Улсын хэмжээнд өндөр шагналын сантай англи хэлний олимпиад зарлагдаад байна. Энэ талаар "Australian Smart School of Ulaanbaatar"-ийн сургалтын менежер Н.Должинсүрэнтэй ярилцлаа.
–Australian Smart School of Ulaanbaatar сургуулийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
–Манай сургууль 2023 оны есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийж, өдгөө хоёр дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Бидний гол онцлог нь англи хэл, математик, мэдээллийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдгаараа бусад сургуулиас ялгардаг гэж боддог.
Энэ хичээлийн жилээс Австралийн зарим сургуультай хамтын ажиллагаа тогтоож, багш, сурагч солилцоо болон австралийн хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн манай сургууль IELTS шалгалтад сурагчдаа зориулан тусгай сургалт явуулдгаараа онцлог. Тухайлбал, энэ жил 12-р ангиа төгсөж буй 30 сурагчийн 12 нь IELTS-ийн 7-7.5 оноо авч, өндөр амжилт үзүүлээд байна.
–Танай сургууль аль салбаруудад илүү амжилт үзүүлж байна вэ?
–Манай сургуульд одоогоор 500 гаруй сурагч, 60 орчим багш, ажилтан ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, бахархам үр дүн гаргасан.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл Малайз улсад болсон олон улсын математикийн олимпиадад манай 11-р ангийн сурагч Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртсэн. Мөн урлаг, спортын чиглэлээр ч өндөр амжилт үзүүлсэн. Тухайлбал, Японд болсон олон улсын гимнастикийн тэмцээнд манай сургуулийн хоёр анги оролцож, нэг анги нь тэргүүн байр эзэлсэн. Үүнээс гадна нийслэл болон дүүргийн хэмжээнд зохион байгуулагддаг монгол хэл, уран зохиол, монгол бичгийн олимпиадад манай сурагчид оролцож эхний гурван байрын шагналуудыг хүртсэн. Англи хэлний улсын олимпиадын эхний шатанд манай сургуулийн 9-р ангийн сурагч нэгдүгээр байрт шалгарсан нь бас нэгэн онцлох амжилт юм.
Бидний эдгээр амжилт нь зөвхөн сурагчдын хүчин чармайлт бус, мэргэжлийн өндөр түвшний багш нарын маань хичээл зүтгэл гэж хэлж болно. Манай сургуульд тэргүүлэх зэрэгтэй олон багш ажилладаг бөгөөд бид Хятад, Япон, Англи зэрэг улсаас ирсэн нийт зургаан гадаад багштай. Багш нарынхаа мэдлэг чадвар, идэвх зүтгэлээр бахархдаг юм.
–Australian Smart School of Ulaanbaatar сургуулийн ирээдүйн алсын хараа, зорилго юу вэ?
–Манай сургуулийн гол зорилт бол Австралийн боловсролын хөтөлбөрийг Монголд амжилттайгаар нутагшуулах юм. Энэ зорилгын хүрээнд анхны алхмуудыг хийгээд эхэлсэн байгаа. Тухайлбал, сургуулийн захирал болон зарим багш, ажилтнууд Австралийн Мельбурн хотод айлчилж, тэндхийн боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан. Мөн хөтөлбөрийн агуулга, сургалтын материалын нийцлийг судалж, хэрхэн боловсронгуй хэлбэрээр нэвтрүүлэх талаар ажиллаж байна. Цаашид сурагчид маань төгсөх ангидаа Австралийн гэрчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Манай алсын хараа бол сурагчдад зөвхөн Монголд төдийгүй олон улсад, тэр дундаа Австралид чөлөөтэй суралцах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын боловсролын стандартыг Монголын боловсролын салбарт амжилттай нэвтрүүлэхэд оршиж байна. Үүний зэрэгцээ олон улсын түншлэл, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр зорьж ажилласаар байгаа юм.
–Австралийн хөтөлбөрийн давуу тал нь юу вэ. Хэрэгжиж эхэлснээр ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?
–Манай сургууль өөрийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг Австралийн боловсролын байгууллагад хүргүүлсэн. Бид хамтын ажиллагаатай боловсролын байгууллагуудаараа дамжуулан тус хөтөлбөрийг Австрали болон Монголын эрдэмтдээс бүрдсэн багт танилцуулсан бөгөөд одоогоор хоёр улсын хөтөлбөрийн нийцлийг судлах судалгааны ажил явагдаж байна.
Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн эхний ээлжид ямар хичээлүүдийг Австралийн хөтөлбөрийн дагуу заах боломжтойг тодорхойлж, ирэх намраас ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар бид Австралийн сургуулиудтай багш, сурагч солилцоо зэрэг бодит хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр эцэг эх, сурагчдын сэтгэл ханамж мэдэгдэхүйц нэмэгдэх нь тодорхой юм. Энэ зорилгын хүрээнд бид Австралид очиж, хамтын ажиллагааны суурийг бататгах зэрэг бодит алхмуудыг хийж байна. Хөтөлбөрийн нийцэл, хэрэгжилт дээр олон улсын туршлагатай, чадварлаг баг ажиллаж байгаа учраас сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.
–Тавдугаар сарын 10-нд зохион байгуулагдах англи хэлний олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–Манай сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай боловсролын байгууллага учраас энэ жил анх удаа англи хэлний олимпиадыг санаачлан, Монгол Улсын хэмжээнд нээлттэй байдлаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн олимпиадад 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох бөгөөд бусад олимпиадуудаас ялгарах нэг онцлог нь шагналын сан юм. Тодруулбал, энэхүү олимпиад нь 15 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдаж байгаа нь Монгол Улсад англи хэлний чиглэлээр зохиогдож буй хамгийн өндөр шагналтай уралдаануудын нэг болж байгаа.
Олимпиадын гол зорилго нь сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг үнэлэхээс гадна тэдний суралцах чадвар, амжилтыг бодитоор үнэлж, эцэг эх, гэр бүлд нь энэ үнэлэмжийг мэдрүүлэхэд оршиж байгаа юм. Одоогоор 350 гаруй сурагч олимпиадад бүртгүүлсэн байна. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах, төрөл болон шатлалуудын хувьд илүү өргөн хүрээнд өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Олимпиадад оролцохоор бүртгүүлсэн бүх сурагчдадаа амжилт хүсье гэж хэлмээр байна.