11.35 цаг: С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохыг дэмжлээ
Хараат бус, бие даасан статустай Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. Нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 27 жил ажилласан, түүнээс сүүлийн 10 жилд гурван яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй, Төрийн тэргүүн зэргийн түшмэл юм. Хуулийн байгууллагаар бол генерал нь гэсэн үг. УИХ-ын гишүүд түүнд хандаж, асуулт асууж, үг хэлэхдээ захиас дайв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Мерит зарчмаар явсан хүн очих их зүгээр байдаг. Аудитын хууль сайн шинэчлэгдсэн. Аудитын дүгнэлт углуургатай байдаг болсон. Меритээр явж бгаа хүн орж ирсэнд талархаж байна. Аудитын дүгнэлтийг зүгээр сонсоод өнгөрдөггүй байгаасай. Орон нутаг дахь төсвийн эрх мэдэл, хөгжлийн сан нь нэмэгдсэн. Одоо гүйцэтгэлд анхаарах ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн хүн учраас талархалтай хандаж, дэмжинэ. Төрийн аудитын хууль шинэчлэгдээд удаагүй байгаа” хэмээн захилаа.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонхын саналаар С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохыг дэмжлээ.
11.00 цаг: УИХ-ын Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнг томилуулах саналыг УИХ-д оруулсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төрд цугласан татвар төлөгчдийн мөнгөний үр ашгийг хянах нь аудитын байгууллагын үүрэг. Эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг хянана гэдэг хамгийн төвөгтэй ажил. Нэг гараараа төрийг томруулчихаад нэг гараараа хянана гэнэ. Өнөөдөр аудитын байгууллага ацан шалаанд орсон хэцүү цаг үед байна гэж би боддог. Төсөв, төр, төрийн өмчит компаниуд нь хамгийн их томорчихсон байхад хяналт хийх гэж байгаа. Ийм их мөнгийг хянах гэж аудит хийнэ гэсэн хуультай.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Аудитын байгууллагын тайланг уншдаг. Тулгамдаад байгаа бүх асуудлыг ямар нэгэн байдлаар тусгасан байдаг. Хэрвээ байгууллагууд аудитын зөвлөмжийг дагадаг байсан бол асуудлууд цэгцрэх байсан. Гүйцэтгэлийн аудит хийхээс өмнө төлөвлөж байхад аудит оролцдог болбол яах вэ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Манай төрийн байгууллагууд бодлогын хэрэгжилт төсөл арга хэмжээний хэрэгжилт хоёроо холиод буруу төсөвлөөд татварын орлогыг үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа. Та энэ алдааг хэрхэн засахаар төлөвлөж байна вэ. Та гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Төрөөс гадна орон нутгийн удирдлагууд зөв төлөвлөж чадахгүй байгаа. 2023 онд Орон нутгийн хөгжлийн санд 544 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч зарцуулалтаас нь 163 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Иргэд оршин суугчдаас санал авахгүйгээр дарга нар төсөл хэрэгжүүлээд явчихдаг. Энэ сангийн зарцуулалтыг иргэд өөрсдөө шийдэх ёстой. Үүнийг засах бодлого танд байгаа юу?
Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэн: Төрийн аудитын байгууллагын нэг үүрэг бол төсвийн төлөвлөлтийг зөв болгох, орлогодоо уялдсан зарлагыг тооцож дүгнэлт гаргах, зарлагыг нэмэгдүүлэхгүй байх. Төрийн аудитын байгууллага төсвийн орлогыг сайжруулах, зарлагыг үр ашигтай батлуулах саналыг гаргаж хуулийн хугацаанд хүргүүлдэг. Аудитын байгууллага бодлогын баримт бичгүүдийг нийцүүлж, уялдаа холбоог нь хангаад дүгнэлтээ өгдөг. Гол нь асуудлыг шийдэх шийдэл нь УИХ, ИТХ-ууд дээр гарч байгаа. Орон нутгийн сангуудад аудит хийдэг. Мөн төлөвлөгөөт аудит хийдэг. Сэдвийг Төсвийн байнгын хороон дээр баталдаг. 2025 онд 41 сэдэвт төлөвлөгөөт аудит хийхээр баталсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нэр дэвшигч хуулийн шаардлагыг бол хангаж байгаа юм байна. Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд байгаа. УИХ-аас томилогддог байгууллагуудаа сонсгол хийгээд шат дараатай томилох нь зөв.
Өнөөдөр төр данхайсан байдлыг харахад аудитын хийх ажил их байна. Аудитын бүтэц, ажиллах байдал ямар байгаа вэ. Та хамгийн эхэнд юун дээр анхаарч ажиллах гэж байна вэ. Хөдөө аж ахуйн кластер төсөл манай Баянхонгор аймагт хэрэгжээд санхүүжилт нь дууссан. Энэ дээр аудит оруулахын хүсэж байна. Төслийн хүрээнд мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсон байх ёстой. Улсын 20,30 тэрбум төгрөгийг сүүлийн 5,6 жилд зарцуулсан. Үүний үр дүн, хэрэгжиж байгаа ажил ямар байгааг аудит хийх ёстой.
Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэн: Аудитын газар 21 аймаг, нийслэл гээд 23 байгууллагын бүрэлдэхүүнтэй. Орон нутагт 400 орчим, төвдөө 200-аад орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд одоо ярих боломжгүй байна. Аудитын дүгнэлт, хэрэгжилтэд онцгой анхаарах ёстой гэдгийг гишүүд хэлж байгаа. Тиймээс энэ чиглэлийн бүтэц орон тоо чиглэж магадгүй.
Гишүүдийн ярьсан бүх санал дээр эргэж нэг бүрчлэн танилцаж, хувь гишүүдэд танилцуулна гэж бодож байна. Аудитын цар хүрээ төсөв нэмэгдэх тусам нэмэгдэж байгаа. Тиймээс тэр болгонд хүрч ажиллах зохион байгуулалтыг сонгох ёстой.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.