Монголд анх удаа зохион байгуулсан "Цемент экспо" арга хэмжээний үеэр эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханаас барилгын салбарын хөгжил, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Энэ онд барилгын салбарын өсөлт цаашид ер нь хэр байхаар ажиглагдаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд экспортод гаргахын тулд үйлдвэрлэгчид юунд анхаарах шаардлагатай вэ?
-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангах хэд хэдэн нөхцөлүүд байгаа. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалт юм. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр 14 мега төсөл хэрэгжих боломжгүй. Түүнчлэн, 14 мега төсөлгүйгээр барилгын салбарын хөгжих бас боломжгүй. Энэ том төслүүдийг дагаад барилгын салбар өргөжин тэлнэ. Тиймээс энэ бүхнийг хийхийн тулд бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Яагаад гэвэл мега төсөл болгон бараг л 2 их наяд төгрөгийнх байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалт татахгүйгээр өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн байдал сайжрахгүй гэдэг нь тодорхой болсон. Өмнө жил 80 сая тонн нүүрс гаргаж байсан бол энэ жил 60 сая тонныг л гаргах юм шиг байна. Үнэ нь унаад л байгаа. Ийм нөхцөл байдалд хүн болгоны амьдралд хүнд тусна. Бараа, бүтээгдэхүүн үнэтэй болно. Энэ төр засгийн ажил биш. Бараа, бүтээгдэхүүн үнэтэй болж байгаагийн гол шалтгаан бол импорт нь экспортоос эрс зөрүүтэй болж эхэлсэнтэй холбоотой. Ийм нөхцөл байдалд улс орон улам өртэй болно. Өртэй болох өөр нэг шалтгаан нь орох, гарах мөнгө нь багасахаар төсөв багасаад төсвийн орлого нь буурсан. Харин зардал нь хэвээрээ байгаа. Ийм нөхцөл байдалд бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хичээх биш, эсрэгээрээ хөрөнгө оруулагчдыг хөөгөөд, зодоод байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй бол бүгдээрээ маш их ядуурна гэдгийг л сайн ойлгомоор байна. Үүнийг хамгийн бодитойгоор тусгаж гарч ирэх салбар бол барилгын салбар. Тийм учраас энэ барилгын салбарын суурь нь цемент. Энэ үйлдвэрлэлээ зөв авч явахгүй, ухаалгаар хандахгүй бол бид хөрөнгө оруулагчдыг зодож дэлхийн шившиг болоод байна.