Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийн талаар УИХ ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Тус хуулийн төслийг дэмжиж 40 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан бөгөөд УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа аж. Харин өчигдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өрийн таазыг нэмэгдүүлэх гэж байна хэмээн ярьсан учраас өнөөдөр хуулийн төслийг санаачилсан гишүүд хуулийн төслөө тайлбарлан мэдээлэл хийж байгаа аж.Энэтхэг Улсын Экспорт, импорт банктай Газрын тос боловсруулах үйлдвэр, БНХАУ-ын мөн банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих зээлийн хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл нь зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан, Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үйлчилнэ. Харин энэ хуульд заагаагүй бусад хөрөнгө оруулалт Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хуулийг баримтлан хэрэгжинэ.УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийг санаачилж байгаа. 2024 оноос хойш 3 удаа төсөв баталсан. 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан. Үүнээс болж гадаадын зээлээр хэрэгжүүлж байгаа мега төслүүд гацсан. Цаашаа урагшлах, бүтээн байгуулалт явах боломжгүй болсон гэсэн үг. Засгийн газрын гадаад зээлийн ашиглалтыг харахад 21.7 их наяд төгрөгийн гадаад зээлийг УИХ-аар соёрхон батлуулсан. Үүний 16.4 их наяд төгрөгийн ашиглаад дууссан байна. Цахилгаан станц, авто зам, төмөр зам, дэд бүтэц гээд олон төрлөөр ашиглаж ирсэн байна.