Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Нийгэмд стресс, сэтгэл гутрал их байгаа нь гэдэсний ашигтай бактериудын алдагдлаас үүсэж байдаг

Нийгэмд стресс, сэтгэл гутрал их байгаа нь гэдэсний ашигтай бактериудын алдагдлаас үүсэж байдаг
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 9
Гавьяат эмч Б.Батболдтой пробиотик буюу ашигтай бактерийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс биеийн дархлаагаа сэргээх, ядаргаа тайлах, эрүүл мэнддээ анхаарах хэрээр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Ялангуяа ашигтай бактери гэж их ярих боллоо. Энэ нь хүний биед хэр нөлөөтэй байдаг юм бол?
-Сүүлийн 10-аад жил анагаах ухаанд ашигтай бактери буюу хэвийн организмд байдаг ердийн бактери болох микробиомын талаар судалгаа маш өргөн өндөр түвшинд хийгдэж байна. Ганц бактери биш юм аа. Үүнд вирус, тарагны хөрөнгө, бактери, мөөгөнцөр мэт бүх бичил биетүүд энэ бүгд бие организмын хэвийн үйл ажиллагаанд оролцож амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь батлагдчихсан. Хүний биед 10 триллион бактери-бичил биет байна. Хүний биед 1 триллион эс байдаг гэхэд 10 дахин их микробиом байдаг юм байна. Ихэнх нь гэдэс, амны хөндий, арьс, үтрээнд байдаг. Хэвийн үед энэ бактериуд бүх бие организмын хэвийн үйл ажиллагааг хангадаг, тэнцвэржүүлдэг. Тэгэхээр өвчин бол тэдгээрийн тэнцвэрийн алдагдалтай холбоотой байх нь. Гэдэс, ам, үтрээнд ердийн микробууд байж бактерийн үйл ажиллагаанаас шалтгаалж цаад үндсэн эзэн организмын өвчлөл, амьдрах явц тодорхойлогддог байна. Тиймээс үүссэн өвчнийг эмчлэх биш байх ёстой бактерийг байвал зохих хэмжээнд нь байлгая, тэр бактерийг өсгөж үржүүлье, хэвийн үйл ажиллагааг хангадаг бактериудыг хангалттай хэмжээнд байлгая, тэгэж байж эрүүлжих боломжтой. Зөвхөн пробиотик биш, пребиотик, постбиотик гээд маш олон янз байнаа.
-Таны яриад байгаагаас харахад их хэрэгтэй эд байна. Гэхдээ гадуур зарагдаад байгаа бактериуд хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Пробиотикийн асуудал дээр анхааралтай хандах нь зүйтэй. Хүмүүс ч мэдэж байх ёстой, сурталчилж зарж байгаа хүмүүс ч бодох ёстой. Сүүлийн үед пробиотик гэх үгийг худалдаа, бизнес эрхлэгчид их ашиглаж байна. Пробиотиктой тараг, эм гэж яриад байгаа. Үндсэндээ бие организмд байх ёстой 10 триллион бактерийг хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн реклам зар сурталчилгаанаас харж байхад пробиотик тусдаа юм шиг яриад байх юм. Үгүй. Пробиотик бол амьд бактери. Гэтэл амьд бактери ямар нөхцөлд, хэдий хугацаанд амьд байх вэ? Боловсруулалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлт, ходоодонд, ходоодны хүчилд амьдаараа тэсвэртэй үлдэх үү? биед ороод аль орчинд очиж, амьдралаа цэцэглүүлж бидэнд үр дүнгээ өгөх вэ гэдэг нь маргаантай, хэцүү асуудал.
-Тэгвэл бид ориг, чанартай амьд бактерийг хаанаас авах боломжтой гэсэн үг вэ?
-Эрүүл, хэрэгцээтэй бактери, бичил биетнүүд хамгийн бага боловсруулалт орсон байгалийн сүү, тараг, айраг, мах шөлөнд байдаг, өөрсдөө пробиотик, бактериа тэжээдэг юм байна. Тэжээсэн бактери нь бидэнд тодорхой ашиг өгдөг. Хэвийн бактери, микро, макро организм маш тэнцвэртэй ажилладаг байсныг бид антибиотикийн эрин зуунд антибиотик баруун солгойгүй, буруу хэрэглэснээс болж түүний хэвийн хэмжээ нь алдагдаж, ердийн бичил орчныг өөрчилж үхжихэд хүргэж, ердийн нөхцөлийг байхгүй болгосон.
Гэдсийг хоёр дахь тархи гэж хэлдэг үнэн. Сэтгэцийн эмгэг, таргалалт, судасны хатуурал, зүрх судасны эмгэгүүд гэдэсний бактеритай холбоотой нь батлагдсан. Хэвийн, байгалаараа байх ёстой ашигтай бактериуд зөв ажиллаж байвал тархи, мэдрэлийн систем зөв ажилладаг. Нийгэмд депресс, стресс, сэтгэл гутрал их байгаа нь гэдэсний ашигтай бактериудын алдагдлаас үүсэж байдаг. Үүнийг өргөн утгаар нь ойлгох ёстой. Монголчууд зун цагаар гэдсээ цайлгана гэж ярьдаг шүү дээ. Энэ нь сүү, цагаан идээнд байдаг хэвийн ашигтай бактериар муу бактериудаа хөөж, түүний орон зайд сүүний бактериудын тоо толгой олширч нэмэгдэн сайжирч, эрүүлждэг. Тиймээс зун цагт сүү, цагаа идээ элбэг үед хөдөө явж, гэдсээ цайлгаж, биеэ хөнгөлье гэж ярьдаг нь амьд бактери - пробиотикийг байгалийн жамаар нь авч байгаа юм.
Пробиотикийн асуудал өнөөдөр маш их анхаарал татаж байна. Пробиотикоор буюу хэрэгцээтэй байх ёстой хэвийн ашигтай бактериар хангах асуудал эмчилгээний том салбар болчихоод байна. Товчхондоо хэлбэл аль болох бага боловсруулалтад орсон хүнс, сүү, тараг, айраг цагаа идэхийг ойлгоно.
-Ашигтай бактери бидний биед багассан гэдгийг яаж мэдэх вэ. Лабораториор үзэх үү, эсвэл дээр хэлсэн шинж тэмдгээр нь мэдэх ёстой юу?
-Буруу бактери үржсэн, байх ёстой ашигтай бактери багассан гэдгийг хүн мэдэхгүй байна. Шинжлэх ухаанд үүнийг шинжилгээгээр тогтооход ч хэцүү. Яагаад гэвэл 10 тэрбум бактери ямар орц бүтэц найрлагатайгаар тогтож байгааг хэлж тогтооход хэцүү. Таргалалт, сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралын асуудал энэ бүгд биед орших бактериас шалтгаалж байгааг бид ерөнхийд нь мэдэж байгаа боловч яг энэ бактери дутагдсанаас ингэж байна гэдгийг лабораториор тогтоох, бичил биетийг үржүүлж ургуулах асуудал хэцүү. 7-14 хоног хөдөө явуулж, сүү цагаан идээн дээр байлгахад цаанаасаа эерэг нөлөөлөл үзүүлж байгаа. Хөдөө орон нутагт байгалийн нөхцөлд энгийн ориг хүнс идүүлнэ гэдэг нь зөв үр дүнтэй эмчилгээ болно гэсэн үг.
-Та түрүүнд про-, пре-, пост- биотик гэж ярилаа. Ялгаа нь юундаа байна вэ?
-Пробиотик бол өөрөө жинхэнэ амьд организм, амьд бактери юм. Постбиотик гэдэг нь бактериас гарч байгаа, бактерийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Витамин В групп, К, фермент, амин хүчлүүдийг гэхэд гэдэсний бактериууд үйлдвэрлэдэг.
Пребиотик гэдэг нь бактерийг өөрийг нь тэжээдэг хоол хүнсийг илүү түлхүү оруулна гэсэн үг. Сүүний хүчлийн бактерид гэхэд тухайн бактерийн тэжээл болох сүүг нь өгч байж түүнийг өсгөж олшруулна гэсэн үг. Дээр үед витамины дутагдлын үед исгэмэл гурил, исгэсэн ундаа, пиво, квас зэргээр их эмчилж байсан. Исгэлт үүсгэж байгаа бактериас буюу исэлт явагдсан бүтээгдэхүүнд хүний биед зайлшгүй хэрэгцээтэй витамин, амин хүчил зэрэг чухал бүтэц эрс нэмэгддэг. Эдгээр ашигтай бичил биетийн ялгаруулж байгаа биологийн идэвхт бүтээгдэхүүнийг постбиотик гэж нэрлэж байгаа юм. Чухамдаа энэ үүсгэдэг постбиотик бодисууд нь биеийг уг амьд бактеритай бактеригүй амьдралыг тэтгэх, эрүүлжүүлэх нөлөөтөй байдаг болно. Иймд пробиотикийн хэрэгцээтэй байх үндсэн шалтгаан нь эдгээр амин чухал бодис бүтцүүдийг бие организмд үйлдвэрлэж оруулдагт оршиж байдаг. Гашилж байгаа сүү бол эрүүл амьд бичил биеттэй байна гэсэн үг. Буцалгаагүй сүү хоёр хоноод л гашилж ээддэг. Монгол айраг, таргийг хөрөнгөөр исгэдэг. Хөрөнгө гэдэг нь бактери-микробиом юм. Монгол тараг гэхэд хоёр хоноод гашуун, исгэлэн болж байгаа нь бидний яриад байгаа байгалийн жинхэнэ пробиотиктай буюу амьд микробиомтой байна гэж ойлгож болно. Эдгээр хүнсийг амьд, зөв ориг хүнс гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр Пробиотиктой эсвэл ашигтай бактеритай тараг, хүнс, эм гэж их ярьдаг болжээ. Энэ бол тусгай ялгаж авсан, зохиомлоор ургуулсан амьд бичил биет пробиотик байх ёстой гэтэл тэнд амьд бичил биет байх үндэслэл багатай. Яагаад гэвэл тэр чинь амьд биет. Амьд биет тийм удаан хугацаанд амьдрах, хадгалагдах, түр үхмэл байдлаас эргээд амьд биет болж ингээд биед ашигтай үйлдлээ үзүүлэх боломжгүй. Барууны сүү, тараг йогурт нь 80 градуст халаагаад буюу биологийн янз бүрийн аргаар ердийн бактерийг үхүүлээд, савлаад, удаан хугацаанд хадгалах боломжтой болгодог учир монгол тарагийг бодоход исэх, муудах нь бага, удаан хадгалж болдог. Энэ нь уг сүү, тараг йогуртад пробиотик буюу бактери бага байгааг нотолж байгаа хэрэг. XXI зууны хүнсний технологи өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн аргаар гаргаж авдаг боловсруулалт ихтэй бүтээгдэхүүн нь амьд ашигтай бичил биетгүй болдог байна. Ингэж боловсруулалтад оруулсанаар эм болон хүнсний бүтээгдэхүүнийг ашигтай бактеригүй болгож байгаа хэрэг. Эм болон хүнсийг пробиотиктой гээд байгаа нь харин ч амьд ашигтай бактерийг устгачихаад, пробиотиктой гэж яриад рекламдаад байдаг. Энэ бол худлаа боломжгүй зүйл л дээ.  
Амьд биетийг ургуулна, үржүүлнэ, хадгална, амьдаар нь үр дүн өгөх хэмжээнд байлгана гэдэг маш нарийн үйл явц. Амьдрал дээр хэцүү. Сүүлийн 10 жилд бичил биетийн судалгаа их хөгжсөн. Хэрэгтэй юм байна, бичил биетийг бид байвал зохих түвшинд байлгах ёстой юм байна, тэгвэл энэ өвчин эмгэг үүсэхгүй гэсэн судалгаа, нотолгоо гарч ирэнгүүт хүнс үйлдвэрлэгчид пробиотиктой хүнс гэж ярьж рекламдах нь их болсон. Амьдрал дээр бол ердийн байгалийн, боловсруулалтгүй натурал хүнсэнд л пробиотик нь (бичил биет-микробиом) ч, пребиотик (ашигтай бичил биетийн тэжээл) нь ч байгаа. Постбиотикийн хувьд ашигтай бактеритай байгаа мах, эслэг ихтэй бүдүүн гурил, ердийн сүүн бүтээгдэхүүн, усаа хэрэглэж байгаа тохиолдолд санаа зоволтгүй. Энэ асуудал дээр иргэд зөв ойлголттой байх ёстой.
Өвчин зовлонгүй, урт удаан насалъя гэвэл жилдээ нэг удаа хөдөө гарч, мах, гурил, цагаан идээгээ идэж, малын дэлэнгээс гарсан, амьд бактеритай айраг, сүүгээ хүртэж, гүний усаа хэрэглэ л гэж хэлье даа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн