Барилга бол эрчим хүчийг хамгийн их хэрэглэгч, агаар мандлыг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулах эх үүсвэр билээ. Өрх бүр байшингаа дулаалснаар агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулах боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаар хүн бүр сонсдог ч цахилгаан халаалтад гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл эрчим хүчний хэмнэлтийн хамгийн чухал нь дулаан алдагдал багатай чанартай барилга барихаас эхэлдэг аж. Хэдий чинээ дулаан алдагдал бага байна эрчим хүч бага зарцуулна гэсэн үг. Дулаан алдагдал ихтэй, чанар стандартын шаардлага хангаагүй барилгыг мянга сайн халаалтын систем суурилуулаад ч нэмэргүй. Бага эрчим хүчний зарцуулалттай байшин нь дулааны эх үүсвэрээ хаанаас ч авсан ердийн байшинтай харьцуулахад технологи, барилгын бүтээгдэхүүний хувьд эрчим хүчийг бага зарцуулдаг. Тэгвэл хүйтний улиралд дулаан алдахгүй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хүргэе.
Н.Ганбаа: Монгол гэрт пассив барилгын стандарт, арга зүйг хэрэглэхэд эрчим хүчний зарцуулалт 50 хувь буурсан

Пассив Барилгын Хүрээлэн ТББ-ын ерөнхийлөгч, ОУ-ын Пассив барилгын зөвлөх Н.Ганбаа: Уламжлалт арга бол эцсийн бүлэгт нүүрсэндээ умбаж дуусдаг юм байна. Эрчим хүчийг хамгийн бага зардлаар, өндөр дүнг хэмнэдэг аргыг эрдэмтэд боловсруулсан байдаг. Энэ нь пассив барилгын арга зарчим. Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой буюу энэ аргаар барьсан барилга хамгийн дулаахан болдог. Нарны эрчим хүчийг бүрэн ашиглая, галлахгүй байя, дулаанаа нөөцөлье, байгаль орчиндоо ээлтэй байя. Байшин дулаан хадгалагч халуун сав шиг дулаан хадгалах чадалтай байж болно. Монголд байшин барихад ашиглаж байгаа ямар ч материалаар пассив барилгын арга зарчмаар эрчим хүчээ хэмнэх боломжтой. Монгол нарлаг орон учраас зөв тийш нь харуулаад байшингийн материалаа зөв зохистой ашиглавал ижилхэн материалаар үр дүнтэй байшин болдог. Монгол гэрт пассив барилгын стандарт, арга зүйг хэрэглэхэд эрчим хүчний зарцуулалт 50 хувь буурсан. Монгол гэр болон ердийн байшинтай айлууд хамгийн түрүүнд хийж болох ажил байшингийнхаа битүүмжлэлийг хангая, сийгэлтүүдээ зогсооё. Ингэхээр халаалтын эрчим хүчний ачаалал буурна.

Нийслэлийн яндангаа буулгая гэдэг уриалга олон хүнд хүрсэн. Гэхдээ яндангаа буулгахад олон асуудал үүснэ. Дулаалахгүйгээр нүүрс шатааж байсан энергийг нөхөх боломжгүй. Нүүрсийг 5-10 дахин үнэтэй газ түлшээр солиод эдийн засгийн хямралд ороод дуусна. Төр засгийн бодлого нүүрсэнд өгдөг байсан мөнгөө гаазанд өгдөг больё гээд буцаад Орос эсвэл гаднын хамааралтай болох гээд байгаа. Газ түлш гэрт зохимжгүй. Хятадаас маш үнэтэй газан төхөөрөмжийг авчраад айл болгонд шахаж байна. Газ түлш нь хүчилтөрөгчийг шатаана, бохирдол агаар гаргана, тэсэрнэ, дэлбэрнэ гээд сул тал олон бий. Маш том эрсдэл, алдагдлыг дагуулж байна. Монголын халаагуурын үйлдвэрлэгч нараа сөхрөөж буй юм.
Б.Уламбаяр: Барилга барьж байгаа хүн дулаалгаасаа эхэлж эрчим хүч хэмнэнэ
Гэрэлт дөл констракшны гүйцэтгэх захирал Б.Уламбаяр: Манай үйлдвэрлэдэг полистрол хавтан нь эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн цутгалттай, газар хөдлөлтөд тэсвэртэй. Хэмжээний нарийвчлалтай болохоор хэрэглэхэд хялбар, өөрөө дулаалга болдог болохоор нэг дор олон үйлдлийг зэрэг хийгээд явна. Эрчим хүч хэмнэлт гэдэг дулаалга. Эрт тэс уур амьсгалд зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан байна. Дулаанаа хадгалах чадвартай гэсэн үг. Барилга барьж байгаа хүн дулаалгаасаа эхэлж эрчим хүч хэмнэнэ. Байшингаа дулаал гэдэг зургаан ханыг хэлээд байгаа юм. Тааз, шал гэж ялгаж болохгүй бүгд адилхан дулаалгатай байж дулаахан байна.

Барилгын үндсэн хийц сайн байж дараа нь халаалтын асуудал яригдана. Жишээлбэл, 8:8 байшин барихад манай хэв хашмалаас цонх, хаалга хасвал 9 сая төгрөгт худалдаж аваад хэвээ өрнө. Үүн дотор 4-4.5 сая төгрөгийн зуурмаг, сая төгрөгийн арматур орно. Тэгэхээр нийт 14-15 сая төгрөгт дулаан торхоо бий болгоно гэсэн үг. Эхний хөрөнгө оруулалт бол зарлага биш. Эрчим хүчний хэмнэлттэй байж дараа нь бариулсан эзэндээ жинхэнэ хэмнэлтийг авчирна. Нэг л удаа сайхан дулаахан байшин баривал та насаараа зарлага багатай амьдарна гэсэн үг.
Б.Энхсайхан: Базальт чулуун хөвөнгөөр байшингаа өлгийдөж дулаалаад түлээ нүүрс, эрчим хүчний хувьд 65 хувь хүртэл бууруулж чадна
Монгол Базальт компанийн борлуулалт хариуцсан менежер Б.Энхсайхан: Манай компани 2007 оноос хойш байгалийн гаралтай базальт чулуун хөвөн үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 40-60 хувийг ханган ажиллаж байна. Урин дулаан цагт байшингаа дулаалаарай гэж Монгол базальт компанийн зүгээс уриалж байна. Дулаалгын материалыг сонгохдоо физик, химийн шинж чанар, давуу тал, олон жилийн насжилт, эдийн засгийн хувьд аль нь өгөөжтэй вэ гэдгийг харж байж сонгох хэрэгтэй. Импортоор орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй, сертификатгүй, лабороторийн гэрчилгээгүй материал худалдаж аваад 2-3 жилийн дараа дахин дулаалга хийх шаардлагатай болно.

Базальт чулуун хөвөнгөөр байшингаа өлгийдөж дулаалаад түлээ нүүрс, эрчим хүчний хувьд 65 хувь хүртэл бууруулж чадаж байна. Нийслэлийн 50 орчим хувь нь гэр хороолол. Одоо амьдарч байгаа байшингаа дулаалбал тав тухтай орчинд эрчим хүч, эдийн засгийн хэмнэлттэй амьдрах боломж бүрэн байна. Дунджаар 50, 60 мкв байшинг өлгийдсөн байдлаар дулаалахад 3.5 сая төгрөг орчим болно. Метр, квадратаас шалтгаалаад үнэ нь өснө, буурна. Нэгд, үндэсний үйлдвэрлэл. Хоёрт, байгалийн газартай базальт чулуун хөвөн хүний биед хор нөлөөгүй. Бүх төрлийн дулаалгад тохиромжтой, дулааныг маш сайн тусгаарлана. Ус чийгт тэсвэртэй, дуу чимээ тусгаарлана. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас ногоон зээлд хамрагдах боломжтой.
Г.Тамир: Эрчим хүчний хэмнэлттэй цонх нь бусдаас 200-400 хувиар дулаан алдагдал багатай байна
“Цонх” констракшны бүтээгдэхүүн, хөгжүүлэлт хариуцсан менежер Г.Тамир: Манай компани эрчим хүчний хэмнэлттэй цонх хийдэг. Тодруулбал, цонхны шиллэгээ, суулгац, угсаргаа болон үндсэн, туслах материалууд орж байгаа юм. Цонхны шиллэгээнд бид гурван үндсэн технологи нэвтрүүлсэн. Нэгдүгээрт, Lowe шил нь тасалгаанд байгаа дулааныг буцааж ойлгодог нано түрхлэгтэй юм. Хоёрт, шил хооронд аргон хий дүүргэснээр агаар нягтаршиж илүү дулаахан болдог. Гуравт, дулаан эрмэг төрлийн зай баригч ашигласнаар шилний эргэн тойрны цанталт 70 хувь буурч, хөнгөнцагаан зай баригчийг бодвол 1000 дахин дулаан дамжуулалт нь бага болно.

Цонхны дулаан техникийн үзүүлэлтээрээ барилга нормын тавигдаж байгаа шаардлагыг хамгийн багадаа 20-30 хувийг давуулан биелүүлж байгаа. Түгээмэл байдаг цонхнуудаас 200-400 хувиар дулаан алдагдал бага. Эрчим хүчний 70 хувийн хэмнэлттэй цонх гэсэн үг. Дулаалга, амлагаа, тавцантайгаа 1.50 өндөр, 1.50 өргөнтэй стандарт цонх 1.2-1.6 сая төгрөгийн үнэтэй байна. Дулаан алдагдалгүй цонх гэж байхгүй. Харин дулаан алдагдлыг хэд дахин бууруулж байгаагаараа л онцлогтой.
Банкнууд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, засварлах, худалдаж авах гэсэн төрөл дээр өөрсдийн журмын дагуу 1 тэрбум хүртэлх зээлийг 15-20 жилийн хугацаатай олгож байгаа аж. Зээл 1-1.6 хувийн хүүтэй байна. Энэ нь хугацаа, барилгын эрчим хүчний хэмнэлтийнх нь хувиас шалтгаалах юм байна. Зээлд хэрхэн хамрагдах боломжтой талаар Монголын амины орон сууц инновац хөгжлийн төвийн захирал Э. Мөнгөнсүхээс тодрууллаа.

Тэрээр “Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Монголын амины орон сууц инновац хөгжлийн төв хамтран иргэдэд зориулсан амины орон сууцны мэдээллийн төвийг гурван дүүрэг байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл, зээлд хамрагдах боломжтой барилгын эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ зэрэг шаардлагатай бүх мэдээллийг нэг дор өгч байна. Тухайн байшин, барилгад орж байгаа технологийн шийдлүүд нь сүүлийн үеийн дэвшилтэт, инновац нэвтрүүлсэн, халаалт, агааржуулалт, цонх нь эрчим хүчний хэмнэлттэй гээд энэ бүхэн нийлж байж эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдэг цогц ойлголтыг бүрдүүлж буй.
Юун түрүүнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийг хийнэ. Үүнд үндэслээд барилгын эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ гэж олгож байгаа. Эдгээрт үндэслэн банк зээл олгож байгаа гэсэн үг. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц нь чанартай материалаар зөв технологийн дагуу хийгддэг учраас хямдхан байх боломжгүй. Ер нь метр квадрат нь 2.5-3 сая төгрөгийн хооронд төрөл, хийцлэл, компанийн дотоод нөөц, техник хэрэгсэл, ур чадвараас хамаараад зах зээл дээр худалдаалагдаж байна” гэлээ.