Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Э.Батшугар: Монгол Улсын зээлийн хүүгийн 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү

Э.Батшугар: Монгол Улсын зээлийн хүүгийн 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү
Нийтэлсэн 12 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсlnay эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Энэ хууль батлагдсанаар зээлийн хүү буурна гэж байгаа. Зээлийн эрсдэл мөн буурна гэж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 500, 600 мянган хүний асуудал байна. Гуравдугаар сарын 7-нд гаргасан шийдвэрээ Монголбанк харж үзээч ээ гэдэг санал тавьсан. Зургадугаар сарын 24-нд энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Гэхдээ хугацааг нь нааш нь болгох хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү буурна. Буурах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, банкууд эрсдэлээ тодорхойлдог болсноор эрсдэл нь буурна. Тэгэхээр өндөр оноотой буюу сайн зээлдэгч нараа урамшуулдаг болно. Мөн тэтгэврийнхэн зэрэг тогтмол зээл төлдөг хүмүүсийн зээлийн оноо өснө. Үүнийг дагаж эрсдэл буурна. Тэр нь зээлийн хүү буурснар илэрнэ.
Хоёрдугаарт, Зээл авахын тулд “Таньдаг эдийн засагч байна уу?” гэх мэтээр хүнээр яриулах гэдэг нь байхгүй болно. Түүний оронд зээлийн оноогоо банкинд үзүүлж, тэр оноо нь тухайн зээлдэгчийг бүрэн илэрхийлэх учир шууд л санхүүгийн үйлчилгээ үзүүлэх суурь нөхцөл үүснэ.Манай хэдэн том банкууд харилцагчийнхаа мэдээллийн бие биедээ хуваалцдаггүй. Тэгэхээр зөвхөн тэр банкны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авч байна. Харин онооны системийг нэвтрүүлснээр хүссэн банкнаасаа зээл авах боломж бүрдэнэ. Тэгэхээр банкууд зээлийн хүү, таатай нөхцөлөөрөө өрсөлдөх орчин бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа. Тэтгэврийн зээлийн хязгаарлалт хэзээ дуусах вэ. Сайжруулахгүй юм гэхэд хуучнаар нь байлгамаар байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү үнэхээр байгаа. Нийт зээлийн хүүг 100 хувь гэж үзвэл 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү байна. Үлдсэн 27 хувьд нь зохицуулалт хийх боломжтой. Эрсдэл 15, үйл ажиллагааны зардал 22 хувь байгаа юм. Онооны системтэй болсноор энэ хоёрт зохицуулалт хийж, зээлийн хүүг бууруулах боломжтой.
Хар хагсаалт байхгүй болно. Харин мэдээлэл нь 5 жил хадгалагдана. Сайн ч мэдээлэл, муу ч мэдээлэл. Зээлдэгчээс үл хамаараад орлого нь хаагдсан нөхцөл байдлаас зээлээ төлж чадахгүй бол Монголбанк журам батлаад муу зээлдэгчийн ангилалд оруулахгүй. Үүнд Хөгжлийн банкнаас ч юм уу санхүүжүүлсэн зээл хамаарахгүй. 
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхсайхан: Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гарсан. Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан.
Манай улсын зээлийн дундаж хүү 17 хувьтай байгаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн