Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Уоррен Баффеттын цаг үеэ олсон хөрөнгө оруулалтын зөвлөгөөнүүд

Уоррен Баффеттын цаг үеэ олсон хөрөнгө оруулалтын зөвлөгөөнүүд
Нийтэлсэн 5 минутын өмнө
Өнгөрсөн бямба гарагт болсон “Berkshire Hathaway”-ийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Уоррен Баффетт олон нийтэд дахин нэг удаа хөрөнгө оруулалт, амьдралын талаар ухаалаг зөвлөгөөгөө өглөө.
Тэрээр 4 цаг 30 минутын турш хүмүүсийн асуултад хариулж, бизнес, улс төрийн өргөн хүрээний сэдвээр байр сууриа илэрхийлсэн юм.
Уоррен Баффеттын залуу хөрөнгө оруулагчдад өгсөн зөвлөгөө
Уоррен Баффетт залуу хөрөнгө оруулагчдад хандан нэг чухал зөвлөгөө өгсөн юм. Түүний хэлснээр амжилтад хүрэх түлхүүр бол өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлэх, дуртай ажлаа хийх аж.
Тэрээр “Таны өсч бойжсон орчин, найзууд, хамт олноо хэрхэн сонгосон нь ирээдүйн тань эдийн засагт шууд нөлөөлнө. Амьдрал тань танилын хүрээллээ дагаж хөгждөг” гэжээ.
Түүний зөвлөгөөгөөр:
  • Өөрөөс тань дээр хүмүүсийн дунд бай
  • Сайн зан чанартай хүмүүсээр хүрээлүүл (найрсаг, тэвчээртэй, тайван зан)
  • Амьдралын хамтрагчаа зөв сонгох нь санхүүгийн ирээдүйд хүртэл нөлөөлнө.
Баффетт “Тантай ойр байх хүмүүс хэн бэ гэдэг нь маш чухал. Таны амьдралын чиглэл хамт ажилладаг, биширдэг, найз болдог хүмүүсийнхээ ерөнхий чиглэл рүү л явах болно” гэдгийг онцолсон юм.
Баффетт мөн залууст хандан мөнгө хэрэггүй байсан ч хийхийг хүсэх тийм ажлыг сонго гэж зөвлөв.
“Амьдралд яг үнэндээ хайж байгаа зүйл чинь мөнгө хэрэггүй байсан ч хийсээр байх хэмжээний дуртай ажил л байх ёстой. Би өөрөө ийм ажлыг маш удаан хугацаанд хийж ирсэн" гэж Баффетт хэлэв.
Гэвч мөнгө эсвэл бусдаар бишрүүлэхийг хүсэх нь зөв зам биш гэдгийг тэр анхаарууллаа. Тэрээр “Таныг буруу зүйл хийхийг шаардаж байгаа хүмүүс эсвэл байгууллагуудтай хамт байх хэрэггүй” гэж зөвлөжээ.
Нэгэн залуу түүнээс амьдралын саад бэрхшээлийг хэрхэн даван туулж ирсэн тухай асуухад Баффетт дараах хариултыг өгсөн юм.
“Сайн сайхан зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Муу зүйлс болдог нь үнэн, гэхдээ муу зүйл тохиолдсон ч гэсэн амьдрал гайхамшигтай байж болно.”
undefined
Зах зээлийн хэлбэлзэл түүнийг айлгадаггүй
Баффетт зах зээлийн сүүлийн өдрүүдийн савлагааг тоохгүй байгаагаа илэрхийлсэн. Тарифын нөлөөгөөр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг хэлсэн ч сүүлийн хэдэн долоо хоногийн савлагаа бол “юу ч биш” гэжээ.
“Сүүлийн 30–45 хоногт болсон зүйлс үнэхээр яриад ч хэрэггүй жижиг зүйлс” гэж Баффетт онцолсон.
Тэрээр “Хэрвээ Berkshire-ийн хувьцаа ирэх долоо хоногт 50 хувь унавал би үүнийг гайхалтай боломж гэж үзнэ. Миний сэтгэлд огтхон ч дарамт үүсгэхгүй. Ихэнх хүн өөрөөр хүлээж авдаг. Надад сэтгэл хөдлөл бий, гэхдээ хувьцааны үнийн тухайд бол биш” гэжээ.
Түүний хувьд хөрөнгийн зах зээл дээрх хэлбэлзлийг боломж болгон хардаг бөгөөд бусдын айдас, сандралд автдаггүй нь амжилтынх нь нэг түлхүүр юм.
Сэтгэлзүй ба санхүү: Бидний хамгийн том дайсан бол бид өөрсдөө
Судалгаануудаас харахад хүмүүс дарамт, айдас, стрессийн үед хамгийн муу шийдвэрүүдийг гаргадаг. Үнэндээ бидний оюун ухаан тэр агшинд урт хугацааны логик тооцоолол хийх чадвараа алддаг.
Санхүүгийн шийдвэр гаргах үед бид дараах сэтгэлзүйн алдаа гаргах нь элбэг. Үүнд:
  • Сүргийн сэтгэлгээ: Бусад хүн юу хийж байгааг хараад дагах
  • Хэт итгэлтэй байдал: Зах зээл үргэлж сайн байх мэт бодох
  • Алдагдлаас зайлсхийх: Ашиг алдахаас айж хэт болгоомжтой хандах
Уоррен Баффетт эдгээр алдааг ухамсарлаж, тэвчээртэй байж, өөртөө хатуу зорилго тавих, хөрөнгөө төрөлжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг нь амжилтад хүрэх чухал арга замууд гэж онцолж байв.
Баффетт татварын бодлогыг шүүмжилдэг хэвээрээ
Баффетт импортын тарифын тухай байр сууриа дахин илэрхийлж, энэ удаа илүү шууд, тодорхой мэдэгдэл хийлээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өндөр тарифын төлөвлөгөө эдийн засгийг уналтад хүргэж магадгүй гэсэн болгоомжлолын дунд тэр энэ байр сууриа илэрхийлжээ.
“Худалдаа зэвсэг байх ёсгүй” гэж Баффетт онцлон хэлэв. “Бусад улс орнууд хөгжин дэвжих тусам бид ч мөн адил хөгжинө. Ингэснээр бидний болон бидний үр хүүхдүүдийн амьдрал аюулгүй, илүү сайн болох юм” гэжээ.
Тэрбээр худалдаа, тарифыг "дайнтай дүйцэхүйц үйлдэл" гэж нэрлээд, АНУ бусад орнуудтай хамтран ажиллаж, тэднийг чаддаг зүйлээ хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй гэв.
Тэр Америкийн онцлогт итгэдэг
Трампын тарифын бодлого нь АНУ-ын дэлхийн эдийн засаг дахь тэргүүлэх байр суурийг эргэлзээнд оруулж байгаа ч Баффетт Америкийг ирээдүйд ч тэргүүлнэ гэдэгт итгэдэг хэвээр аж.
“Бид эдийн засгийн хямрал, дэлхийн дайнууд, атомын бөмбөгийн хөгжлийг даван туулсан. Иймээс бүх асуудлыг шийдэж амжаагүй байгаа нь намайг сэтгэлээр унагахгүй” гэж Баффетт хэлэв. “Хэрвээ би өнөөдөр төрөх гэж байгаа бол, АНУ-д төрөх болзол тавьтал гэдсэн дотроо хэлэлцээр хийгээд хэвтэж байх байсан” хэмээн хошигножээ.
Дэлхий хэзээ ч тогтвортой байсан удаагүй. Их хямрал, эдийн засгийн уналт, дайн, тахал, геополитикийн өөрчлөлтүүд ээлж дараалан ирсээр л байна. Гэвч Баффеттын хэлснээр бид өөрсдийнхөө амьдралд хариуцлагатай хандсан цагт, урт хугацаанд хөрөнгө оруулж, айдас ба шуналтай ухаалгаар тэмцэж чадвал ялагч болж чадах юм.

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн