УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсөвт тодотгол хийх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр төрийн бүтэц томор зардал улам нэмэгдсэнээр төсвийн алдагдал эрчимтэй өсч байгаа учраас яаралтай 2025 оны төсөвт тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Төрийн урсгал зардал арай л дэндүү байна. Орон албаны орон тоо хэмжээ хязгааргүй нэмэгдэж байгаа. Татвар төлөгчид төрийн албаны тансаглал, бүдүүн бүтцийг тэжээхийн төлөө л татвар төлж байна. Татварыг бууруулна гэж Засгийн газар амласан. Гэвч татвар буурах шинж алга. Ний нуугүй хэлэхэд, би боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг унаж үзээгүй. Гэтэл төр LEXUS-700-г хэд хэдээр нь худалдаж авч байна. Гадаад томилолт, үргүй зардал, энд тэнд баахан бүтэц нэмж байгааг эргэж харахаас өөр аргагүй. Төрийн урсгал зардлыг танахгүй бол болохгүй байна. Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал төрийн зарим чиг үүргийг хувьчилъя гэсэн. Үүний үр дүнд 10 гаруй их наяд хэмнэлт гарах юм байна. Үүнийгээ даруй хийе.
Хоёрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн зорилго дээр зөрчилдөөн алга. Бүх гишүүн л Гарын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулъя, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангадаг болъё, Улаанбаатарыг түгжрэлгүй болгоё, хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдье гэж байгаа. Үүнд маргаад байх асуудал огт байхгүй. Хэрэгжүүлэх арга замаа сонгож байгаа байдал нь зөрчилдөөнтэй байгаа.
Г.Тэмүүлэн гишүүний хэлж байгаа нь гадаад зээлийг төсвөөс мөнгө гаргаад шийдэх гэж байгаа байдал нь нийгэм, эдийн засгийн эрсдэл дагуулна. Монгол Улс дефолтод буюу санхүүгийн хямралд орно. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд ч эргэж харна. Өрийн удирдлагын хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн сахилга бат алдагдана. Ингэснээр зээлжих зэрэглэл буурч, хүү өснө. Монголд итгэж зээл өгөх гаднын банк, санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ. Үүнээс шалтгаалан инфляцад нөлөөлнө, төгрөгийн худалдан авах чадвар буурна гэх мэт нийгэм, эдийн засагт нөлөөлж болох сөрөг үр дагаврууд бий. Иймээс төсөв төсөв тодотгол хийх хэрэгтэй. Мөн эрх зүйн хувьд зөрчлүүд гарч байгаа. Үндсэн хуулийн 38-ын 1 эсвэл 2-т төсөвтэй холбоотой аливаа зохицуулалтыг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ нь зөрчигдөж байгаа. Хэрвээ нэр бүхий гишүүдийн санаачилсан энэ хуулийн төсөл УИХ-аар ороод батлагдвал Үндсэн хуулийн цэцийн асуудал үүснэ.
Мөн нэр бүхий гишүүдээс яагаад энэ хуулийг дэмжив гэж асуухад Ерөнхийлөгчийн захиалгатай хууль гэж зарим нь хэлсэн. Би хувьдаа эргэлзэж байна. Ерөнхийлөгч хориг тавьж алдагдалгүй төсөв баталсан. Гэтэл Монголын төр дөнгөж саяхан гаргасан шийдвэрээ буруутай байна. Одоо ингэх ёстой гэдэг асуудал байж болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар үүнд байр сууриа илэрхийлсэн нь зөв байх.
Хоёрт, Засгийн газар тэр тусмаа Сангийн сайд захиалж хийлгэсэн гэж байна. Сангийн сайд өөрөө үүнд байр сууриа илэрхийлэх нь зөв. Тэгэхгүй бол хаанаас захиалсан нь тодорхойгүй байна. Эцсийн дүндээ хэн захиалсан гэхээс илүүтэй хамгийн зөв оновчтой шийдлийг Монголын төр гаргах хэрэгтэй.