Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн бүтээмж дээр үндэслэсэн цалин хөлсний тогтолцоогоо эргэж харах шаардлагатай болсон тухай мэдээллээ. Тэрээр "Цалингийн түвшин доогуур байдаг бага орлоготой иргэдийг хамгаалах бодлогын нэг хэсэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны 91 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байна. Бусад улс орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч үзвэл Австрали нэг цагт 18 доллар. Шинэ Зеланд нэг цагт 16 доллар. Англи, Люксембург, Герман, Аргентин зэрэг улсуудад нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэлээдгүй өндөр байдаг. Мөн Азийн хөгжиж буй улс орнуудын нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч үзсэн. Үүнд, Филиппин нэг цагийн 1 доллар 64 цент, Индонез 1 доллар 18 цент байна. Харин Киргизстан, Тажикистан зэрэг улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 доллароос бага байна. Монгол Улсын хувьд 2024 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 3929 төгрөг буюу 1 доллар 10 цент байсан. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр нэг цагийн 4715 төгрөг буюу 1.3 доллар болж өсжээ. Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цагийн ажил хийж байгаа маш олон хүн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 134 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлдөг. Мөн 176 мянган албан журмын даатгуулагчид буюу ажил хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж буй иргэд бий. Хөдөлмөрийн зах зээлийн хомсдолын гол асуудал нь хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн үнэлгээний асуудал байна. Хөдөлмөрийн зах зээл дээр 40-50 мянган бодит ажлын байр байна. Гэтэл нөгөө талдаа 70-80 мянган ажилгүйчүүд байгаа юм. Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн бүтээмж дээр үндэслэсэн цалин хөлсний тогтолцоогоо эргэж харах шаардлагатай болсон. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь инфляцад нөлөөлөх үү гэх асуудал бий. Үндэсний статистикийн хороо, Монголбанкнаас энэ талаар дүгнэлтүүдийг авсан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт сарын инфляцад 0.02 нэгж хувиар нөлөөлнө гэх дүгнэлт байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр инфляцад нөлөө үзүүлээд байхгүй гэсэн үг юм" гэлээ.