Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин, Ши нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар Москвад дахин хэлэлцэнэ

Путин, Ши  нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар Москвад дахин хэлэлцэнэ
Нийтэлсэн 14 минутын өмнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын баярын арга хэмжээний үеэр олон жил зогсонги байдалд орсон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар дахин хэлэлцэх гэж байгаа тухай албан ёсны эх сурвалжууд мэдээллээ.
Путин анх 2022 онд Ши Жиньпинд “Сибирийн хүч-2” төслийг санал болгож байсан. Энэхүү төсөл нь Украин руу довтолсны үр дүнд Европын зах зээлээс шахагдсан Оросын хийн борлуулалтыг Хятадын зах зээлээр нөхөх зорилготой юм. Гэвч Хятад улс энэ төслийг одоогоор батлаагүй байгаа бөгөөд хоолойгоор нийлүүлэх хийг хямд, татаастай үнээр авах шаардлага тавьсан хэвээр байна.
Эх сурвалжууд Хятад улс хийн үнийг арай өндөр түвшинд буюу Оросын дотоодын үнэ болон “Сибирийн хүч-1” хоолойгоор одоо төлж буй үнийн хооронд байхаар тохиролцох боломжтой талаар дурджээ. Мөн хэлэлцээ дахин сэргэж буй ч Ши Жиньпиний айлчлалын үеэр эцсийн тохиролцоонд хүрнэ гэж найдаж болохгүй гэв.
Анхны “Сибирийн хүч” хийн хоолой 2019 онд ашиглалтад орсон бөгөөд 2023 оны эцэс гэхэд жилийн 38 тэрбум шоо метр хийн хүчин чадлаар бүрэн ажиллах болсон. Харин “Сибирийн хүч-2” төсөл хэрэгжсэн тохиолдолд Оросын Ямалын ордоос Хятад руу хийн нийлүүлэлтийг Монгол Улсыг дайрсан шинэ маршрутаар хийхээр төлөвлөж байгаа. Гэсэн ч Хятадын тал энэ замыг тойруулан, Монголыг дамжихааргүй шууд маршрут санал болгож байгаа аж.
Орос-Украины дайнаас өмнө ОХУ Европ руу жилд 150 тэрбум шоо метрээс дээш хэмжээтэй хий экспортлодог байсан. Гэвч одоо ажиллаж байгаа болон ирээдүйд төлөвлөгдөж буй бүх хоолойн хүчин чадлыг бүрэн ашиглалаа ч Оросоос Хятад руу хийх нийлүүлэлтийн нийт хэмжээг дөнгөж 98 тэрбум шоо метр хүргэх боломжтой. Сибирийн хүч-1”-ээр 38 тэрбум, “Сибирийн хүч-2”-оор 50 тэрбум, Алс Дорнодын маршрутаар 10 тэрбум гэсэн үг.
2025 онд Оросоос Европ, Турк руу нийлүүлэх хий 40 тэрбум шоо метрт хүрнэ гэж BCS-ийн таамаглалд дурдсан. Энэ нь 2024 оны үзүүлэлтээс 10 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь Украины дамжуулан хий тээвэрлэх гэрээ дуусаж байгаатай холбоотой аж. Үүний зэрэгцээ Европын Холбоо Оросын эрчим хүчнээс бүрэн татгалзах алхмыг хийж байна. Мягмар гарагт л гэхэд Европын Комисс 2027 оны эцэс гэхэд Оросын хийн импортоо зогсоох төлөвлөгөөг танилцуулжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн