итгэл хүлээхүйц хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн мэргэжлийн нийтлэг хэм хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү гэрчилгээ нь төрийн санхүүжилтийг хөтлөн чиглүүлэх, индекс гаргах, үнэлгээ хийх бодлогын талаар мэдээлэх, цахим платформууд, хайлтын системүүдэд үнэн бодит, найдвартай мэдээллийг онцлон харуулахын зэрэгцээ хуурамч мэдээллийн кампанит ажилд өртөхөөс өөрсдийгөө хамгаалах боломж олгодог. 3.Зар сурталчилгаа захиалагчдын ардчилсан хариуцлагыг тогтоох
Засгийн газрууд нь ардчиллыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн, компаниудын нийгмийн хариуцлагатай адил төстэй хариуцлагын зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй. Зар сурталчилгаа захиалагчид нь цахим платформууд, хамгийн таагүй нь худал мэдээллийг тараадаг цахим сайтууд руу төсвөө шилжүүлэхийг шийдвэрлэсэн нь сэтгүүл зүйн салбарын эдийн засгийн уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх тул энэхүү зарчмыг нэвтрүүлэхэд манлайлвал зохино. Зар сурталчилгаа захиалагчид сурталчилгаанд зориулсан хөрөнгө оруулалтаа итгэл хүлээхүйц байдал, сэтгүүл зүйн ёс зүйн шалгууртай холбох шаардлагатай байна. Зар сурталчилгааны бодлогоо олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нь хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийг төлөвшүүлэх, ардчиллыг хадгалан хамгаалахад нэн чухал.
Компаниудын ардчиллын хариуцлагын талаарх энэхүү ойлголт ухагдахууныг Францын Мэдээллийн Ерөнхий Ассамблейн удирдах хороо (États généraux de l’information) онцгойлон дэмжсэн бөгөөд 2025 онд Францын Үндэсний Ассамблейгаар хэлэлцэх хуулийн төсөлд тусгах магадлалтай байна. 4.Цахим мэдээлэлд хяналт тавих эрх бүхий этгээдүүдийг зохицуулах нь
Ардчилсан улс орнууд нь мэдээллийн найдвартай эх сурвалжийн олон нийтэд нээлттэй харагдах байдлыг хангаж, урамшуулан дэмжихийг цахим платформуудаас шаардах нь зүйтэй.
Цахим сэтгүүл зүйн контентыг байршуулсны төлөө томоохон платформуудаас хуулийн дагуу төлбөр төлөхийг шаардсан хоёр жишээнд Европын Холбооны зохиогчийн эрхийн удирдамж болон Google, Facebook зэрэг компаниудад анх удаа зохицуулалт хийсэн Австралийн (29-р байр) "Мэдээний хэвлэл мэдээллийн хэлэлцээний кодекс" хуулийг дурдаж болно. Канад (21-р байр) үүнтэй төстэй шинэчлэл хийсэн хэдий ч хүчтэй эсэргүүцэл, ялангуяа Мета компанийн эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний хариуд тус компани мэдээний контентыг өөрийн платформоос хасах арга хэмжээ авсан юм. Сэтгүүл зүйн цахим контентын бүтээж буй эдийн засгийн үнэ цэнийг адил тэгш хуваарилах үүднээс дээр дурдсан төрлийн хуулийг өргөн хүрээнд баталж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн хувьд эмзэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, дэлхийн томоохон технологийн компаниуд хоорондын хүч чадамжийн тэнцвэргүй байдлаас үүдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд цохилтод өртөхөөс сэргийлэхийн тулд төрийн байгууллагууд мөн шударга хэлэлцээ хийх үндсийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Эцэст нь, хиймэл оюун (AI) хөгжих тусам контент бүтээгчдэд шударга урамшуулал олгох яаралтай хэрэгцээ шаардлага гарч байгаагийн учир нь өдгөө тэдний ажлыг хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад ашиглаж байна. Энэ бол сэтгүүл зүйн агуулгыг технологийн мөлжлөгийн шинэ хэлбэрээс хамгаалахын тулд зохицуулалт хэрэгтэй байдагн шалтгааны хамгийн сүүлийн үеийн жишээ юм.
5.Чанартай мэдээллийг санхүүжүүлэх үүднээс технологийн томоохон компаниудад татвар ногдуулах
Ийм төрлийн татвар ногдуулах нь цахим технологийн аваргуудын хэвлэл мэдээллийг хохироон, шударга бусаар олж авсан орлогыг бүхэлд нь буюу хэсэгчлэн дахин хуваарилах зорилготой. Санхүүжилтийг найдвартай мэдээлэл үйлдвэрлэхэд зориулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ.
Хэд хэдэн улс орнууд томоохон цахим платформуудад ногдуулах татварын шинэчлэл хийхээр амласан боловч хараат бус эх сурвалжаас чанартай мэдээлэл үйлдвэрлэхийг дэмжих зорилгыг тусгайлан агуулсан нь бараг үгүй. Индонез улс (127-р байр) цахим үйлчилгээ үзүүлэгч гадаадын компаниудад татвар ногдуулахын зэрэгцээ 2024 оноос эхлэн контентыг нь ашигласны төлөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад урамшуулал олгохыг цахим платформуудаас шаарддаг. Франц улс мөн 2019 онд дижитал компаниудын орлогод тодорхой хэмжээний татвар ногдуулах шийдвэр гаргасан. 6.Хөгжлийн албн ёсны тусламжийг мэдээллийн “цөл”-тэй тэмцэх, хараат бус эх сурвалжаас авсан найдвартай мэдээллийг бэхжүүлэхэд ашиглах
Хямрал нэмэгдэх, мөргөлдөөн ихсэх, авторитар дэглэмүүд олшрох тусам хараат бус, бие даасан эх сурвалжаас авсан найдвартай мэдээллийг дэмжих, бүс нутгуудад мэдээллийн “цөл” (хомсдол) нүүрлэж буйтай тэмцэх нь урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал болоод байна. Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийг эдийн засгийн хөгжилд төдийгүй ардчилсан засаглалыг бэхжүүлэх, энх тайвныг хөхиүлэн дэмжихэд зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч, хараат бус сэтгүүл зүйг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах нь зүйтэй.
Тогтвортой байдлыг нь хангах үүднээс хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлэхэд Хөгжлийн албан ёсны тусламжийн нэгээс доошгүй хувийг зориулах шаардлагатай байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизмуудад эрсдэл учирсан энэ цаг үед хандивлагч орнуудын хүсэл эрмэлзэл урьд өмнөхөөсөө илүү чухал байна. Бүс нутгийн, тэр тусмаа Номхон далайн арлын орнуудад хэрэгжиж буй хэвлэл мэдээллийн хөгжлийн хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж буй Австрали (29-р байр), Шинэ Зеланд (16-р байр) нь үүний тод жишээ юм. 7.Холимог болоод бусад төрлийн санхүүжилтийн шинэлэг загварууд нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих
Украины (62-р байр) хэвлэл мэдээллийг сэргээн босгох зорилгоор RSF-ын санал болгож буй IFRUM сан зэрэг төрийн санхүүжилтийг хувийн хандив тусламж (хандив, хөрөнгө оруулалт, зээл)-тай хослуулахад чиглэсэн дэмжлэгийн механизмыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Улс орнууд санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад зориулсан татварын урамшууллын тогтолцоог бэхжүүлж, иргэд, татвар төлөгчдөөс гадна хандивлагчидтай хамтран ажиллах боломжтой. 8.Хэвлэл мэдээллийн салбарт үзүүлж буй дэмжлэг, татаасыг хуваарилахдаа ил тод, хараат бус байдлыг хангах
Хэвлэл мэдээлэлд төр, хувийн хэвшлийн татаас дэмжлэг олгох үйл ажиллагаа нь иргэний нийгмийн хяналт дор явагдаж, бодитой, ил тод шалгуурт үндэслэсэн байх ёстой. Гагцхүү ил тод, адил тэгш хуваарилалт нь редакцын хараат бус байдлыг хадгалан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улс төрийн нөлөөллөөс хамгаалж чадна. Үүний нэг шийдэл нь 2025 оноос Европын Холбооны бүх гишүүн орнуудад хэрэгжиж эхлэх Европын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (EMFA) юм. Тус хуулиар татаас дэмжлэгийг хуваарилахдаа ил тод байдлыг хангахыг шаардаж, мэдээний редакцуудын хараат бус байдлыг баталгаажуулахыг гишүүн улс орнуудад даалган, улс төрийн дарамт шахалтаас хамгаалах баталгаа бий болгосон. Бусад улс орнууд ч мөн сайн жишиг тогтолцоо бүрдүүлсэн. Тухайлбал, Канад (21-р байр) нь редакцын хараат бус байдлыг хангахын зэрэгцээ татварын хөнгөлөлт, татаасыг хослуулсан ил тод системийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. 9.Олон нийтийн хэвлэл мэдээллийн доройтолтой тэмцэх
Олон нийтийн хэвлэл мэдээлэл бол төрийн өмчийн мэдээллийн хэрэгсэл биш бөгөөд олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд иргэдээс санхүүждэг бие даасан, хараат бус оролцогчид юм. Тэдний чиг үүрэг нь хараат бус эх сурвалжаас найдвартай, олон янзын мэдээлэл авах бүх нийтийн хүртээмжийг баталгаажуулснаар нийгмийн эв нэгдэл, ардчиллыг хангахад хувь нэмэр оруулахад оршино. Ийм чиг үүрэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг олон оронд ажиглагдаж буй улс төр, эдийн засгийн дайралт хийх нь олон нийтийн үнэн зөв, найдвартай мэдээлэлтэй байх эрхэд заналхийлж байна.
10.Хэвлэл мэдээллийн суурь боловсрол, сэтгүүл зүйн сургалтыг бэхжүүлэх
Үнэн бодит, найдвартай мэдээллийг дэмжих гэдэг нь хүн бүр бага наснаасаа ийм төрлийн мэдээллийг танихад суралцах, хэвлэл мэдээллийн боловсролын үйл ажиллагаанд оролцохыг хэлнэ. Сэтгүүл зүйн чиглэлээрх их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг хараат бус байх нөхцөлтэйгээр дэмжих нь зүйтэй. Финланд улс (5-р байр) нь хэвлэл мэдээллийн боловсролоороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд хэвлэл мэдээллийн суурь боловсрол олгох хөтөлбөрийг бага ангиас эхлэн явуулж, хуурамч мэдээллийн эсрэг дархлаатай болоход нь тусалдаг. 11.Мэдээлэл, ардчиллын төлөөх түншлэл зэрэг олон улсын санаачилгад нэгдэж, хэрэгжүүлэхэд улс орнуудыг хөхиүлэн дэмжих
Дэлхий нийтийн мэдээлэл, харилцааны чөлөөт, олон ургальч, найдвартай орон зайг хөхиүлэн дэмжигч "Мэдээлэл, ардчиллын төлөөх олон улсын түншлэл"-д хэдийн тавь гаруй улс орон нэгдээд байна. Ардчилал суларч буй энэ цаг үед сэтгүүл зүй бол нийтийн чухал баялаг гэдгийг RSF онцлов. Энэхүү “Шинэ хандлага, шинэ бодлого” нь чөлөөт, итгэл хүлээхүйц, олон ургальч олон нийтийн орон зайн үндэс суурийг хамтын хүчээр сэргээн босгоход уриалж байна.