Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

Арван дөрвөн хотын үлгэр

Арван дөрвөн хотын үлгэр
Нийтэлсэн 29 минутын өмнө
Манай дарга нар ямар ч чухал ажил, шийдвэрийг уг үндэс, ул сууриар нь зөв тайлбарлаж танилцуулаагүйгээс үүдэн нийгэмд зүгээр л хов хэрүүл хоосон яриа, инээд наргиа элэг доог болгоод өнгөрөөдөг жишиг тогтлоо. Жишээ нь, сая нийслэлийг 14 хот болгон хуваана гэх тэс хөндлөн яриа сар хүрэхгүй хугацааны дараа /2025.06.01/ хэрэгжиж эхлэх товтой нэн чухал хуулийн үзэл баримтлал, үндсэн агуулгыг юу ч биш болгож орхилоо.
Яг үнэндээ Хот, тогсоны эрх зүйн байдлын тухай хуульд “Улаанбаатарыг 14 хот болгон хуваана” гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд “Хотын зохион байгуулалтын нэгж нь хороолол байна. Хороолол нь оноосон нэртэй байна. Тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байж болно” гэж тов тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, одоогийн есөн дүүрэг, 152 хороотой хэт нүсэр бүтцийг цомхон болгож, зөвхөн 14 хороололд хувааж, төрийн үйлчилгээ, төсөв санхүүгийн хуваарилалт хийх агуулгатай юм. Өмнө нь иргэдийнхээ асуудлыг шийдэх нь байтугай хогоо ч толгой мэдээд ачих төсөвгүй, эрхгүй байсан 160 гаруй нэгжийг 10 дахин цөөлөхийн зэрэгцээ тодорхой эрх мэдэл олгож буйгаараа энэ хууль чамгүй ач холбогдолтой. Тухайлбал, хотын зохион байгуулалтад дүүрэг, хороо гэх бүтцүүд үгүй болж, зөвхөн хороолол гэх бие даасан эрх мэдэл бүхий шинэ бүтэц бий болох ёстой. Гэтэл нөхдүүд энэ хуультай олон нийт сайн танилцаж амжаагүй байгааг далимдуулж, өөрсдөдөө албан тушаал бий болгох далд санаархлаар “14 хот” гэх үлгэр зохиосон байна. Жишээ нь, хотын даргын орлогчоор ажиллаж асан УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Улаанбаатарыг 14 хотод хуваах нь зөв. 14 хот тус бүр 4-5 хорооллоос бүрдэнэ...” гэж ярьжээ. Хэрэв иймдээ тулбал урагшлах бус, ухарсан болно шүү дээ. Дүүрэг, хороогоо цөөлөх бус нэмсэнтэй ижил.
Ер нь энэ хуулийн үндсэн агуулга нь одоо байгаа хотоо дахин олон хотод хуваа гэсэн үг огтоос биш. Дагуул хот, тосгонуудыг шинээр байгуулах, шаардлагагүй бүтцүүдээ татан буулгах харилцааг зохицуулах гол зорилготой. Гэтэл хуулийн зорилго хэсэгт бичсэн “өөрчлөн байгуулах” гэх хоёрхон үгэнд дулдуйдан нийслэл хотыг нэгмөсөн самарч мэдэх үйлдлүүд хийж эхэллээ. Дөрвөн уулын дундах алгын чинээхэн хотоо 14 хуваачхаад, дээр нь 60-70 хорооллын захирагч, зөвлөлтэй болчхоод тэр болгон нь өөр өөрийн гэсэн дүрэм журам батлаад, татвар хураамж аваад эхэлбэл ард иргэдийн амьдрал дээрдэх бус, дордох нь ойлгомжтой. Хоёр алхаад л хаана яваагаа мэдэхээ байж, холион бантан болно. Өнөө иргэд, бизнес эрхлэгчдийг хамгийн их хохироож байгаа хууль давсан журам гэдэг чинь жинхэнэ утгаараа улам цэцэглэнэ. Тиймээс хотыг хотод хуваана гэх солиорлыг нэн яаралтай таслан зогсоох ёстой.
Одоо тэд олон нийтийн хэл амнаас жийрхэхдээ хуулиа хойшлуулъя гэчихсэн сууж байна. Хойшлуулахаас ч аргагүй. Яагаад гэвэл шинэ хуулиар хот, тосгоны удирдлагыг хэрэгжүүлэх нэгж нь одоогийн ИТХ бус, Зөвлөл байхаар заасан. Зөвлөлийн гишүүдийн тоо ч өөр. Нэгэнт шинэ зохион байгуулалтад орж буй бүтцүүдэд хуучин хуулиар сонгогдсон хүмүүс ажиллаж болохгүй. Тиймээс зөвхөн хот, тосгоны газар нутгийн зохион байгуулалтаас гадна бусад хүчин зүйлийг онцгой анхаарч хуулийн хийдэлгүй, оновчтой зохицуулалт хийх бэлтгэлээ бүрэн дүүрэн хангах цаг хугацаа хэрэгтэй.
Үүнээс гадна хот, тосгоны зохион байгуулалтын асуудлыг зөвхөн одоогийн нийслэлийн удирдлагын баг, тэдний хүрээллийнхэн бус Засгийн газрын нийт гишүүд бүх салбарын харилцааг уялдуулах замаар шийдэх учиртай. Наад зах нь Газрын тухай багц хуулийг нэн яаралтай шинэчилж байж дорвитой өөрчлөлт гарна. Газрын буюу өмчийн эрхийг шийдэхгүйгээр хот, тосгоны асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Уг нь манай улсад энэ чиглэлд маш том боломж бий. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын өнөөгийн зовлон бэрхшээл нь өөрөө ирээдүйн шинэ хот, тосгон хөгжих хөшүүрэг, боломжууд гэж хэлж болно. Жишээ нь, хот тойрсон жижиг сум, суурингуудыг хотоо байг гэхэд тодорхой чадамжтай тосгон болгон хөгжүүлэх асар их өгөгдөл бэлэн байна. Хотын баруун талд олон улсын чанартай зам дагуу байрлаж байгаа Баянчандмань сумыг аялал жуулчлал, Баянхангай, Лүн сумдыг худалдаа, үйлчилгээ, зүүн талд байгаа Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, Эрдэнэ сумыг цагаан идээ, хүнсний үйлдвэрлэлийн кластраар хөгжүүлж яагаад болохгүй гэж. Энэ байршлууд эзгүй хээр цоо шинээр бүхнийг эхлэхтэй адил биш. Зөөлөн болон хатуу дэд бүтцийн суурь нь бэлэн байна. Үүнийгээ зөв бодлого, төлөвлөлтөөр өргөтгөөд, хамгийн гол нь шилжин суурьших, бизнес, үйлдвэрлэл эрхлэх хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүддээ татварын болон газар эзэмшүүлэх таатай боломж олгоод явахад огт хэцүү биш. Эдгээр нь хотод ойр тосгонууд хөгжих үндэс суурь төдийгүй нийслэлд олон жил хуримтлагдсан хур зовлонг нимгэлэх том хөшүүрэг болох нь гарцаагүй. Яагаад гэвэл тэд утаа, түгжрэлдээ баригдсан Улаанбаатараас гарах сонирхол хэдий байвч төрийн тодорхой бодлого, дэмжлэг байхгүй учраас хөдөлдөггүй. Маш ойлгомжтой болзол, шалгуур, төлөвлөгөө байвал бүгд дагаад хөдөлгөөнд орно. Өнөөдөр хэдийгээр Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хүннү хотын тухай ярьж байгаа ч энэ хангалтгүй. Дээр дурдсан хэд хэдэн байршилд, хэд хэдэн чиглэл, зорилго бүхий шинэ хот, тосгон байгуулах шийдвэрийг хойш тавилгүй зоригтой гаргах шаардлагатай байна.
Хот, тогсоны хөгжлийн асуудал бол байгаагаа баруун зүүнгүй хувааж баахан дарга томилох тухай ойлголт огтоос биш шүү, дарга нар аа. 
Сэтгүүлч Ч.Дашдэлэг нь 2006 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Улс төр, эдийн засгийн чиглэлээр ярилцлага, тойм, контент бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн