Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

М.Буянбадрах: АМНАТ-ийг Ашигт малтмалын хуулиас тусдаа бие даасан төлбөрийн хууль болгох цаг нь болсон

М.Буянбадрах: АМНАТ-ийг Ашигт малтмалын хуулиас тусдаа бие даасан төлбөрийн хууль болгох цаг нь болсон
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.
-АМНАТ-ийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Газрын доорхи ашигт малтмал бол Төрийн нийтийн өмч. Түүнийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлоод АМНАТ заавал төлөх үүрэгтэй.
Ашигт малтмалын хууль анх 1994 батлагдаад 1996, 2006 онд  томоохон өөрчлөлт, түүнээс хойш маш олон нэмэлт, өөрчлөлт орсон. АМНАТ-ийн дэлхий нийтийн жишигт нийцдэг зарчимд 2019 оны гуравдугаар сард гэнэт өөрчлөлт орж өр, маргаан үүсдэг болсон. Энэ өөрчлөлт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар орж унаад УИХ тухайн оны арваннэгдүгээр сард маш хариуцлагагүй өөрчлөлт оруулсан. Тодруулбал, УИХ хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулаад өмнөх шатанд төлсөн төлбөрийг хасдаг хуулийг баталсан. Энэ хуулийн уршгаар ашигт малтмал олборлодоггүй нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд АМНАТ-ийн өрөнд орж бүгд хаалгаа барисан. “Төрийн нийтийн өмч”-өөс АМНАТ нь төлөгдөөд “хувийн өмч” болсон байхад “royalty” буюу зөвшөөрлийн төлбөрийг ногдуулж байгаад гадаадынхан их гайхдаг.   
-Тухайн үеийн Сангийн сайд өмнөх шатанд төлсөн АМНАТ-ийг хасч өгөөд давхардалгүй болгосон гэж гишүүдэд ойлгуулаад хуулийг батлуулсан. Зөв байсан уу?
-Буруу. АМНАТ бол үйлдвэрлэлийн үе шат болгонд төлдөг хэрэглээний татвар НӨАТ биш зөвшөөрлийн төлбөр. Дэлхийн бүх оронд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ буюу “royalty”-г нэг удаа төлдөг. Ямар хувь хэмжээгээр төлбөр төлөх нь улс бүрийн хуулиар зохицуулагддаг. Олборлогчоос хүдэр, баяжмалыг АМНАТ төлөгдсөн үнээр худалдаж аваад өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход дахин АМНАТ ногдуулдаггүй. Зөв замаар явж байснаа 2019 онд гэнэт хуулиа өөрчилснөөс болоод маш их хөрөнгө оруулалт хийж, орон нутагт ажлын байр бий болгож, 10 гаруй төрлийн татвар, төлбөр, хураамж төлж, валютын нэмэлт орлого олж байсан компаниудаа татварын буруу бодлогоос болж дампууруулсан. Агуулга багатай 1тн төмрийн хүдэрт ногдох АМНАТ 1.5$ /НӨАТ 3$/ баяжуулаад баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход жишиг үнээр тооцоод 6.2$ АМНАТ бол зөрүү 4.7$ баяжуулах үйлдвэр төлдөг болгосон. Энэ нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулсны торгууль юм уу. Үйлдвэрлэл явуулахад тээвэр, цалин хөлс, цахилгаан, шатахуун гэх мэт 30 орчим төрлийн зардлууд гарна.    
-Яагаад татварын буруу бодлого гэж?
-Сангийн яам төсвийн орлогоо хялбар бүрдүүлэхийн тулд бусад оронд байдаггүй татварын буруу тогтолцоог Уул уурхайн яамны сайдынхаа саналыг үл тоон УИХ-ын гишүүдэд буруу тайлбар өгч батлуулсан. Сангийн яамыг АМНАТ-ийн алдаагаа засахыг гадаадын хөрөнгө оруулагчид, Европын сэргээн босголт банкныхан, манай байгууллагын гишүүд хангалттай олон удаа шүүмжилсэн. Өнөөг хүртэл алдаагаа зассангүй. Үр дүнд нь 1500 гаруй хүн ажилгүй болсон. Энэ зөв бодлого биш нь батлагдсан.     
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Татварын реформ” хийх, “Татварын дарамт”-ыг бууруулах талаар нилээд олон удаа ярисан. АМНАТ чинь жинхэнэ дарамт юм биш үү?
-НӨАТ, НДШ-ийн дарамт бүх компаниудад хүндрэл учруулаад байгааг зөв оновчтой шийдэх цаг нь болсон.
АМНАТ-ийн тухайд бол нэг удаа заавал төлөх ёстойг дахин дурдъя. Гэхдээ авч буй арга хэлбэрээ өөрчлөх цаг болсон. Авах ёсгүй этгээдээс, олоогүй орлогоос нь, зараагүй металлаас нь АМНАТ авах чинь жинхэнэ татварын дарамт болоод байна. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалт, энэ чиглэлийн мега төслүүдийн үйлдвэрийн хөгжил, гадаадаын хөрөнгө оруулалт энэ төлбөрийн хуультай салшгүй холбоотой. Ашигт малтмалын хуулиас тусдаа бие даасан төлбөрийн хууль болгох цаг нь болсон.   
-Нүүрс, төмрийн хүдрийн ханш унасаар байна, уналт хэдийд дуусах бол. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний ач холбогдол газрын ховор металлын талаар тодруулж яриач?
-Том гүрнүүдийн худалдааны асуудлуудаас шалтгаалан нэлээд урт хугацаанд манай төсвийн орлогын эх үүсвэр болох нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөх магадлал маш бага харагдаж байна.
Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд 2019 оноос эхлэн АМНАТ ногдуулаагүй байсан бол нүүрснээс хагас кокс, металлургийн кокс, агуулга багатай төмрийн хүдрээс хорголжин, ширэм, агуулга багатай жоншны хүдрээс баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго биелж эхлэх байсан. Агуулга багатай жоншны хүдэр 4 вагон = 1 вагон жоншны баяжмал. Жоншны хүдрээ шороотой чигээр нь эксплотлосоор байгаа зөв юм уу? Газрын ховор элемент дээр хамтарч ажиллая гэж гадаадад явсан дарга болгон дуугардаг болсон. Тэр чухал ашигт малтмалын ганц ордоо хайгуул ч хийлгэхгүй гацаагаад зогсоогоод байгаа нь маш харамсалтай. Ашиглаад эхэллээ гэж бодоход АМНАТ ногдуулах эрх зүйн орчин маш ойлгомжгүй тул маргаан дагуулахаар, техник, технологийн чухал онцлогтой баяжуулах үйлдвэрийг орд эзэмшигч байгуулж чадах уу гэсэн хүндрэлтэй асуудлууд олон байна.
-Одоо маргаан дагуулж буй ямар асуудлууд байгаа вэ?
-Ашигт малтмал одоо экспортлож буй компаниудад 3 том хүндрэл байгаа.
Нэгд, “Жишиг үнэ” гэж гэрээний үнээс нь 40-80 хувиар борлуулсан гэж үзээд олоогүй орлогоос нь хүчээр АМНАТ ногдуулдаг үүнээс болж маш олон компаниуд төлж чаддаггүй өртэй болсон.
Хоёрт, “Давхар АМНАТ”, бага агуулгатай хүдрийг НӨАТ-тай, АМНАТ шингэсэн үнээр худалдан аваад баяжуулаад, боловсруулаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг. Нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэлээ дэмждэггүй цорын ганц улс Монгол болоод байна.
Гуравт “Дагалдах металл”-ын асуудал. Төмрийн хүдэр, зэсийн баяжмалд ногдох АМНАТ-ийг экспортолсны дараа төлүүлсний дараа хэдэн сар, жилийн дараа маш багаар агуулагддаг дагалдах металлд лабораторийн дүгнэлтийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулдаг. Маргаан их дагуулдаг эдгээр асуудлуудыг одоо оновчтой шийдэхгүй бол өрийн болон шүүхийн маргаан улам үргэлжлэх болно. 
Алтны борлуулалт, Оюу толгойн зэсийн баяжмал, угаасан нүүрс /тогтворжуулах гэрчилгээтэй/ АМНАТ 5% байдаг шиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшлүүд, мега төсөл хэрэгжүүлэгчдийн АМНАТ-ийг 5% болгох хэрэгтэй. Мега төслүүд хэрэгжүүлнэ гээд байдаг тэд өрсөлдөх чадвар сайтай нөхцөлд тогтвортой ажиллаж хөрөнгө оруулалтаа нөхнө. Мега төслүүд саатвал, зогсвол маш их хохирол үүсэх эрсдэлтэй тул эхнээс нь зөв бодлогоор дэмжих хэрэгтэй.
-Дагалдах металлаас АМНАТ авах зөв үү?
-Монгол-Австралийн АМЕП төсөл зэс, цайр, төмрийн хүдэр дээр маш сайн судалгаа хийж тодорхой зөвлөмж гаргасан Төр засаг ашиглахгүй юм даа. Манай улсын боловсруулах үйлдвэр сайн хөгжсөн бол ядаж Оюу толгойн зэсийн баяжмалаасаа алт, мөнгөний бага ч гэсэн металл авах боломжтой болно. Эрдэнэтийн зэсийн баяжмалаас дагалдах металл авах үр ашиггүй гэж үздэг. Харин төмрийн хүдрээс маш бага хэмжээгээр агуулагддаг дагалдах металлуудыг салгах технологийн  боломжгүй үр ашиггүй гэж үздэг юм билээ.  
-Удахгүй УИХ дээр татварын хуулиудыг хэлэлцэнэ. Танд нэмж хэлэх санал байна уу?
-УИХ “Татварын реформ”-ын хүрээнд АМНАТ-ийн зөв бодлого гаргаасай гэж хүсэж байна. Үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэнэ, ашигт малтмалаа нэмүү өртөг шингээж илүү валют оруулж ирэх, дотооддоо олон ажлын байр бий болгож эдийн засгаа солонгоруулж олон төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжууд нээгдэнэ.
Ашигт малтмалын хууль чинь Монгол Улсын хөгжлийн чигийг харуулах том салбарын суурь хууль шүү дээ. Энэ хуулиа өөрчилсөөр байгаад хөгжлийн гацаа болгоод орхисон. Хайгуулын салбар хоцрогдолд орж шинэ орд, нөөц нэмэгдэхээ больсон, ашиглаж байгаа ордуудын нөөц багассаар, орон нутагт уул уурхайн салбарын өгөөж муу болсон. Сүүлийн зургаан жил энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх жагсаалтад оруулдаг боловч Засгийн газраас өргөн барихгүйгээс хойшлогдсоор ирсэн.  ГХО орж ирэх эсэх, хайгуулын салбар сэргэх үү, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд сэргэх үү шинээр баригдах уу, ажлын байр, валютын болон татварын орлого нэмэгдэх үү гэдэг олон хүлээлтийг үүсгэсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн