Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хамгийн гол нь хуваах гэдэг дээр ач холбогдол өгөх биш засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутаар хүргэе гэдэг үндсэн зорилготой байгаа. Одоогоор 14 хот болгож хуваах хил зааг ч эцэслэгдэж тогтоогүй. Засгийн газрын өргөн барьснаар УИХ-аар шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаа. Одоогийн байдлаар өргөн барьсан зүйл байхгүй байна. Гэхдээ хотыг хэд хуваах нь биш 20 минутын дотор гараад л сургууль, цэцэрлэг, эмийн сан нь байж байдаг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд л бид анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа. Цаашид ч энэ байр суурин дээр байна.
Хот байгуулалтын салбарын тухайд дэд бүтэц бэлэн болсны дараа гэвэл өрөөсгөл ойлголт. Аль алиныг нь зэрэг хэрэгжүүлээд явах боломжтой. Хот гэдэг статус Үндсэн хууль дээр бий. Тиймээс Үндсэн хуулиа дагаад л явж байгаа. Зөрчилдсөн зүйл байхгүй. Аймгийн төвүүд хот болох ёстой. Үүн дээр би санал нэг байгаа. Яагаад гэхээр аймгийн төв дээр очихоор сумын Засаг дарга байдаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бас байдаг. Хэн нь ямар үүрэг хүлээгээд байгаа нь тодорхой бус байдаг. Үүнийг тодорхой болгож, хот суурин газрын төрийн үйлчилгээг оновчтой хүргэе гэдэг зорилт байгаад байгаа.
Урсгал зардал нь багасахаар төлөвлөж байна. Нийслэлд 200 гаруй хороо бий. Хорооны үзүүлдэг үйлчилгээний 87 хувь нь E Mongolia систем рүү шилжсэн. Тэгэхээр хорооны байрт 10-20 төрийн үйлчилгээний ажилтан байх шаардлагатай юу, үгүй юү. Эсрэгээрээ хүн хүч дутагдаад байгаа боловсролын, эрүүл мэндийн салбар байна. Иймд эдгээрт үйлчилгээгээ илүү хангамжтай байлгах, хүртээмжийг нь дээшлүүлэх дээр төвлөрөөд явах ёстой. Тэгэхээр төрийн процессыг дахин инженерчлэх буюу оновчтой болгох ажлыг ажлыг хийгээд байгаа гэсэн үг.
Энэхүү 14 хот дээр гол төвлөрч хийх гэж зорьж буй зүйл нь дэд төвүүдийг бий болгох юм. Сэлбэ, Амгалан, Толгойт, Дамбадаржаа гэсэн газрын дэд бүтцийг барья гэж байгаа. Хотыг тэлэх гэж манайхан өрөөсгөл, буруу хандлагатай зүйл хэлээд байдаг. Бид дэд бүтцээ тэлэх ёстой. Хотын газар нутгийг тэлээд байвал гэр, суурин газар буюу дэд бүтэцгүй хот улам тэлээд байна гэсэн үг. Ийм дэд бүтцээ тэлэх дээр төвлөрөөд төр ажлаа хийх ёстой гэж бодож байна.