"Orange Enterainment & Voo" хамтын бүтээл болох түүхэн, детектив жанрын “Мөрч” ОАУСК хоёр сарын турш үзэгчдийн байлдан дагуулж төгсгөлийн 10 дугаар анги үзэгчдийн хүртээл боллоо. Уг киноны төгсгөлийн ангийг "Мөрч" ОАУСК-ны үзэгч, фенүүддээ кино театрт урьдчилан үзүүлсэн бөгөөд энэ үеэр тус киноны найруулагч П.Дэлгэрбаяраас кино дахин үргэлжлэх эсэхийг тодрууллаа.
-Мөрч киногоор юуг харуулахыг зорьсон бэ?
-Өмнө нь хүнийг сайн эсвэл муу дүр гээд хоёр туйлд хуваачихдаг байсан. Хүн гэдэг хоёр туйлд хуваагдах боломжгүй. Хүн бүрд бурхан, чөтгөр аль аль нь бий. Ийм учраас тэр алаг хүмүүсийн тухай л үзүүлэхийг бодсон. Мөрчийн дүрүүд илүү алдаа, оноотой, муу, сайхан аль аль нь цогцолсон байгаасай гэж хүссэн. Энэ өнцгөө барьсан учраас илүү амьдлаг болсон юм болов уу. Тэгэхгүй бол хавтгай зөвхөн сайн талын плакатын, үзэл суртлын маягийн юм шиг дүрүүд хүнд хоногшдоггүй. Тэгэхээр тэрний эсрэг талаас нь харж ажилласан гэж хэлж болно.
-Таны хувьд дүр сонголтдоо их анхаарал хандуулдаг харагддаг. "Мөрч" киноны дүрийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-"Мөрч" кино миний санхүүжилт гаргаж хийсэн кино биш. Энэ бол "Оранж энтертайнмент", "Voo home"-ийн хамтарсан бүтээл учраас бид бүгд дүр сонголт дээрээ хамтдаа ажилласан. Дүр сонголт бол киноны нүүр царай. Тухайн дүрүүдээр дамжуулан уран бүтээлээ илэрхийлэх ёстой. Иймд авьяас чадвараас эхлээд олон талыг нь харж дүрүүдээ сонгосон. Улиг болсон хүмүүсээс зайлсхийсэн. Их өөр харагдах, өөрийгөө эвдэж чадах авьяастай хүмүүсийг сонгохыг хичээсэн. Тиймдээ ч жүжигчдийнхээ багт үнэхээр сэтгэл хангалуун байгаа.
-Ер нь "Мөрч" киног хийнэ гээд төлөвлөж байхдаа ийм их үзэлттэй байна гэж бодож байсан уу. Төсөөлснөөс илүү байсан уу?
-Уран бүтээлч хүн болгон бүтээлээ олон хүнд үзүүлэх юм сан гэж боддог байх. Түүнээс яг ийм үзэлттэй байна гэдэг ч юм уу тодорхой төсөөлөхөд бол их хэцүү. Ямартай ч хамгийн түрүүнд сайн уран бүтээл хийх ёстой. Үүнийгээ зөв арга хэрэгслээр үзэгчдэд таниулж тэдний сонирхлыг хөтөлж аваачих ёстой болохоор олон компани хамтарсан. Тиймдээ ч энэ кино үзэгчдэд ингэж ойрхон хүрсэн болов уу гэж бодож байна. Түүнээс хэчнээн олон сайхан кино үзэгчдэд хүрч чадахгүй өнгөрдгийг хэлж мэдэхгүй юм. Киноны найруулагчийн хувьд ийм том бүрэлдэхүүнтэй кинонд анх удаагаа ажиллалаа. Мөн энэ киног Монголын ард түмэн сайхан хүлээн авч үзэж байгаад маш их баяртай байна.
-Та ихэвчлэн өөрийнхөө бичсэн зохиол дээр найруулж ажилладаг харагддаг. "Мөрч" киноны зохиолыг өөр хүн бичсэн. Ер нь бусад киноноос ялгаатай байдал нь юу байв?
-"Мөрч" киноны эх зохиолыг бичсэн Цогтбаяр мэргэжлийн кино зохиолч биш, хуульч мэргэжилтэй. Итгэл төрүүлсэн хүмүүс дунд нэг алуурчин байна гэдэг бол үзэгчдэд хамгийн их сонирхолтой байдаг юм байна л даа. Ер нь гэмт хэргийн судалгаан дээр хамгийн ойр дотнын хүн нь байх магадлал өндөр байдаг. Иймдээ ч тухайн сэтгэл зүй, нөхцөл, ертөнц маш сонирхолтой дэвсгэр нь байсан юм болов уу гэж харж байгаа юм. Мэдээж кино зохиол болгож хувиргах асуудлууд бидэнд байсан. Зохиолчийнхоо анхны мэдрэмж, сэтгэл зүйн ачааллуудыг нь алдахгүйг хичээж ажилласан. Киноны зохиол хамгийн чухал гэдэг. Цогтбаяр зохиолчдоо үнэхээр баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
-"Мөрч" кинонд дахиад бүлэг бий юү. Долоо хоногт нэг л анги ордог байсан болохоор үзэгчид их хүлээлт үүсгэсэн?
-Мөрч Дамдиныг хүмүүс “Энэ айраг ууж мах идээд л яваад байдаг. Нэг хэрэг илрүүлэх гэж хаваржингаа юм боллоо гээд байгаа. Уг нь тийм биш юм. Энэ киног нэг дор үзвэл 10 гаруй хоногийн үйл явдал, өрнөж байгаа асуудал. Яах вэ, киног түгээх арга гэж байна. Нэг л намрын хэдэн өдрүүдийн тухай асуудал шүү дээ энэ.
Үзэгчдэд нэгэнт хүрсэн учраас үргэлжлүүлэх эсэхийг бизнесийн байгууллагууд төлөвлөж байгаа болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлнэ гэвэл манай уран бүтээлчид бол бэлэн байх.
-Таны хувьд детектив төрлийн кинонууд дээр сүүлийн жилүүдэд илүү ажиллах болсон. Яагаад детектив төрлийг сонгох болов?
-Яах вэ, хүн өөрийнхөө сэтгэл зүйг, бодсон санаагаа илэрхийлэх арга гэж бий. Детектив төрөл нь надтай арай ойрхон гэдэг юм уу. Эсвэл санаагаа илэрхийлэхийг хүсдэг төрлийн хэлбэр байх.
-Та киноны зохиол хүртэл бичдэг шүү дээ. Тэгэхээр сэдэв, санаагаа ер нь юунаас хайж олдог вэ?
-Ер нь гоё кино үзэх, сайн ном, зохиол уншихад мэдрэмжүүд төрдөг. Тэндээс гарсан мэдрэмжүүдээ хөөдөг гэж хэлж болно. Түүнээс үйл явдлыг аливаа зохиолоос хуулбарлахыг боддоггүй. Тухайн үйл явдлаас, зохиолоос надад төрсөн мэдрэмжийг ямар дүрүүдээр гаргаж ирэх вэ, тэдгээр дүр ямар үйл явдал дунд хутгалдах, зөрчлийг үзүүлэх вэ гэдэг ч юм уу. Ер нь эмзэглэлээс бүтээл төрдөг гэж боддог.
-"Мөрч" киног заавал үзэх гурван шалтгаан таны хувьд юу вэ?
-Нэгдүгээрт, кино гэдэг нийлмэл урлаг шүү дээ. Иймд олон уран бүтээлч оролцсон. Мэргэжлийн үүднээсээ бүх хүн авьяасаа шавхсан бүтээл учраас үзэгчид хугацаа зарцуулаад үзээсэй.
Хоёрт, үйл явдал нь маш сонирхолтой. Цаг хугацааг нь дэмий үрэхгүй гэж найдаж байна.
Гуравт, түүхэн кино учраас тухайн цаг үеийг мэдрүүлэх гэж хэрдээ хичээсэн.
-Таны дараагийн уран бүтээл нь ямар бүтээл байх вэ. Хэзээ дараагийн бүтээл тань гарах бол?
-Энэ зун дараагийн уран бүтээлээ хийх гээд ажиллаж байна. Одоо зохиолын түвшинд явж байгаа. Ирэх жилийн эхний саруудад гарах болов уу гэж таамаглаж байна.